Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын үнэтэй байшинг хураахаар болов
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэхэмжлэлтэй, Л.Пүрэвбаатарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь хариуцагч Л.Пүрэвбаатарт холбогдуулан, Замын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь эзэмшүүлж байсан нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж, хариуцагч Л.Пүрэвбаатар нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан аж.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Пүрэвбаатарын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших орон сууцыг шилжүүлэхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгаж, Л.Пүрэвбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
http://www.sonin.mn/news/politics-economy/95470
URL: