“60 тэрбум” гол дүрд тоглосоор байна
2016 оны УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авлаа. Энэ бол тус намын хувьд 1992 оноос хойших 3 дахь үнэмлэхүй том ялалт билээ. Гэвч төр засгийн эрх мэдлийг гартаа авах нэг хэрэг, бүх асуудал хурдных мэт бартаа саадгүй, энхэл донхолгүй замаар үргэлжлэх, эсэх нь огт өөр байдаг ажээ. МАН-д ажиллаж байсан Г.Доржзодов гэгч залуу төрийн албыг арилжих зорилготой 60 тэрбумын бичлэгийг тараасан нь сөрөг хүчинд үгээр хэлэхийн аргагүй үнэ цэнэтэй олз, өгөөш болох нь тэр. АН ердөө л нэг жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд гартаа барих ганц зэвсэг болгож ашиглахаар шийдсэн нь бодит байдал дээр даанч амжилттай хэрэгжсэн юм.
МАН-ын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга, бас өөр хариуцлагатай хүмүүс нийлж суугаад төрийн албаар 60 тэрбум босгох схемийг хэлэлцэж байгаа бичлэг хуурай өвсөнд гал тавьсан мэт нийгэмд гайхалтай хурдан тархаж, бөөн шуугиан үүсгэлээ. Байдал эвгүйдэх тийшээ хандсаныг мэдэрсэн МАН-аас яаран сандран “Энэ бол эвлүүлэг” хэмээн байж болох бүхий л боломжийг ашиглан мэдэгдэв.
МАН-ын дарга М.Энхболд “Би өөрийнхөө үйлдлийг хэнээс ч илүү сайн мэднэ. Тийм яриа, уулзалтад ороогүй” гэсэн бол Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас өгсүүлээд намын хариуцлагатай албан тушаалтнууд нь “ Доржзодов гүтгэж, түүнийг нь АН ашиглаж байна” хэмээн хоолой мэдэн хашгирцгаасан. Гайт бичлэгийн эсрэг суртал ухуулга ч пулемётын сумыг санагдуулам байлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө цагдаагаас “60 тэрбум бол эвлүүлэг” гэдэг дүгнэлт гаргасныг МАН сонгуулийн сурталчилгаандаа хамаг л нөөц боломжоо дайчлан ашигласан нь төдийлөн үр дүнд хүрээгүйг М.Энхболдын ялагдал харуулав. АН, түүний нэр дэвшигчид Г.Доржзодов, 60 тэрбум хоёр зүйрлэшгүй үнэтэй гавьяа байгуулсан нь бодит үнэн.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснийхөө бараг “маргааш” нь буюу 2017 оны 7 дугаар сарын 24-нд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулсан боловч прокурор “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэнээр асуудал хууль эрхзүйн талаасаа мухардлаа. Гэвч “анти 60 тэрбумынханд” боломж гараад ирэв. МАН-ын нөхдүүд өөрсдөө уг ээдрээтэй маргаанд оролцож, хөндөж тавьснаар алдарт 60 тэрбум дахин гол роль гүйцэтгэж эхэллээ. Угаасаа эрх баригчид үүнээс болж хоёр хуваагдсан нь асуудлыг хуулийнхны шийдвэрээр эцэслэхийн аргагүй байдалд хүргэсэн юм.
2017 оны 8 дугаар сарын 18-нд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Би саяхныг хүртэл 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан. Тухайн үед бичлэгт холбогдсон нөхөд эвлүүлэг гэсэн тайлбарыг өгсөн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ бичлэг эвлүүлэг гэсэн албан тоотыг намд ирүүлсэн. Энэ бүхнийг үндэслээд би 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Харамсалтай нь намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуй энэ бичлэг бодитой гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эвлүүлэг гэж олон нийтэд мэдээлэл хийж байсандаа харамсаж байна” гэж өмнөх байр сууриасаа 100 хувь эргэсэн зүйл ярьсан бол үүний дараахан МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийн нэг Ц.Нямдорж 25 дугаар телевизэд өгсөн ярилцлагадаа “Дахиад сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр асуудал сэдэрлээ. Ард түмэн дургүйцэхэд ихээхэн хэмжээний нөлөө үзүүлсэн гэж хүн болгон ярьж байгаа шүү дээ. Би дахиад Ц.Сандуйд өргөдлөө өг гэж Удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн. Эвлүүлэг гэцгээж байна лээ. Наадах чинь эвлүүлэг биш гэж. А.Ганбаатар ярьж, Ц.Сандуй дэмжсэн. Үүний дараа М.Энхболд дарга дээр орж, танилцуулсан. Гурван хүний асуудал байгаа. Энэ бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэдэг чинь Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг хэлдэг. Тэрнээс М.Энхболд, Ц.Сандуй хоёр ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэх вэ. Одоо болно.Тэр ярьсан мөнгөө авсан эсэхийг би мэдэхгүй. Ингэж ярьсныхаа төлөө зайлах ёстой шүү дээ. Улс төрийн наад захын асуудал. Би тэр бичлэгийг саяхан сонссон. Бүр дотор муухайрмаар зүйл ярьсан байх юм. Тэр А.Ганбаатар нь галзуу ч юм уу, согтуу ч юм уу. Ямар янзын этгээд вэ. Ийм хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээн хэргийг шулуухан “нотолсон” нь зарим хүний эргэлзээг тайлж, зарим нэгний уур бухимдлыг дэвэргэсэн нь дамжиггүй. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийнхээ төлөө үгийн сайхныг хэлж байсан хүмүүсийн ялагдлын дараах ухаан бодол нь эргэсэн нь улстөрийн өнгө аяс өөр тийш хандахын зөгнөл байжээ. 60 тэрбум хүнийг ингэж л өөрчлөх шидтэй аж. Удаа ч үгүй Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг эрх баригчид өөрсдөө огцруулав. Улстөрийн ийм нөхцөл байдал үүсэхэд 60 тэрбум маань мөн л хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 60 тэрбум МАН-д эрх ашгаас улбаалсан үл ойлголцол бий болгож, үр дүнд нь засаг огцорсон хэрэг. Бүр энгийнээр хэлбэл У.Хүрэлсүх эрх мэдлийг гартаа авахад 60 тэрбум нэгэн том шалтаг шалтгаан болсон юм. Хэдийгээр М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж намын даргын суудлаа өгсөн ч 60 тэрбумын гэх дуулиан намжсангүй.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд, дараа нь намын даргаар сонгогдов. “Манай намын УИХ дахь гишүүд 33, 32-ын бүлгээрээ талцдаг үзэгдэл энэ мөчөөс эхлэн үгүй болж байна” хэмээн мэдэгдэв. Гэвч бүх асуудал түүний санаснаар болсонгүй бөгөөд хэсэг хугацааны дараа улстөрд бас л сонин уур амьсгал мэдрэгдэж, эрх баригчид өөр хоорондоо толхилцох нь анзаарагдаад эхэллээ. Үүнийг “зохицуулахаар” дахиад л 60 тэрбум “сэрлээ”.
2018 оны 6 дугаар сард УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудалд цэг тавихыг шаардсан бичгийг АТГ-т илгээсэн боловч амжилт олсонгүй, хариуд нь өөрийнхөө эсрэг дайралтад өртөв. Засгийн газрыг оролдоод эхлэхээр Д.Оюун-Эрдэнэ ийм алхам хийж байна гэх яриа тэр дороо л урган гарч ирсэн нь зүгээр ч нэг хардлага биш. Уг асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулах санаачилга гарсан боловч одоо хэр төдийлөн амжилт олохгүй л байна. Өөрөөр хэлбэл, засгийг огцруулахад ч, дараагийн бүлэглэл нь засгаа хамгаалж үлдэхэд ч өнөөх л 60 тэрбум маань хэрэг болж байна гэсэн үг. Нэг ёсондоо нохойд барьдаг мод юм уу даа.
60 тэрбум АН-д гавьяа байгуулж, МАН-ынхан ч тал талаас нь мэрж байна. Хамгийн гол нь хууль хүчнийхэн энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон бол МАН-ын Хяналтын ерөнхий хороо 60 тэрбумынханд хариуцлага тооцох тогтоолдоо “Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй энэ талаар ярьсан нь үнэн, бичлэг алдагдсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлсэн, мөн нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч А.Ганбаатар дээрх яриа болсон талаар хариу тайлбар өгсөн зэргээс үзэхэд 60 тэрбумын гэх яриа болсон гэдэг нь батлагдаж байна” гэдэг огт өөр дүгнэлт гаргачихсан. Хуулийн талаасаа шалгаад хэрэг биш гэсэн байхад намын дотоод хяналтын бүтэц нь “Тийм яриа болсон байна, гэхдээ энэ нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх түвшний асуудал” гэж үзсэнийг яаж ойлгох вэ?
Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн хоногийн өмнө болсон Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд явуулсан илгээлтдээ “2016 оны сонгуулийн үр дүнгээр төр удирдах эрх авсан Монгол Ардын нам төрийн албаны шатлан дэвшүүлэх зарчмыг бүрэн эвдэж, төрийн албыг “60 тэрбум”-аар арилжаалан, шударга төрийн албан хаагчдын хийж бүтээх эрмэлзэл, өсөн дэвших боломжуудыг боомилон хааж, зохион байгуулалттай бүлэглэл мэт болгосон. Үүний тод жишээ бол улс орны амин чухал салбаруудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй БСШУСЯ-ны 12 удирдах албан тушаалд, харьяа агентлаг болон боловсролын байгууллагуудын 30 удирдах албан тушаалд, мөн ЭМЯ-ны бүтцийн 14 удирдах албан тушаалд, харьяа агентлаг, эрүүл мэндийн байгууллагуудын 12 дарга, захирлын албан тушаалд тус тус түр орлон гүйцэтгэгчийг томилсон зөрчлүүд Төрийн албаны төв байгууллагын 2018 оны 9 дүгээр сард хийсэн шалгалтаар илэрсэн байна” гэж мөн л 60 тэрбумтай холбоотой асуудлыг сөхөж. Энэ хүн 60 тэрбумд нэхэл хатуутай байсаар бүрэн эрхээ дуусгах нь ойлгомжтой болжээ. Асуудлыг нэг мөр болгохгүй байгаа болохоор албан тушаалын суудлууд авлигын шагнал мэтээр харагдаад байна шүү дээ. Юутай ч 60 тэрбум Монголын улстөрд үүргээ гүйцэтгэж дуусах болоогүй байжээ. Цаашид ч гол дүрд тоглосоор байх нь. 2020 оны сонгууль ч ойрхон байна даа.
Дажсүрэнгийн Лхагвадорж
URL: