“iPhone”-ы шинэ загварууд бат бөхийн туршилтад “бүдэрчээ”
МОСКВА./РИА Новости/. Америкийн “SquareTrade” компани “Apple” компанийн шинээр гаргасан “iPhone XS” болон “XS Max” ухаалаг утсанд хэд хэдэн туршилт хийж, дүрс бичлэгийг нь “YouTube”-д байршуулжээ.
Шинэ ухаалаг утсууд тийм ч бат бөх биш болох нь туршилтуудаас харагдсан байна.
Хоёр утсыг хоёуланг нь ар болон нүүрэн талаар нь 182 см-ын өндрөөс унагаажээ. Нүүрэн талаар нь унагахад “iPhone Xs” загварын дэлгэц бараг бүтнээрээ хагарсан бол “Xs Max”-ийнх нэлээд цуурсан байна. “Apple” компанийн шинэ ухаалаг утсууд цохилтод ялангуяа унагаахад маш хэврэг байна гэж туршилтын дараа мэргэжилтнүүд мэдэгджээ.
Ухаалаг утаснуудын засвар үйлчилгээний үнэ өртөгөөр “Apple” компани дээд амжилт тогтоосон тухай урьд нь мэдээлжээ. Тухайлбал, “iPhone XS Max” загварын утасны дэлгэцийг солилуулахад 329 ам.доллар болох юм.
“Apple” компани “iPhone XS”, “iPhone XS Max” болон “iPhone XR” гэсэн гурван шинэ загвараа есдүгээр сарын 12-нд нэгэн зэрэг танилцуулсан билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: