ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК хууль бусаар барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна
Худалдаа хөгжлийн банкны өргөтгөлийн барилга маргаан дагуулаад бараг дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна. Ойролцоох аж ахуйн нэгж, музей, орон сууцны оршин суугчдыг бухимдуулсан энэхүү барилгын талаар олон хүмүүс холбогдох газарт нь гомдол удаа дараа гаргасан ч өнөөдрийг хүртэл бодитой арга хэмжээ аваагүй, харин барилгын ажил нь үргэлжилсээр байгаа аж. Худалдаа хөгжлийн банкны өргөтгөлийн барилга 28 давхар бөгөөд доошоо гурван давхар Монгол Улсын хамгийн өндөр барилга болохоор төлөвлөгдөж байгаа нь сайшаалтай ч бусдын эрх ашгийг дэндүү их хөндөж байгаа учир НЗДТГ, БХБЯ, МХЕГ зэрэг бүхий л шатны байгууллагад өөрсдийн гомдол саналаа илэрхийлж хууль бус хэд хэдэн шалтгааныг нь баримттайгаар хүргүүлжээ. Энэ гомдлын дагуу Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тус банкинд хандан барилгын ажлаа зогсоохыг шаардсан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл нууцаар барилгын ажил явагдсаар байгаа тул өнөөдөр МАКС групп, барилгын орчмын 14 дүгээр хорооны оршин суугчид, Дүрслэх урлагийн музей, “Гацуурт” ХХК-ийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, хууль бусаар баригдаж байгаа гэдгийг нь нотлох баримтуудыг дэлгэлээ.
Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэн Д.Цэдэнбалжир ”Бид барилгыг бариулахгүй гээд эсэргүүцээд байгаа юм биш. Хамгийн гол нь авсан талбайн хэмжээнийхээ дагуу стандартын шаардлага хангасан гэсэн хууль ёсны бичиг баримтаа үзүүлээд барилгаа барь л гэж шаардаж байгаа юм. Худалдаа хөгжлийн банкныхан авсан талбайгаа түрж, нийтийн эзэмшлийн талбайд халдан барилгын ажлаа эхлүүлсэн нь барилгын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан дүрэм, журмыг зөрчсөн. Мөн явган хүний гарц хааж хашаа барьсан зэрэг олон хууль зөрчсөн зүйл хийж байна. Өнгөрсөн долдугаар сард шөнийн цагаар олон тооны бөх залуучуудаар хүч түрэн дайрч оршин суугчдын эд хогшил, эрүүл мэндэд хохирол учруулан нийтийн эзэмшилд байсан хэсгийг өөрсдийн болгосон. Энэ мэтээр олон хууль зөрчсөн үйлдэл бодитоор хийгээд байхад төр засаг, хууль хяналтын байгууллага нь яаж ч чадахгүй өдийг хүртэл харж суусаар байгаад би харамсаж байна. Худалдаа хөгжлийн банкны барилга нь орон сууцнаас ердөө хоёрхон метр зайтай байгаа нь хуульд нийцсэн зүйл мөн үү. Энэ барилга доошоо гурван давхар баригдахаар төлөвлөсөн гэсэн. Муугаар бодоход хөрсний нуралт үүсэх асар өндөр магадлалтай. Нэг байгууллагын хууль зөрчсөн үйлдлээс болж олон зуун хүн орох оронгүй болж, амь насаа алдахад хүрвэл хэн хариуцах вэ. Мөн оршин суугчдын байрны цонхоор үзэгдэх орчинг хязгаарлах зэрэг хүндрэл үүснэ.
