Антибиотикоос татгалзсаар өвчлөл хүндэрч байна
Монголчуудын антибиотикийг нэг бол хэтрүүлэн ууж, нэг бол огт хэрэглэхгүй байх хоёр туйлтай хандлага бий болчихжээ. Уг нь антибиотикийг чихэр шиг ч “идэж” болохгүй. Хэрэглээнээс нэг мөр хасаж бүр ч болохгүй. Харин зааврын дагуу тогтсон цагт нь, мөөгөнцрийн эсрэг эмтэй хавсарч уувал үр дүнтэй гэдгийг эмч нар хэлж байна.
Хүүхдийнхээ ханиадыг эмээр биш уламжлалт аргаар эдгээх гэсэн эхчүүдийн асуулт, хариулт сошиал хуудсуудаар хөврөх боллоо. Эмч дээр очиж цаг, заваа гарздаж байхаар ардын уламжлалт эм, хоол хүнсээр эмнэх нь зүйтэй гэсэн хандлага сүүлийн үед давамгайлаад байна. Зарим хүн юм л бол эмийн сан руу гүйж, аль хүчтэй антибиотикийг авдаг.
Үүнээс үүдэн мөөгөнцөрдөх, хордох, тохиолдол олон гарсан. Тиймээс эмч, мэргэжлийн байгууллагууд антибиотикийн хэмжээнээс хэтэрсэн хэрэглээг бууруулах талаар анхааруулах болсон.
Дүүрэг, өрхийн эмнэлгүүд ч эмчилгээндээ уламжлалт анагаахын эм, физик эмчилгээг түлхүү нэвтрүүлж буй. Гэвч өдгөө антибиотикийн хэрэглээ нөгөө тал руугаа хэлбийж байна. Өөрөөр хэлбэл, антибиотикийг “дайсан” мэтээр үзэж, хэрэглэхээс татгалзах хандлага нэмэгджээ.
Уламжлалт эм, эмчилгээг хэрэглэх нь буруу биш. Харин өвчин нь ямар шатандаа байгаа, ямар вирусээр үүсгэгдсэн, бусад өвчинтэй хавсарсан эсэхийг эхлээд нарийн тооцох ёстой.
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны “Ачлахуй” өрхийн эмнэлэгт гэхэд эрт үед нь эмчид хандаагүйгээс болж ханиад, хоолой, гэдэсний өвчин нь хүндэрсэн хүүхдүүд олон ирэх болжээ.
Эцэг, эхчүүд ханиад хүрсэн хүүхдээ аль болох зөөлөн аргаар эмчлэх гэсээр улам хүндрүүлж байгаа аж. Найман сартай хүүхдийг суулгахад нь цагаан будааны шүүсээр эмчилнэ гэсээр цаг алдаж, сэхээнд оруулсан тохиолдол гарчээ.
Тэгэхгүйгээр ханиад хүрлээ, хоолой өвдлөө гээд зөвхөн сода, давсаар зайлсаар хүндрүүлдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Антибиотик бол нян устгах үйлдэлтэй эм. Нян устгах хугацаа нь дунджаар тав хоног байдаг. Энэ хугацаанд тогтсон цагт, зөв тунгаар өгвөл нянг бүрэн устгах магадлал нэмэгддэг аж. Гэвч иргэд өвчний шинж тэмдэг арилмагц эм уухаа зогсоочихдог. Ингэснээр өвчин үүсгэгч нян бүрэн устдаггүйгээс гадна, тухайн хүний бие эмэнд дасал болдог сөрөг талтай.
AНТИБИОТИКИЙН ХЭРЭГЛЭЭ УЛАМ ГАЖУУДАЖ БАЙНА
Мөн антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж гүйлсэн булчирхайн үрэвсэл нь даамжирч, мэс засалд орохоос өөр аргагүй болсон өвчтөнүүд Нэгдүгээр төв эмнэлэгт олноороо ирэх болсон байна.
“Антибиотикийн буруу хэрэглээнээс болж манай тасаг “буглааны” тасаг болох дөхөж байна” гэж тус эмнэлгийн Чих, хамар, хоолой судлалын тасгийн зөвлөх эмч Л.Бямбасүрэн хэллээ.
Манайд антибиотикийн зохистой хэрэглээ ийнхүү дадал болж чадахгүй байгаа нь иргэдийн мэдлэг, хандлагаас гадна эмч нартай ч холбоотой. Өвчин үүсгэгч нянгууд жил ирэх тусам өөрчлөгдөж байдаг. Гэтэл нэг эмээ өөр өөр вирусээр үүсгэгдсэн өвчинд бичих, сайн тайлбарлаж өгөхгүй байх зэрэг дутагдал ажиглагддаг.
Гурван хүүхдийн ээж Б.Цэцэгдэлгэр “Хүүхэд ханиад хүрлээ гээд очихоор эмч нар нэг л эмээ бичиж өгөөд байдаг. Сүүлдээ дасал болоод үйлчлэхээ больчихдог. Заримдаа хүүхдэд хориотой эм бичиж өгөх нь бий. Тиймээс эцэг, эхчүүдийн эмч, эмэнд итгэх итгэл алдардаг байх. Миний хувьд эмийн оронд ардын бор аргыг илүүд үздэг болсон” гэлээ.
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЯМАР СОЛИТОЙ НЬ АНТИБИОТИКООС ТАТГАЛЗ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? АРД ИРГЭД ХООЛОЙ ӨВДВӨЛ АНТИБИОТИК ЖОРГҮЙ АВААД УУГААД БОЛООД БАЙСАН. ЭМЧИД ОЧООД ЯАДАГ ЮМБЭ? НӨГӨӨ ЧАДВАРГҮЙ ЭМЧ НАР НЬ ЮУ Ч МАДЭХГҮЙ.ЦАГИЙН ГАРЗ