Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн хар данс бүл нэмсээр байх уу

MG-212Wrestlers-Naadam-Filonov-618-pixelsУлсын цолтой л болж байвал допингийн асуудал яамай байна гэж бөхчүүд боддог бололтой. Учир нь жилд л доод тал нь хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэх асуудалд орж байгаа нь бөхчүүдэд авч буй допингийн хариуцлага тэгтлээ цочроо өгөхгүй байгааг илтгэх аж.

Манай улс БНСУ-ын Шинжлэх ухааны технологийн хүрээ­лэнгийн допин­гийн хяналтын лабораторид улсын наадамд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээг илгээдэг болоод 17 жил болж байна.

Хамгийн анх Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатаас сэргээш илэрч байсан гэгддэг. Түүнээс хойш Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Ц.Лхагвасүрэн, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал хэмээн үргэлжилсээр Н.Ганбаатар, А.Цацавшир нараар бүл нэмсэн хар данс бөхийн холбоонд бий болж байгаа нь лавтай.

Энэхүү уламжлал болсон зөрчил энэ жилийг ч мөн тойролгүй дайрлаа. Тодруулбал, Энэ жилийн баяр наадмын үеэр бөхчүүдээс авсан шинжилгээний эхний хариу БНСУ-аас иржээ. А сорьцын хариуг Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор зарлаагүй байгаа ч нэр холбогдоод буй улсын гарьд Н.Ганбаатар тайлбар өгч, өөрийн хэрэглэж байсан эм тариа, эмчилгээний талаар мэдээлэл өгчээ.

Үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Улсын начин цол авах уу асуулт гарч ирээд байгаа юм. Учир нь Н.Ганбаатарын хувьд тавын таваанд Баянхонгор аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүг давсан юм. Баяр наадмын комисс хуралдаж, бөхчүүдэд ямар хариуцлага тооцох тухай шийдвэр гаргана. Хуулийн дагуу бол допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд унасан бөхийн цол, чимгийг нөхөж олгох ба 2 жил хүртэлх хугацаагаар заал танхимын болон баяр наадмын барилдаанд зодоглох эрхийг нь хасдаг.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагууд уг мэдээллийг хуулийн хугацаанд харилцан бие биедээ мэдээлж, бөхчүүдэд мөн танилцуулах процесс үргэлжилж байгаа бөгөөд бөхчүүдийн B сорьцоос дахин хориотой бодис илэрвэл энэ тухай мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Ер нь бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаа байчихвал яасан юм.

Дэлхийн допингийн эсрэг заалтад ч тэр тухайн улсын үндэсний уламжлал, баяр ёслол нь WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагтай гэрээ байгуулах шаардлагагүй аж.

Хамгийн ойрын жишээ татахад Японы мэргэжлийн сүмогийн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаггүй. Өөрөөр хэлбэл, сүмочдоо допинг хэрэглэсэн эсэхийг шалгадаггүй. Гэхдээ тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор допингийн эсрэг сургалт зохион байгуулдаг. Сүмог спорт бус ёс заншил, баяр цэнгэл гэж үздэг учир тэр.

Тиймээс монгол үндэсний бөхөд допингийн шинжилгээ хийх нь зөв үү, буруу юу гэдэг асуулт гарч ирж байна аа.

Монгол бөхийг спорт бус баяр цэнгэл, ёс уламжлал гэж албан ёсоор тодорхойллоо гээд бөхөд хайртай түмэн бөхөө үзэхээ больчихгүй, барилдааны бай шагнал буурч, байгууллагууд бөхчүүдийг ивээн тэтгэхээ болихгүй л байлгүй дээ. Гэхдээ энэ бол зүгээр л санал.

24news.mn


URL:

Сэтгэгдэл бичих