Мөн тус барилгын ажил явагдаж байгаа хэсгийн урдхан талд “Макс” групп өөрсдийн санаачилгаар тохижуулж янзалсан бохирын шугам байдаг хэсгийг дур мэдэн сүйтгэж эргэн хэвэнд нь оруулалгүй хаясан. Оршин суугчид болон эргэн тойрондох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамгийн гол зүйл болох “ Нарийвчилсан үнэлгээ даруй хийлгэ” гэсэн шаардлага л тавьж байгаа. Түүнээс барилгын ажлыг зогсоох гэж улайрсандаа биш гэдгийг дуу нэгтээ хэлж байна гэв.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хуулийн зөвлөх Т.Энхбаяр: ”Түүх, соёлын дурсгалт зүйл нь төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэр дагуу Засгийн газраас түүх, соёлын дурсгалт зүйлсийн жагсаалт гаргадаг. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей бол төрийн хамгаалалтад байдаг онцгой обьект. Яагаад онцгой вэ гэвэл энэ музейн барилга нь Улаанбаатар хотын Европ загварын хамгийн анхны хоёр давхар байшин. 100 гаруй жилийн түүхтэй. Өндөр хоршоо гэж нэрлэгдэж түүхэнд үлдсэн чулуун барилга. Олон зуун жилийн өмнөх маш чухал эд зүйл энд хадгалагдаж байна. Хэдэн жилийн өмнө хуучин барилгаа нураахад маш их хэмжээний тоос шороо үүссэн. Тэр үед музейн хадгалагдаж байсан үнэт, ховор үзмэрүүд тоос шороонд дарагдаж, хадгалалтад нөлөөлөх гэх мэт олон хүндрэл гарсан ч чимээгүй өнгөрсөн. Музейн барилга эртнийх гэдгийг мартаж болохгүй. Барилгын ажил эхлүүлж суурийн өмнөх өрөмдлөг хийхэд л музейн барилга чичрэн доргилт үүссэн. Бид Худалдаа хөгжлийн банкны холбогдох хүмүүсд өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс л эхэлж хүсэлт тавьсан. Ажлын хэсэг гаргаад музейн нөхцөл байдал ямар байгааг хар, судал, танилц. Ямар эрсдэл үүсэх вэ гэдгийг тооцоолоод эрсдэлийн үнэлгээ хийлгээд тэгсэн цагтаа барилгын ажлаа эхлүүл гэж хэлсэн. Бидэнд одоог хүртэл ямар нэгэн хариу ирээгүй байна. Монгол Улсад хууль гэж байдаг бол хуулиа баримтлахыг бид шаардаж байна” гэв.
Олон сарын турш хэл амтай байгаа Худалдаа хөгжлийн банкны өргөтгөлийн барилгын ажил хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон ч өнөөдрийг хүртэл эргэн тойрны нөхцөл байдал, үүсч болзошгүй хор хохирлыг үл харгалзан барилгын ажлаа үргэлжлүүлсээр. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болох өдөр ирэх вий. Хууль зөрчсөн энэ мэт ажилд үнэхээр арга хэмжээ авах байгууллага байдаггүй юм уу, эсвэл мөнгөтэй хүний өмнө төр, төрийн байгууллагууд хүчгүй болсон юм уу? Жирийн нэг ТҮЦ-тэй иргэнийг зодож, хүч хэрэглэн ТҮЦ-тэй нь ачаад явж байсан гэдгийг бид бүхэн мэднэ. Харин мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгний хашаагаар нь ч оролдож чадахгүй, холбогдох байгууллагууд нь бид мэдэгдлээ хүргүүлсэн бидний үгийг авахгүй байна гээд сууж байна гэх юм. Хурал зохион байгуулагчид хотынхоо өнгө үзэмжид хувь нэмэр оруулах сайхан барилга сүндэрлэхийг эсэргүүцээгүй. Харин хууль зөрчин, мэргэжлийн байгууллагын олгосон зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж, ард иргэдийн аюулгүй амьдрах орчин, эрүүл мэндэд хор хөнөөл учруулах ажил хийж буйг нь эсэргүүцэж байгаа аж.
http://news.zindaa.mn/2gmd
URL: