Уул уурхайн амьдрал он солигдохоос өмнө ийм байв

Он улирахад цөөн хоног үлдлээ. Он солигдохоос өмнөх долоо хоногт монголчууд бид юу хийдэг билээ. Алдаа оноогоо дүгнэж, амжилт гаргасныг сайшааж өнгөрдөг. Оны онцлох хүн, онцлох үйл явдал хэмээгчийг тодруулахаа ч хэвлэлийнхэн мартдаггүй. Одоо ч гэсэн онцлох үйл явдлуудаа нэрлээд эхэлчихэж. Тэгвэл 2008, 2009, 2010 оны өдийд бид юуг онцлох үйл явдал хэмээж байсан юм бол? Товчхон сөхөх гээд оролдьё. 2008 оны арванхоёрдугаар сар. Сонгуулийн жил байсан тул олон асуудлыг онцолсон шинэ жилтэй золгосон. Улс төр, нийгмийн амьдралд цочрол өгсөн “Долдугаар сарын 1-ний үйл явдал” тэр жил тохиосон юм. Одоо ч энэ үйл явдлын гомдол тайлагдаагүй тул уучлал энэ тэр гэж хаа хаанаа дүлэгнэж байна. Тиймээс дахин дахин онцлоод байхад гэмгүй болов уу. Уг үйл явдлын сурвалж нь сонгууль байсан гэдгийг бид сайн мэднэ. Тэрхүү сонгуулийн дараа хоёр нам эвсэж Ерөнхий сайдаар С.Баяр сонгогдоход одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцаараа эсэргүүцэж, гараа өргөж байсан санагдана. Үүнийг ч бас онцолж байжээ. Мөн онд 2009 оны төсөв хоёр их наяд гаруй төгрөг болж буй талаар ярьж байсан үе. Тухайн үед Оюутолгой, Таван толгой, Төмөртэйн ордуудад болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станц, тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2009 онд эхлүүлнэ хэмээн ид тунхаглаж байсан юм. Өнөөдөр тэгвэл энэ цахилгаан станц нь байгаа бил үү. Энд нэг зүйлийг онцлоход тэр жил Оюутолгойн талаарх албан ёсны гэрээ, хэлэлцээр, үйлдлүүд ид гацаанд орж, манай улс уул уурхайн хөрөнгө оруулалтын орчноороо дэлхийд сүүлээсээ гуравт жагсахад хүрч байсан юм. Дээр нь зэс, алтны үнэ огцом унаж билээ. 2008 оноос хойшхи уул уурхайн зарим үйл явдлыг эргэн сануулах гээд байгаа минь цаанаа учиртай. Дээхнэ үеийн нэгэн хошин шоу тоглолтод үзүүлснээр Амбий хүүхэд байхдаа радионы дэргэд унтсаар байгаад “Интернационал” гэж хэлдэг болчихсон байдаг. Түүний адилаар сүүлийн хоёрхон жилийн хугацаанд “Уул уурхай бол урагшлах ганц зам” гэх утгатай үг, өгүүлбэр сонсож дөжирсөндөө өнөөдөр ийнхүү тоймлох сэдэл төрсөн юм. 2009 онд Оюутолгой мөн л оны луйвраараа дуудуулав. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилсөн нь гадныханд зориулж хийсэн үйлдэл болжээ. Гол нь ямар ч техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан хэмээж байв. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль мөн тухайн оны онцлууштай үйл явдлуудын нэг байжээ. Тэр жилийн наадмын дараахан уг хууль үнэхээр Монгол Улсыг гэгээрүүлж, ногооруулах гавьяатай хэмээгдэж байсан. Улмаар хуулийг дагаж мөрдөх тухай журам, хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэн нэгэн хэн нэгэндээ даалгасан үйлдлүүд ар араасаа гарч байв. Оюутолгой өнөөдрийг хүртэл олны анхааралд байгаачлан урт нэртэй хууль ч мөн ийм байдалтайгаар 2011 он улирч байна. Мөн 2009 оны 11 дүгээр сар хэлбийж 12 дугаар сар эхлэн, шинэ жилийн уур амьсгал орохтой зэрэгцэж ирэх оныхоо төсвийг хэлэлцсэн. Мөн хүний хөгжлийг эсрэг хэмээн хэлүүлж буй Хүний хөгжил сангийн тухай ч тэр үед ярьж байсан билээ. Өмнөх жилийнхээс ялгаатай тал нь “Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх орлогоор цахилгаан станц, орон сууц, хүүхдийн цэцэрлэг барина” гэж яриагүй юм. Учир нь стратегийн ордуудын талаар болгоомжтой ярих ёстой юм байна гэсэн ойлголт манай парламентийнханд хэдийнэ суужээ. Мөн нөхөн сонгуулиар ЭБЭХ-ий сайд Д.Зоригт гарч ирсэн санагдана. Д.Зоригт л ганцаараа Оюутолгой ярьж байв. Тэр жил дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг 5800 ам.доллараар тооцож хэтэвчээ бэлдэж байсан үе байсныг өнөөдөр ч эдийн засагчид дурсдаг юм. Үүнээс гадна хоёр ч банкаа дампуурчихсан шинэ оноо тэмдэглэхээр догдолж суужээ, бид. Ирэх жил нь буюу өнгөрсөн 2010 оны 12 дугаар сард монголчуудын ирээдүйн талаарх төсөөлөл арай гэгээлэг болж ирсэн юм. Хүний хөгжлийн мөнгө авснаараа тэгсэн юм биш. Өнөөх стратегийн ордуудын талаар сүржин тайлбар хийж, нийтээр нь эмзэглүүлэх үйлдэл багассан гэх үү дээ. Ирэх оныхоо төсөвт ихэд баясаж, эдийн засгийн өсөлтөөрөө их гүрнүүдтэй зиндаархах ухааны юм ярьж байлаа. Засгийн газар Монголд уул уурхайн хоёр дахь том төслийг хэрэгжүүлэхээр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлуулсан юм. Энэ үйл явдал Засгийн газрын тэргүүнийг оны онцлох хүн болгож байв. Монголоор нэг “People” сэтгүүлийнхэн байгаа мэт сэдэл төрүүлж асуудал, үйл явдлыг бус хэн нэгэн улстөрчийг онцолж байсан юм. Энд мэдээж экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр багтана. Стратегийн ордуудын талаар зурагтаар ярьж байгаа хүн бүрийг харахаар хэрхэн байж ядаж байгааг нь ойлгомоор он жилүүд өнгөрчээ. Тавантолгой, Оуютолгой монголчуудад эдийн засгийн утгаараа чухал. Харин улстөрчдийн хувьд дээрх ордууд ерөөсөө л улс төрийн талбар хэмээгдэж байв. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл улс төрийн утга агуулга дүүрэн эдийн засаг, төсөв мөнгөний бодлого гэж юу болохыг 2011 онд тэд харуулсан юм. Үүнийг 2011 оны онцлох үйл явдал болгож нэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Т.Есөн-Эрдэнэ time.mn


URL:

Сэтгэгдэл бичих