О.Дашбалбар: Зөрчилт хорвоо

15380156475bac419f1d168Үй түмэн хүнийг би хууран мэхэлж явна .
Үй түмэн хүн намайг хууран мэхэлж явна .
Үй түмэн хүнд би худлаа хэлж явна .
Үй түмэн хүнд би үнэнийг хэлж явна .

Хорвоо дээр би хамгийн цэцэн хүн
Хорвоо дээр би хамгийн тэнэг хүн
Хорвоо дээр би хамгийн үнэн ч хүн
Хорвоо дээр би хамгийн худалч хүн

Үнэн юм яривал үнэмшдэггүй юм , Хүмүүс
Үйлийн үргүй худал хэлбэл үнэмшдэг юм , Тэд !
Үхлийг гэгээн амьдрал гэж боддог
Үүн лүгээ амьдралыг үхэл гэж ойлгодог !

Амьд яваа маань юутай гашуун ,
Алга болох минь юутай баясгалан ,
Хорвоо дээр би хамгийн аймхай амьтан ,
Хотол дунд би хамгийн зоригтой найрагч !

Ертѳнцийн юм бүхэнд зэвүү минь хүрнэ
Ертѳнцийн юм бүхэнд хайр минь хүрнэ .
Аз жаргалаа би зовлон болгож хувиргана .
Аюул зовлонгоо би жаргал болгож чадна .

Нартад би хамгийн их уур хилэнтэй хүн
Нарийн яривал би хамгийн дѳлгѳѳн хүн !
Асар их хүч чадал надад багтаж ядна .
Арчаагүй сул дорой намайг хэн мэднэ ?

Үй түмэн сонгодог шүлэг бичиж чадсан ч ,
Үй түмэн солиотой шүлэг бичиж амжсан !
Үй түмэн зам хорвоод буй ч аврал үнэн ,
Үй түмэн хүн хорвоод амьдравч Будда үнэн !
Үнэн худал хоёрын алтан хилийг би мэднэ
Үлгэр амьдрал хоёрын торгон заагийг би мэднэ .

Хоол идсэн ч би ѳлсѳж байдаг ,
Хоосон хоносон ч би цатгалан явдаг
Хамаг судрыг цээжлэвч , нэг ч мѳр мэдэхгүй
Хамгаас мартамхай гэвч , юуг ч би мартахгүй .
Хангал охидод дурлавч , тэднийг би тоохгүй .
Хайрын аялгууг мэдэвч , хагацлын уйтгар дотно .

Хаврын цэцэг үнэрлэвч , намрын цэцэг илүү
Халуун зунаар цэнгэвч , ѳвлийн хүйтэн таатай .
Хуучин хүн зовлонгоосоо салж үхэх нь таатай.
Хуурамч хорвоод шинэ хүн тѳрѳх нь уйтай…

Нарны халуун ѳдѳр нь ѳвлѳѳс хүйтэнд итгэнэ .
Намрын сэрүүн шѳнѳ зунаас халуунд үнэмшинэ .
Аяа гашуун чинжүү амттай болоод аятайхан ,
Амраг хүүхний уруул хүйтэн болоод зэвүүхэн

Зүүн тийшээ яв гэвэл баруун зүгт гэлдэрнэ .
Зүхэл хараал сонсвол ерѳѳл хэлмээр аядна .
Хорвоо дээр жаргал буйд үнэмшсэнд орвол
Хойноосоо нар мандсанд итгэнэ би …

Нартад Пушкин үхсэн гэвэл эргэлзэнэ би
Надтай цуг Равжаа архидсан гэвэл үнэмшинэ .

Дусал нулимсанд минь гэрэлт инээд тодорно .
Дууны минь аялгуунд гэгээн гуниг нуугдана .
Хѳр цасан дунд ургасан цэцгийг би хайрлаж ,
Хѳхѳѳ ѳвѳл жиргэсэн болжморыг би ѳрѳвдѳнѳ .
Их замын дээрэмчнийг үнэн голоосоо хайрлаж ,
Идэх юм гуйсан шаврайг үзэн ядаж дургүйцнэ .

Тэнгэр минь хѳлийн дунд цэлийж буйд итгэнэ .
Тэртээ дээр минь газар хѳхѳрч буйд үнэмшинэ
Сарьдаг уулсыг би ѳчүүхэн толгод хэмээнэ.
Саруул талын толгодыг халил ѳндѳр гэнэ .

Зѳрж яривал сэтгэл амарч , сѳрж маргавал тайвширна .
Зѳѳлѳн юмыг хатуу гэвэл тэр хүн анд минь болно .
Хэрээг хамгийн сайхан дуучин шувуу гэвэл баярлана .
Хээрийн боохойг хамгийн дотно нѳхѳр гэвэл үнэмшинэ .

Үхэлд би итгэнэ , амьдралд би дургүйцнэ .
Үүр цайхад уурлана , шѳнѳ болоход баярлана .
Түрүүлсэн моринд биш , хоцорсонд нь хайртай .
Түмэн хүний дундаас хамгийн мууд нь дуртай .

Алтан шумуул жүнгэнэх нь арслан хүрхрэхээс аймшиг ,
Аялгуут хийл уянгалах нь хаалга хяхтнахаас муухай !
Улаан сахиусны Дашбалбарын учрыг олох хэцүү ,
Уйтгарт хорвоогийн найран дээр удтал согтуурах янзтай !

1997-03-08


URL:

Сэтгэгдэл бичих