Монголын хөгжлийн хоцрогдлыг илтгэх нийтийн тээвэр
Өнгөрөгч Баасан гарагийн орой ажил тараад гэртээ харихаар Ч55 буюу Дэнжийн 1000- Зайсангийн чиглэлийн автобусанд суулаа. Унаа маань уухилж аахилаад нэг л биш, 11 дүгээр хорооллын орчим очоод зогсчихлоо. Жолоооч залуу эвдрэл гарсан, буугаад дараагийн ирэх автобусанд суух лүндэн буулгаж байна. Унаагүй болсон зорчигчид уур уцаартай. “Нийтийн тээвэр ингээд найдваргүй. Хавар яалаа, автобусанд суугаад явж байсан гэнэт араасаа гал гараад” хэмээн нэг эмэгтэй их бухимдана.
Даваа гарагийн орой бас л мөнөөх чиглэлийн автобусандаа суугаад явж байсан түс тас хийгээд л явчихлаа. Автобус ч зогсов. Түгжрээд зогсож байсан машиныг шүргээд толийг нь хугалчихаж. Бас л автобус дүүрэн хүмүүс бууж дараагийн унаанд дайгдах болов.
Энэ бүхэн гайхаж шогшроод байх зүйл биш, нийтийн тээврийн ердийн нэг дүр зураг. Монголчууд хүлцэнгүй, чөдрийн ганц гэдэг шиг хөл залгуулдаг хэдэн автобусныхаа энэ мэт араншинд хүлээцтэй ханддаг. Ямар метрондоо сууна гэх биш.
…Нийтийн тээвэр бол тухайн улсын нүүр царайг илтгэх нэг жишиг. Бусад улс орнуудын хувьд хамгийн аюулгүй, хамгийн найдвартай, хамгийн шинэ, иргэдийн ая тухтай байдлыг хангаж чадна гэсэн тэрэг техникээ нийтийн тээвэрт явуулдаг ном журамтай. Тэгээд бас хамгийн туршлагатай, манайхаар бол “Осолгүй манлай тээвэрчин” нь нийтийн тээврийн автобус, унааны жолоо барих эрхтэй байдаг. Олон арван хүний амь нас, аюулгүй байдлыг үүрч байгаа болхоор жолооч, нийтийн тээврийн хэрэгсэл хоёрт ийм онцгой шаардлага тавьдаг. Ерөөс стандарт нь ийм аж.
Харин манайд бол арай өөр. Эсрэгээрээ гэж доош нь хийх гээд яахав, байж байгаа үнэн төрх нь дэндүү чамлалттай. Иргэнээ дээдэлдэг улс орнууд нийтийн тээврийн хэрэгсэлдээ цаг хугацаа, гүйлт буюу явах км-ийн хязгаар тавьдаг.
Харин тэр хугацаа нь дуусч ашиглалтаас гарсан хуучин техникийг нь монголчууд өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээндээ ашиглаж байна. Яг комиссын хуучин хувцас өмсөж эдэлж байгаатай адил.
Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувь, хувьсгалын компаниуд бусдын гологдлоор иргэддээ үйлчилж, ашиг хийдэг. Шуудхан хэлэхэд нийтийн тээврийн үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамж гэсэн ойлголт тухайн салбарын төрийн байгууллага болон үйлчлэгч компанийн алинд ч үгүй болсон. Үйлчилгээний соёл, ая тухтай байдал гээд яривал бүр ч таг. Хэрэв тэднээс үйлчилгээний соёл нэхвэл “тэнгэрийн юм ярьж тэнэгтэхээ боль” гэх байлгүй. Зүгээр л зүтгүүлэх, хүссэн хүсээгүй суухгүй гээд яахав гэсэн тулгалтыг үйлчлүүлэгчиддээ тулгадаг. Нэг ёсны “хүчирхийлэл”.
Нийслэлийн нийтийн тээвэрт хэрэг дээрээ ашиглалтын хугацаа гэсэн ойлголт байхгүй юм шиг байна. Үүний тодорхой жишээ нь БНСУ-д үйлдвэрлэхээ болиод 20-30 жил болж байгаа микронууд хотын нийтийн тээвэрт цахилж явна.
Том оврын автобуснууд ч ялгаагүй. Үйлчлүүлэгчдээ үргэтэл утаагаар тургиж, замын дунд эвдэрч саатан зорчигдоо явгалчихдаг гэмтэй.
Үйлчилгээний соёл энэ тэр гэж том юм ярихаа больё гэхэд ядахнаа доторхи хир буртагаа угаачихдаг, хог шороогоо цэвэрлэчихдэг байвал аятай байх сан. Тэр тоос тортогны тухайд бол арай л гэмээр. Үйлчлүүлэгч хаан гэсэн зах зээлийн зарчим байдаг. Харин нийслэлийн нийтийн тээвэрт үйлчлүүлэгчид бол босго хавьцаа нь сөхөрсөн боол мэт хүлцэнгүй. Автобус унаа хүлээж буудал дээр бүтэн цаг зогсох, автобусан дотор хөлөө хөндийртөл чихцэлдэх, энэ тэр бол юу ч биш. Зуны халуунд жигнүүр, өвлийн хүйтэнд хөлдөөгч л гэсэн үг.
Түгжрэлийг арилгая гэвэл нийтийн тээврээ хөгжүүлэх ганцхан зам л бий
Улаанбаатарын замын түгжрэл уг гарвалаараа нийтийн тээврийн хоцрогдолтой холбоотой. Ийм нийтийн тээвэртэй байхад иргэд түгжрээд ч хамаагүй өөрийн унаагаараа зорчихыг илүүд үзнэ. Үнэхээр замын түгжрэлийг арилгая гэвэл нийтийн тээврээ хөгжүүлж энэ салбарт оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх нь зөв шийдэл гэдгийг олон хүн хэлдэг. Тэгснээс зам өргөтгөж, уулзвар шинэчилж авто машинд зориулсан хөрөнгө оруулалт хийх тусам тээврийн хэрэгслийн тоо тэр хэмжээгээр л нэмэгдэнэ. Барууны орнууд яг энэ жишгээр автомашинд зориулсан хөрөнгө оруулалт хийж түгжрэлээ улам нэмэгдүүлж байсан гашуун жишээ байдаг гэнэ лээ.
Хэрэв нийтийн тээвэр тогтсон хуваариараа явдаг, аюулгүй байдал нь хангагдсан, цэвэрхэн тохьтой, тэгээд бас тусгай эгнээгээр түгжирдэггүй байх юм бол иргэд ажилдаа ирж очихдоо заавал унаа машин гээд байхгүй. Ядахад цаг хугацаагаа хэмнэхийг бодно шүү дээ.
Тиймээс нийтийн тээвэрт зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь зөв гарц болж харагдаж байна. Ингэхэд ер нь нийтийн тээвэртээ зориулсан ямар хөрөнгө оруулалт хийсэн билээ гэж эргэцүүлж бодохоор санаанд буух тоймтой юм үнэхээр алга. Одоо бараг мартагдах шахаж. Тээр жил буюу 2009 онд нэг бүр нь 60-70 мянган ам долларын үнэтэй 400 автобусаар парк шинэчлэлт хийсэн санагдана. Хэрэв стандарт нормоороо бол одоо тэдгээрийн түрүүч нь ашиглалтаас хасагдаж эхэлж байгаа байх.
Албаны эх сурвалжаар өдгөө өдөрт 1000 шахам автобус нийтийн тээвэрт үйлчилдэг. Харин хүн амынхаа тоо, хэрэгцээ хүртээмжийг нь харгалзвал өдөрт наанадаж 2000-2500 автобус үйлчилгээнд гарах учиртай гэнэ. Ингэж баймаажин хэрэгцээ хангагдана. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээ зөвхөн чанар хүртээмж талаасаа төдийгүй тоо хэмжээний хувьд хомсдолд орсон нь харагдаж байна.
Амсуулж аргацаах уу, аль эсвэл нэгмөсөн нэг сумаар хоёр туулай буудах уу
Улаанбаатарын тулгамдсан асуудлыг нэрлэ гэвэл нийтийн тээвэр, замын түгжрэл гэсэн толгойны хоёр өвчин эхэлж нэрлэгдэж таарах байх. Замын түгжрэлийг багасгах гэж гүүр, гарц, замын өргөтөл хийх үү, эсвэл нийтийн тээврээ хөгжүүлэх үү гэдэг нь улс төрчдийн ухаалаг сонголт болно. Өөрөөр хэлбэл тулгамдсан хоёр асуудлаа нэг шийдлээр хамтад нь шийдэх боломж байна. Тэр бол нийтийн тээвэртээ хөрөнгө оруулах. Ингэхдээ жил жилийн төсөвт амсуулга төдий хөрөнгө мөнгө хуваарилж үр ашиггүй, үлдэх мөргүй хийсгэж байснаас нэг, хоёр жилдээ улсын төсвийн үлэмжхэн хэсгийг нийтийн тээвэрт хуваарилж томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх. Жишээ нь, метро, тусгай замын автобус гэхчлэн. Ийм бүтээн байгуулалтдаа гадаадын зээл тусламжаар ч хүч хавсарч болно. Ингэж хөрөнгө санхүүгийн “цохилтын хүч”-ийг тухайн зорилтдоо төвлөрүүлж чадвал богино хугацаанд үр дүн гарах боломжтой. Манайд төсвийн хөрөнгийг тугалыг нь турааж эхийг нь эцээхгүй зарчмаар тарааж тарамдаж хуваарилдаг учраас үр дүн багатай, ганц эмнэлэг барих гэж хүний амьдралын нэг үетэй тэнцмээр хугацаа зарцуулж байна. Үүний жишээ нь Түлэнхийн төвийн шинэ барилга. Орон нутагт бол бүр ч олон бий.
Улаанбаатар хот нэг саяас дээш хүн амтай шинэ зууны мегаполис хот болсон. Ийм хотын наад захын шалгуурын нэг нь нийтийн тээврийн хүрэлцээ хангамж, төрөл зүйл байх учиртай.
Нийтийн тээврийн салбарт олон сайхан үлгэр, зөндөөн их мөрөөдөл бий. Метро, тусгай замын автобус буюу BRT гэх мэт. Сураг нь сонсогддог хэрнээ бараа нь харагддаггүй барцад ихтэй энэ мэт төслүүдээ амлуулъя.
Монголын хөгжлийн хоцрогдол болсон нийтийн тээврээ зориг зүрхтэйгээр шинэчилж чадвал замын түгжрэл баяртай биш үү.
П.Булган
Zaluu.com
URL: