“Махбал манайх биш”

712-15380108289-27-4ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцаж, нэг нь нөгөөгөө хөнөөсөн харамсалтай хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-ний орой гарсан. Нийгмийг цочирдуулсан энэ хэргийн улмаас ЗТХЯ-ны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа өгсөн. Алдсан суудлынхаа араас гашуудах шахуу л юм болцгоосон. Хүний амины хажууд тэдний суудал юу ч биш.

Ер нь бол явж явж үхсэний хохь, амьдын зол гэдэг үнэний ортой ажээ. Юу гэвэл, хөнөөсөн этгээд нь хэргээс мултарчих гээд үзэж эхэлсэн. Бараг л талийгаач өөрөө баахан хүн гэмтээгээд, өөрөө гутал дээр ахин дахин “ойчиж” байгаад амиа алдсан гэх шахсан.
Тэгвэл үүнтэй зэрэгцээд хүн амины хэрэг үйлдсэн Б.Махбалтай нэр холбогдохоос “айсан” хүмүүс гараад ирлээ.
МоАХ мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд нь “…Иргэн Б.Махбал нь МоАХ-ны гишүүнчлэлд огт хамрагдаагүй. Манай аль ч үеийн бүртгэлд байхгүй хүн байна” гэжээ. Бас “…МоАХ-ны дарга Х.Баттулгыг 2008 онд ЗТБХБ-ын сайдаар томилогдохоос өмнө төрийн албанд орсон, 2007 оноос ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн удирдлагын багт хамаарч байгаад ЗТБХБЯ болон өөрчлөгдөхөд түүнийг дагаж ирсэн албан тушаалтан болох нь лавлах баримтуудаар нотлогдсон” гэсэн байна.
Эндээс үзэхүл золгүй хэргийн маргаашаас л цацагдсан “…Б.Махбал бол Ерөнхийлөгчтэй холбоотой”, “…Ерөнхийлөгчийг ЗТБХБ-ын сайд байхад дор нь ажиллаж байсан. Сая ЗТХЯ дээр ирэхдээ ч түүний дэмжлэгээр ирсэн” гэсэн мэдээлэлд няцаалт хийжээ. Тэдний холбоотой үгүйг, нэг нь нөгөөгөө дэмждэг эсэхийг мэдэх хүмүүс нь мэддэг л юм байна билээ.
Б.Махбал 2008 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан С.Баярын Стандарт бус Засгийн газрын ЗТБХБЯ-ны Зам, тээврийн бодлогын газрын дарга байв. Тэр үед сайд нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, төрийн нарийн бичгийн дарга нь сая сайдын ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнэ байсан юм. 2017 оны намар Ж.Эрдэнбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийнх байгуулагдахад ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдсон. Тэрээр сайд болоод Б.Махбалыг ТЗУГ-ын даргаараа авчирсан байдаг. МоАХ энийг л тайбарлаад байгаа бололтой. Тэд ингэж сандран “Махбал манайд хамаагүй” гэсэн нь ямар учиртайг ойлгосонгүй.
Б.Махбал МоАХ-тай холбоотой байлаа гээд, Ерөнхийлөгчийн дор ажиллаж байсан гээд гурван сая монголчуудын нүдний өмнө шахам болсон хүн амины хэрэг нь тэдэнд нялзах гээд байна уу. Эсвэл Б.Махбал энэ хэргээс гэм зэмгүй мултрах гээд байгаа юм уу?
Яадаг ч байсан зарим хүн Б.Махбалтай хамаатай харагдахаас асар болгоомжилж байна. Бүр айж байна.
Ер нь Б.Махбал гэдэг нөхөр Ерөнхийлөгч Х.Баттулгын, аль эсвэл сайд Ж.Бат-Эрдэнийн хэнийх нь ч хүн байж болно.
Хамгийн гол нь нэг том дарга, сайдын далбаан дор яам, тамгын газарт дээгүүр албан тушаалд очсон ийм хүмүүс олон бий. Том артай, хамгаалалттай гэж хөөрсөн ийм хүмүүс яам болгонд шахам байдаг юм. Тэд яг л ингэж дэвдэг.
Б.Махбал хүний амь хөнөөчихье, өөрөө шоронд орчихъё гээд энэ хэргийг үйлдээгүй нь лавтай. Гэхдээ ингэж дарга, сайд нарын гар хөлийн үзүүрт гүйдэг нөхдүүд өөрсдийгөө тэдэн шигээ санаж, удирдлагадаа байгаа төрийн албан хаагчдыг алахаас буцахгүй дээрэнгүй ханддагийн жишээ л энэ.
ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ хэрэг гардаг орой  Газрын дарга нараа архи ууж байсан гэж хэвлэлд ярьсан байсан. Ерөнхий сайдад өгсөн өргөдөлдөө ч “Газрын дарга нар архи ууж байгаад…” гэж бичсэн. 2018 оны наймдугаар сарын 9-ний орой ЗТХЯ-ны Газрын дарга нар яаман дээрээ архи ууж, ИНЕГ-ын дээд тушаалын нэг нөхөр “Жуулчин”-гийн dutyfree-ээс архи аваачиж өгсөн гээд тэр оройн явдал нэгэнт то­дорхой байгаа юм. Үүнийг Ж.Бат-Эрдэнэ сайд нь мэдсэн л багаа юм. Тэгсэн ч болиулаагүй. Хэрвээ Ж.Бат-Эрдэнэ сайд хориг тавьчихсан бол ийм хэрэг гарахгүй л байсан.
Гэхдээ өнөөдөр бүх зүйл оройтсон. Харин одоо Б.Махбал юуны учраас Г-гийн аминд хүрсэн бэ гэдэг асуулт гарч ирээд байна. Бас хажуугаар нь зарим хүн яагаад “…Махбал надад хамаагүй” гээд эхэлсэн бэ гэдэг анхаарал татаж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих