ХЯТАДААР ДӨТЛӨХ ҮҮ, ОРОСООР ТОЙРОХ УУ
Хуанхуа болон Тьянжин
Эхлээд хамгийн дөтөөр нь Тавантолгойн ордоос 1600 км-ээр алслагдах Хуанхуа боомт хийгээд Тьянжиныг авч үзье. Одоогийн нөхцөлд БНХАУ-ын дээрх хоёр боомтоос хамгийн боломжтой хувилбар бол Тьянжин. Тус боомт Тавантолгойн ордоос 1675 км-ийн зайтай. Өнгөрсөн оноос Дорноговь аймгийн Олон-Овоо өртөөнөөс Тьянжин хүртэл туршилтаар нүүрс тээвэрлэж эхэлсэн. Олон-Овоо өртөөнөөс хөдөлсөн галт тэрэг 4-5 хоногийн дараа Тьяньжин боомтод хүрч байгаа. Тэгвэл Тавантолгойн ордоос Сайншанд хүрэх 450 км төмөр зам ашиглалтад орж байж нүүрсээ Тьяньжин боомтод хүргэж чадна. Энэ чиглэлийн төмөр замыг төслийг 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгасан ч хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн. Харин Хуанхуа боомтод хүрэхийн тулд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг ашиглалтад оруулах шаардлагатай. Ингэснээр БНХАУ-аас манайд үзүүлэх тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болно. БНХАУ-ын дарга 2014 онд манай улсад айлчлах үеэр хоёр улсын хооронд зам тээврийн салбарын дөрвөн баримт бичгийг үзэглэсэн.
Тухайлбал, “Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх” тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр багтсан юм. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын ашиглах нэр бүхий далайн боомтын тоог нэмэгдүүлэн Хойд Хятадын болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жинжоу, Ингкоу, Цин Хуангдао, Хуанхуа, Тьянжин зэрэг нийт долоон боомтоор дамжих эрхийг нээсэн. Харин Гашуунсухайт-Шивээхүрэн тэргүүтэй дөрвөн төмөр замын боомтоор манай улсаас экспортолж буй бараа бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэхүйц ачааг Хятадын нутгаар дамжуулан гуравдагч орон руу 40 хувийн хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэх боломж бүрдсэн.
Восточный ба Тамань
Тавантолгойгоос ОХУ-ын зүүн эргийн Восточный боомт 5279 км-ээр алслагддаг. Восточный нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерын хоолойд оршдог ОХУ-ын төрөлжсөн далайн боомт бөгөөд Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт багтсан “Далайн эрэг-1” чиглэл эцсийн цэг юм. Энэ чиглэлийн дагуу Чойбалсан, Сүмбэр, Рашаан, Манжуур, Цицихар, Харбин, Муданьзян, Суйфэньхө, Владивостокийг дайрах төмөр зам байгуулахаар яригдаж эхэлсэн. Харин Тавантолгойн ордоос Чойбалсан хүртлэх төмөр замын төслийг 2010 онд УИХ-аас баталсан ч нэг км тавигдаагүй байгаа. Өнгөрсөн онд Өнгөрсөн оны Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Тавантолгойн нүүрсийг ОХУ-ын зүүн эргийн “Восточный” боомтоор дамжуулан зах зээлд гаргах талаар яригдаж байлаа. Тухайн үед ОХУ-ын талаас “Монгол Улсад тус боомтоос газар өгье. Жижиг хэмжээний боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Харин Тамань боомтын тухайд шинэ сэдэв.
Хэдхэн сарын өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүнд даацын машины цуваа хөлөглөн Крымийг холбосон 19 км урт гүүрийг туулан гарахад Тамань боомт дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм. Тус боомт Тавантолгой ордоос бараг 8000 км-ээр алслагдаж байна. Хойд хөршийн “Отэко” компани Тавантолгойн ордод тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж манай нүүрсийг Тамань боомтоор цаашаа гуравдагч зах зээл рүү гаргах хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Тавантолгойн ордоос жилд 25 сая тонн нүүрс Тамань боомтоор гаргахаар төлөвлөсөн байна. ОХУ-ын зүгээс Транссибирийн төмөр замын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор транзит тээврийн тодорхой хэдэн чиглэлийг анхаарч байгаа аж. Улмаар Хар тэнгисийн эрэг дэх Тамань боомтыг жилд 91.4 сая тонн ачаа эргэлтийн хүчин чадалтай болгох бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.
Тавантолгойн нүүрсийг Тамань боомтод хүргэхийн тулд гурван улсын эдийн засгийн коридорын хойд чиглэл буюу Курангино, Кызыл, Цагаантолгой, Арц суурь, Овоот, Эрдэнэт, Салхитын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс дотооддоо хийх ёстой. Энэ коридорын төмөр замаас хамгийн урагштай байгаа нь Эрдэнэтээс Овоот чиглэл юм. Коксжих нүүрсний Овоотын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Aspire Mining” компани энэ чиглэлийн 547 километр төмөр замыг тавихаар ажиллаж эхэлсэн. Эрдэнэтээс Овоот хүрэх төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зорчигч тээвэрлэх, Хятад,Оросыг холбосон транзит тээвэр хийх боломжтой болох ач холбогдолтой аж. Ийнхүү гурван улсын төмөр замын коридор нэгдсэнээр манай улс ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 66.4 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Энэхүү хөнгөлөлттэй тарифыг 25 жил тогтвортой байлгахаар хоёр улсын Засгийн газар хооронд энэ онд байгуулсан хэлэлцээрт тусгасан юм.
Ийнхүү хоёр хөршийн зүгээс үүдээ нээсэн ч манай улс дотооддоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төмөр замын төслүүд гацаанд ороод байгаа нь гуравдагч зах зээлийг хаах шалтгаан. Тухайлбал, уул уурхайн түүхий эд голчлон тээвэрлэх Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төсөл гацаанд ороод дөрвөн жил болсон. Тавантолгойн төмөр замын хүчин чадал нь 30 сая тонн, нарийн царигтай, шаардлагатай хөрөнгө оруулалт 1.1 тэрбум доллар. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор одоогийн тээврээс зардал 50 хувиар буурч, нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Улмаар жилд 30 сая тонн нүүрсийг хямд өртгөөр хамгийн дөт гэгддэг Тьянжин, Хуанхуа боомтуудад хүргэх боломж бүрдэх юм. Дэлхийн хэмжээнд манайхтай адил далайд гарцгүй хөгжиж буй 32 орон байдаг.
Энэ орнууд далайгаас дунджаар 1,370 км орчим алслагддаг байна. Энэ хэрээр далайд гарцтай орноос манай орны адил нийгэм, эдийн засгийн хөгжлөөр хоцорч ирснийг олон судалгааны дүн харуулдаг. Учир нь далайд гарцгүй орнууд нэг чингэлэг импортлоход зарцуулах хугацаа дунджаар 47 өдөр, экспортлоход 42 өдөр зарцуулаг талаар Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн тайланд дурдсан байдаг. Харин далайд гарцтай орны хувьд 15-20 өдөр зарцуулдаг аж. Далайгаас хамгийн хол орших орнууд нь Казахстан 3,750 км, Кыргызстан 3,600 км. Харин далайн эрэгт хамгийн ойр орших далайд гарцгүй хөгжиж буй орон нь Молдав (170 км), Свазиланд (193 км) юм. Тиймээс Европ руу нэг чингэлэг бараа хүргэхэд хамгийн багадаа 34 хоног явдаг гэнэ. Гэтэл Азийн далайд гарцтай орон Европ руу ачаагаа хүргэхэд 14 хоног зарцуулдаг аж.
http://www.undesniishuudan.mn/content/read/160441.htm
URL: