Цахим засаглал хэрэгжиж эхлэв үү?
“Кибер аюулгүй байдлын тухай асуудал бол маш том стратегийн асуудал. Оюутолгой, Тавантолгойгоос ч том зүйл. Харин манайд энэ асуудлыг одоо л анхаарч хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж эхэлж байна. Ер нь цаашид ч анхаарах ёстой” гэж Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ ярьж байна. Бид одоогоос дөрөв, таван жилийн өмнө л энэ асуудлын чухлыг мэдэж, төрийн томоохон бодлогын тоонд оруулах ёстой гэдгийг ойлгож эхэлжээ. Үүний хүрээнд хэрэгжүүлсэн хамгийн том байгууллага нь Үндэсний дата төв. Одоо энэ байгууллага сүлжээнд илэрсэн доголдлыг мэдээлэх, хянах үүрэгтэйгээр ажиллаж байгаа юм. Хууль, эрх зүйн хүрээнд ч бид үүнийг илүү баталгаажуулах эхний алхамаа хийлээ. Энэ бол Цахим гарын үсгийн тухай хууль. Гэвч энэ хуулийг өнгөрөгч 15-ны өдөр баталсан нь Сонгуулийн тухай хуульд дарагдсан билээ.
2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг батлав. Гэхдээ Монголын ирээдүйд тун ач холбогдолтой байж болох энэ хууль Сонгуулийн тухай хууль батлахтай зэрэгцсэн болохоор олны анхаарлыг таталгүйгээр өнгөрөв. “Энэ хууль батлагдсан нь их чухал. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд, олон нийт ч үүнийг анхаарах хэрэгтэй. Кибер аюулгүй байдлын тухай хууль ч удахгүй баталагдана” гэж МШХХТ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ ярьж байсан юм. “Цахим гарын үсгийн тухай” хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барих үүрэг бүхий ажлын хэсэг 2011 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр байгуулагдаж, хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Цахим гарын үсгийн тухай хууль нийт зургаан бүлэгтэй бөгөөд цахим гарын үсгийн хууль, эрх зүйн хүрээ, хамгаалалт, хяналт тавих төв байгууллага, цахим гарын үсгийг баталгаажуулах, цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг баталгаажуулах зэргийг тусгасан байна.
Бидэнд ашигтай юу?
Хэрвээ энэ хууль бүрэн утгаараа хэрэгжиж эхэлбэл цахим засаглалын нөхцөлд төрийн бүх байгууллага, албан хаагч, онц чухал объектууд гарын үсэгтэй байх шаардлагатай болно. Хүссэн хүн бүр цахим гарын үсэг хэрэглэдэг болох юм. Мөн бичиг хэргийн зардал тодорхой хэмжээгээр багасах боломжтой аж. Бидний албан хэрэгцээндээ хэрэглэж буй файл, и-мэйлийг албан ёсны мэдээлэл гэж үзэх, одоогийн интернэт орчинд хийж буй ажлыг хүчин төгөлдөр гэж үзэх эрх зүйн орчин бүрдэх боломжтой. Төлбөр тооцооны болоод бусад ажлууд хурдан шуурхай, чирэгдэлгүй болно гэсэн үг.
Хэдийгээр бид Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан ч дараа нь нийтийн түлхүүрийн тогтолцоог бий болгох, мэдээлийн аюулгүй байдлыг бий болгох, цахим засаглалын тогтолцоо эрүүл байх зэрэг олон зүйлсийг хийх шаардлагатай тулгардаг байна.
Цахим гарын үсэгт хэрвээ шилжих бол мөнгөн гүйлгээ болоод худалдаа, арилжаа, гуйвуулга зэрэг зүйлс бүгд цахим хэлбэрт шилжинэ гэсэн үг. Бизнесийн орчин ч энэ байдлаар үүсч хөгжинө гэсэн үг. Тиймээс нэгдсэн нэг систем хэрэгтэй болдог байна. Нийтийн түлхүүр гэдэг бол цахим гарын үсгийн зөвшөөрлийг хэрхэн олгох, түүнийг зохицуулахтай холбогдсон ойлголт юм. Монгол Улсын хувьд тусгай шаардлага хангаж чадаж байгаа тохиолдолд зарчмын хувьд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох эрх бүхий хэдэн ч байгууллага байх боломжтой. Гэвч хэт их хэмжээгээр тусгай зөвшөөрөл олгох нь үйлчилгээний чанар, нууцлал, хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулах магадлалтай тул тоон гарын үсгийн гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага 1-3 хүртэл байх нь зохимжтой гэж үзэж байна. Гэхдээ хөгжиж байгаа орнууд нийтийн түлхүүрийн тогтолцоог бүрэн шийдэж, хуулинд тусгаагүйгээс болж дараа нь томоохон хүндрэлүүд гарч эхэлжээ. Тухайлбал цахим гарын үсгийн гэрчилгээг олгох төв байгууллагаа тодорхой болгоогүйгээс мэдээлэл алдагдах эрсдэл бий болжээ. Тиймээс нийтийн түлхүүрийн менежментийг нарийн чанд хийх шаардлага тулгарч байгаа юм.
Хөгжиж буй оронд цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан ч бодит хэрэглээгээ мартаж баталдаг ажээ. Филиппин улс 200 онд цахим арилжааны хуулиар цахим гарын үсгийн харилцааг хуульчилсан боловч дөнгөж 2009 онд БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжийн 2,5 сая ам.долларын хөрөнгөөр төв гэрчилгээжүүлэх байгууллагыг байгуулжээ. Өмнөд Солонгос улсад 2000 оны эхэн үед цахим гарын үсгийг хуульчилсан ч шийдэх байгууллагууд нь иргэдэд, төрд хэмээн хуваагдаж үйл ажиллагааны давхардлыг үүсгэжээ. Мөн АНУ-д 2000 онд батлагдсан хэдий ч төрийн зохицуулах чиг үүргийг гүйцэд тусгаагүйгээс дараа нь олон төрлийн бэрхшээлүүд тулгарч эхэлсэн байна. Тиймээс бусад улс оронд төвлөрсөн түлхүүр буюу дээрээ нэг байгууллагатайгаар зохицон ажиллаж байгаа аж. Дэлхийн өнцөг булан бүрт одоо ч гэсэн цахим аюулгүй байдал болоод цахим гарын үсгийн тогтолцоог дээшлүүлэх талаар судалгааг өрнүүлж байна.
Харин манайд өнөөдөр цахим аюулгүй байдал болоод дараа нь хэрэгжүүлэх зүйлсүүд нь шаардлага хангаж байгаа юу гэдэг асуулт хэвээр. “Манай улсыг далайд гарсан жижиг завьтай далайчин гэж үзвэл биднийг тойроод аварга том акулууд байна. Үүнээс яаж амь мултрах вэ гэдэг том асуудал. Хамгийн түрүүнд томоохон сайтуудын болон төрийн байгууллагуудын удирдлагуудад энэ талаар ойлгуулах хэрэгтэй. Мөн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Одоо баталж байгаа шигээ баталчих юм бол кибер аюулгүй байдал улам л эмзэг болно” гэж доктор, профессор Т.Халтар ярьж байсан юм.
Ямар ч байсан хууль батлагдлаа. Бидэнд хүлээх л үлдсэн…
Б.Болорсүх
“Ардын эрх” сонин
URL: