Утааны эсрэг аав ээжүүд ТББ-ын авсан 41 сая төгрөг хэл ам дагуулж эхлэв
Өнгөрсөн өвлөөс эхлэн утаатай тэмцэх хүний тоо ихээхэн нэмэгдсэн бөгөөд гол нь тэдний тэмцэл дуу хоолой төдий л байсаар байгаа. Үүнтэй зэрэгцээд “Утааны эсрэг ээж аавууд” нэртэй төрийн бус байгууллага бий бол Сүхбаатарын талбайд томоохон хэмжээний жагсаал цуглаан хийж байсныг олон хүн санаж байгаа.
Тэгвэл энэхүү төрийн бус байгууллага нь энэ онд Засгийн газраас 41 сая төгрөгийн төлбөр шилжүүлэн авсан гэх мэдээлэл цахим сайтуудаар тарж, тэдэнд итгэх иргэдийг төөрөгдөлд оруулж эхэлжээ. Анхнаасаа л энэ ТББ нь цаанаа дэмжигчтэй хэмээн олон хардлага, шүүмжлэл байсан. Харин энэ удаад тэдний сэрдлэгийг энэхүү мөнгөн дүн улам идэвхжүүлэв бололтой.
Утаатай тэмцэх зорилготой 41 сая төгрөгийг авахдаа, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны нарийн бичгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ.
Шүүмжлэл дагуулсан мөнгөн төлбөрийн талаар “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү тайлбар хийхдээ,
Засгийн газраас авилгал авсан гэх гүтгэлэгт хариулт өгч байна.Үнэхээр танд чухал бол гүйцэд уншаарай, харин зүгээр л доромжилмоор бол хэрэггүй. Иргэний байгууллагаа төлөөлж ДОЛООН ЦЭЦЭРЛЭГТ ЦАХИЛГААН ХАЛААГУУР ТАВИХ тендерийн үнэлгээний хороонд миний бие гишүүнээр орсон билээ. Энэ тендерт оролцогч нэгэн байгууллага өнөөдөр надтай уулзаж ярилцах санал тавьсан ч би боломжгүй гэж татгалзсан юм. Үүнийг хариуд сүрдүүлсэн агуулгатай мессеж надад ирснийг та бүхэнд зургаар баримт болгон оруулж байна. Тендерийн үнэлгээний хороо материалуудтай дөнгөж танилцаж байхад Жи Жи Ай компани өөрсдийгөө хамгийн бага үнэ санал болгосон гэдгээ яаж мэдэж, өөрсөддөө ийм итгэлтэй мессеж надад илгээж байгаа нь хардлага төрүүлсэн юм. Яг энэ мессежнээс цаг орчмын дараа биднийг Засгийн газраас авилгал авсан мэт гүтгэлэг твиттер сошиалд явж эхэлсэн юм. Жи Жи Ай компани нь тендерийг зарласан ажлын албаны зарим даргатай эрх ашгийн холбоотой учир тендерт өрсөлдөгч бусад компанийн үнийн саналын талаар мэдээлэлтэй байна гэж би хардаж байна. Намайг сүрдүүлсэн мессеж үйлдлийг нь олон нийтэд зарлах вий, эсвэл тендерт өөрсдөд нь давуу эрх олгохгүй байх вий гэж болгоомжилсондоо биднийг Засгийн газраас авилгал авсан мэтээр гүтгэж эхэллээ. Сошиалаар энэ мэдээллийг анхлан түгээсэн хүмүүс ч энэхүү тендерт нөлөөлөх хууль бус ажиллагаанд хамааралтай эсэхийг нь Цагдаагийн байгууллагаар нь шалгуулах болно. Энэ сүрдүүлгийн мессеж, гүтгэсэн гээд бүгдийг нь нийлүүлээд Авилгатай тэмцэх газар, цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэгт нь өгнө. Энэ тендерийн тухайд СХД-н 7 цэцэрлэгийг нүүрс түлж халаадаг байдлыг халж цахилгаан халаагуурт шилжих тендер байсан юм. Өдөр эхэлсэн гүтгэлэгийн тайлбар хариуг өгөхийн тулд тендерийн талаарх энэ явдлыг дурдах шаардлагатай тулсан учраас хэсэг бодож байгаад бичлээ.
За сургалтын тухайд Засгийн газар тэр мөнгийг бидэнд өгөөгүй юм!!! Бид аль өнгөрсөн өвлөөс айлуудын гэр байшин дулаалах сайн үйлсийн аянг хийсээр энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл иргэдэд хэрэгтэйг ойлгож, сайн зөвлөхүүдийн ачаар иргэдэд сургалт явуулах төслөө боловсруулчихаад санхүүжилт хайж эхэлсэн юм. Агаарын бохирдлын эсрэг санг зохицуулдаг хуулийг нь уншиж судласаар байгаад агаарын бохирдлыг бууруулах сургалт, сурталчилгаа явуулахад энэ сангаас санхүүжилт үзүүлдэг болохыг мэдэж авсан. Ингээд төслөө боловсруулаад Нийслэлийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам уруу энэ төрлийн сангаас санхүүжилт үзүүлэхийг хүссэн. Энэ мөнгө бол нэг сайдын мөнгө биш, агаар бохирдуулагчдын төлсөн төлбөр буюу татвар төлөгчдийн мөнгө! Яалт ч үгүй хуулин дээр нь цагаан дээр хараар биччихсэн учраас л наашаа харж инээж, цаашаа харж ярвайж байгаад л өгсөн дөө. Бид хүсэлтээ аль 5 дугаар сард өгөөд зун сургалтаа явуулах хүсэлтэйгээ албан бичгээр мэдэгдэж байсан ч бүтэн зун дууссаны дараа 8-р сарын сүүлд сургалтын санхүүжилт орж ирсэн. Ингээд бид Баянзүрх дүүргээс эхлээд иргэдэд зориулсан “Гэр байшингаа дулаалцгаая” сургалтаа эхэлсэн. Бид нэг сургалтанд 35 хүн л ирэхээр тооцоход 45 бүр 55 иргэд ирж байна. Сургалтын багшийг асуултаар булаад явуулахгүй байна. Бид 2019 оны 2-р сар хүртэл энэ сургалт үргэлжилнэ!!! Нийт 1200 гаруй хүнийг хамрах ёстой сургалт! Энэ 40 сая төгрөгөөр нь сургалтын эхээ бэлдэж, дизайнерт нь мөнгийг нь төлж, А3 хэмжээтэй тараах материалууд хэвлүүлж, сургалтанд оролцсон иргэддээ халуун цай кофе, өдрийн хоол, дэвтэр бал, бичгийн цаас, дулаалгын материал халаагуур зардаг нийт 50 орчим компанийн утас хаяг жагсаалттай, үнийн харьцуулалттай өчнөөн хуудас материал, видео бичлэг, бензин тос гээд бүгдийнх зардлыг гаргаж явна. Энэ 40 саяыг нь биднийг идсэн уусан гэвэл бид иргэдтэйгээ хамт идсэн. Бид гэр байшингаа дулаалж иргэдийн түлэх нүүрсийг бууруулах нь иргэдэд үлдэцтэй бөгөөд гэр байшингийнх нь үнэ цэнэ нэмэгдэх ажил гэдэгт итгэдэг. Мэдээж дарга нарт ямар ч ашиггүй ажил. Биднийг Засгийн газраас 40 сая төгрөг аваад амаа хамхичихсан гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Өчигдөрхөн л Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас нь Агаарын бохирдлын эсрэг агентлагаа нэхэж шаардсаар л байсныг санаж байгаа биз.
Иргэдээ мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх ажилд Төрийн бус байгууллагууд манлайлан оролцох ёстой. Сургалт хийхэд мөнгө хэрэгтэй! Бид нөхрүүдээсээ, гадаадын сангуудаас бага хэмжээний санхүүжилт авдаг ч 1200 орчим иргэнийг хамрах сургалт явуулахад даан ч хүрэлцэхгүй байна. Гэр хороололд 660,000 хүн амьдарч байна! Ердөө 1200 иргэн л энэ сургалтанд хамрагдаж чадна гэхээр бид өөрсдийгөө чамлаад байна. Илүү өргөн хүрээтэй хиймээр байна. Цаашдаа ч хийх болно. Ер нь ямар эрүүл ухаантай хүн Засгийн газраас авилгал авахдаа тулбал байгууллагынхаа дансаар дамжуулаад, өөрөө гарын үсгээ зураад, сургалтаа явуулаад тэр тэр байгууллагын дэмжлэгээр хийж байна гэж фэйсбүүк групптээ зарлах уу ???Бид энэ сангаас санхүүжилт авч иргэддээ хичээл заах хэрэгтэй гэдэгтээ итгэлтэй байдаг учир тамгаа дарж, өөрийн гарын үсгээ зурж байгаад авсан юм.
Өөрсдөө иргэддээ хандсан ажлаа хийхгүй, иргэдээ ОРК гэж доромжлоно, тэгээд иргэддээ зориулаад Иргэний байгууллага нь сургалт хийхээр луйварчин болчихдог бол би бүр том гарын луйварчин болмоор байна!!!
Ичихгүй бол хэдэн иргэдийн маань хоол идэж байгаа зургийг нэхээрэй!!!
Аргагүйлдээ, дарга нарын тэрбумаар нь хувааж идсээр ирсэн утааны мөнгөнөөс нь 40 саяыг аваад иргэддээ зарцуулчихсан болохоор дарга нар дургүй нь хүрэх л байх!
Нас дөнгөж гуч гарч байна, үр хүүхэд минь дэндүү балчир байна! Тэднийхээ ирээдүйг намын бууны нохдоор харсаар байж дуугүй баллуулахгүй ээ. Өмнө нь та нар утааны мөнгөнөөс хяналтгүй зоргоороо хулгайлдаг байсан байх, одоо цаг өөр болсон!
Энэ гүтгэлэгийн тухайд өнгөрсөн долоо хоногоос агаарын бохирдолд зарцуулагдаж байгаа зарим мөнгөнд шунахайн савар орохоор олон удаа оролдсон талаарх мэдээллүүд бидэнд ирсэнтэй, тэр мэдээллүүд нь задарчих вий гэж айсантай нь бүр их холбоотой болов уу. Май гээд үзүүлчих баримтгүй учир мэдээллийг цуглуулаад баримтжуулах гээд хичээсний эхний шанг ингэж өгч байгаа болов уу. Ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн Сонгинохайрхан дүүргийн иргэд “Гэр байшингаа дулаалцгаая” сургалтандаа суугаарай, тараах материалтай, өдрийн хоолтой, багш нараас ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой, дулаалгын материалын болон цахилгаан халаагуурыг хөнгөлөлттэй үнээр худалдаж авах эрхийн бичигтэй сургалт шүү хэмээн хэлсэн байв.
Ямартаа ч хоёр талын байр сууриас ингэж харагдаж байна. Утаатай тэмцэх тэмцлийн гол зорилго нь утаагүй л болох юм шүү, хэн нэгний мөнгө идэх арга биш. Тиймээс үр дүнтэй ажлыг л иргэд олон нийт хүлээж байна.
http://dorgio.mn/p/94554
URL: