Сул гишүүн сайд хоёрын ялгаа их шүү, Ц.Даваасүрэн сайд аа?

olloo_mn_1494481775_Untitled-1Б.ДАМДИН-ОЧИР

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн бол 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй гурав сонгогдсон хүн. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүхийнх байгуулагдахад танхимд нь орж ирсэн.

Анх сайд болоход нь “…Салбарын хүн очлоо” гээд дээр дооргүй магтаж байв. Тэр 1989-1992 оны хооронд Төвийн эрчим хүчний системд автоамтикийн инженерээр ажиллаж байсан аж.

Томилогдоод жил боллоо. Хориод хоногийн өмнө  /2018.08.28/ АТГ-аас эрчим хүчний салбартай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг шалгаж байгаа талаар рмэдээлсэн. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна гэсэн мэдээллийг өгсөн юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн маргааш нь үүнийг няцааж “…АТГ-аас мэдээлэл хийхдээ албан ёсны нэр дурдаагүй. Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө” гэж мэдэгдсэн.

Ингээд энэ дуулиан түр намжив.

Гэтэл өнгөрсөн бямба гариг /2018.9.14./-т төвийн эрчим хүчний систем “0” зогсолт хийж хот даяараа цахилгаан тасрав. “0” зогсолт гэдэг бол маш аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс мөн ч олон талаас нь тайлбарлаж байна.

Эрчим хүчний дэд сайд байсан Т.Энхтайван үүний хор уршгийг тайлбарлангаа Ц.Даваасүрэн сайдын толгойлж байгаа эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг шулуухан хэлчихсэн байна. Тэрээр “…Төвийн Эрчим Хүчний Систем “0” зогсчээ. Жил гаруйн өмнө бас “0” зогсож байсан. Үүнд салбарын нөхдүүд, засаг төрийн эрх баригчид, хэрэглэгчид дасал болж байх шиг!!!
Гэтэл энэ бол системийн хувьд байж боломгүй, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байгаа аваарь юм. Яагаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд заналхийлж байна вэ гэвэл нийтээрээ цахилгаан эрчим хүчгүй, дулаангүй, халуун хүйтэн усгүй, харилцаа холбоогүй, интернетгүй, шатахуун түлшгүй, эмнэлгийн чухал тоног төхөөрөмжүүд ажилгүй, банкны болон нийгмийн бүх л үйлдвэрлэл, үйлчилгээ нам зогсож байна. Иргэд эрх ашиг, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Мөн төрийн тусгай болон батлан хамгаалах, цэрэг цагдаа, олон улсын харилцаа холбоо болон чухал ажлууд хэрхэн тасалдаж байгааг төсөөлшгүй. Онцгой обьектуудын маань аваарийн дизель станцуудын хэдэн хувь нь бэлэн ажилласныг мэдэхгүй.
“0” зогсолтын давтамж нь ойртож байгаа нь эрчим хүчний салбарын мэргэжлийн боловсон хүчин, техник, аюулгүй ажиллагааны хувьд олон жилийн туршид бий болгосон инерциэрээ явж одоо нөөц, потенциалаа барж байгаагийн анхааруулга дохио юм.
Хэрвээ энэ зогсолт өвлийн улиралд болбол нийслэл болон томоохон хот суурингууд маань 2 цаг болоход захаасаа хөлдөж 6-12 цагт сэргээж чадахгүй бол бүрэн хөлдөх аюултай. Ийм юм болбол нийгэм, эдийн засгийн хохирлыг тооцохын аргагүй, ямар хугацаагаар үргэлжлэхийг ч төсөөлшгүй юм. Багахан хэмжээний дайн байлдаанаас ч дор юм болно.
Эрчим хүчний салбарыг улстөрчид, даргын цүнх баригчид, мэргэжлийн бус, дадлага туршлага, мэргэжил чадваргүй хүмүүсээр шахсаны үр дагавар, хохирол түрүүчээсээ гарч дохио өгч байгаа юм.
Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл салбарын удирдлага болон зарим томоохон компаниудын захирал, дэд захирлаар салбарт ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус, улс төрчдийн гар хөл болсон цүнх баригчдыг тавьж байна. Эдгээр нөхдүүд нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжийнхээ нэгж, шат дамжлагуудад өөрсдийн гарч ирсэн шалгуураар мөн боловсон хүчний томилгоог хийж байна.
Салбарын техник, технологийн бодлого бүрэн алдагдлаа. Удирдлагын болон шийдвэр гаргах түвшинд үүнийг мэддэг мэргэжлийн хүнгүй боллоо.
Хэдхэн жилийн өмнө томоохон компаниудын удирдлага гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, санхүү аж ахуй эрхэлсэн нэг орлогчтой байсан. Одоо том жижиггүй 3-5 орлогч захиралтай болсон. Ямар ч үүрэг рольгүй, хангамж эдлэж, машин унасан, өрөөндөө компьютер ширтсэн, эсвэл огт үзэгддэггүй нөхдүүд бий болсон гэж салбарынхан ярьцгаах болсон.
Сүүлийн үед ялсан намын фракц лидерүүд төлөөллөө дэд захирал, газар хэлтсийн даргаар тавьдаг болоод байгаа. Мөн сайдаар томилогдсон нөхөр компаниулын гүйцэтгэх захирлыг эс чадвал нэг дэд захирлыг, мөн хангамжийн хэлтсийн даргаар өөрийн гарын хүнийг ( цүнх баригч ) мэргэжил үл харгалзан тавьдаг уламжлал тогтоод байна.
Гэтэл хуучин жишээ авахад ТЭЦ-ийн захирлаар дулааны инженер, ерөнхий инженерээр цахилгааны инженер мэргэжилтэй станцын нэгжүүдэд ажиллаж байсан дадлага туршлагатай, тухайн хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилдог байлаа. Олон улсын жишиг нь ч тийм юм.
Станцын дулаан, цахилгааны тоног төхөөрөмж, технологийн бүтэц, бүрэлдхүүн нь шаардлага нь тийм юм.
Захирал, ерөнхий инженер хоёр техник, технологийн бодлогыг хамтарч барьдаг гэсэн үг. Энэ бодлогыг сайд, яам, тамгын газар нь хянах мэргэжлийн болоод практик дадлага туршлагатай хүний нөөцтэй байх ёстой” гэв.

Гэвч сайд Ц.Даваасүрэн гуай энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөх тун дургүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “..Би энэ асуудалд хамаагүй шүү” гэсэн ярилцлага өгөөд сууж байна.

Яаж хамаагүй байх билээ дээ. Сайд болно гэж гуйгаад очсон. Салбарынхаа асуудлыг хариуцна гээд сайд болсон. Хариуцна гэдэг чинь хариуцлага хүлээнэ гэсэн үг. Түүнээс биш хариуцлага хүлээдэггүй, элдвийн “хор” хуйд нэр холбогдоод бурхан шиг сууж байдаг Ц.Даваасүрэн шиг хүнээр эрчим хүчний салбар яах юм бэ.

Ер нь энэ хүн ярьсан болгондоо ороогдож байгаа нь сүүлийн үед ихээхэн анзаарагдах болов. АТГ-ын мэдээллийн дараа “…Надтай хамаатай хүн тендерт холбогдсон бол би маргааш шууд сайдын ажлаа өгнө” гэсэн. АТГ маргааш нь нөгөөх компаниудын нэрийг зарлана лээ. Эх сурвалжийн мэдээллээр Ц.Даваасүрэн сайдад хамаатай хүн гарч ирэх бололтой дог.

Сая “0” зогсоход “…Би бас л хамаагүй. Ер нь ДЦС-уудын захирлын томилгоо, бусад юмыг би мэддэггүй” гэж баахан ярьсан. ТӨБЗГ-аас ДЦС-4-ийн захирлаар А.Бямбадоржийг Ц.Даваасүрэн сайд санал болгосон гээд баримтаар гаргаад тавьчихна лээ.

Ер нь бол мань эр бүтэн арваад жилийн турш сул гишүүн байсан. Олон нийтийн анхаарал татсан сэдэв бүрээр хүртээмжтэй дуугарчихдаг гишүүн байсан. Зарим нь олон нийтэд таалагддаг байсан юм шиг байгаа юм. Үүнээс нь болоод түүнийг шударга гишүүн гэдэг хүн олон болсон. Гэхдээ тэр сүүлийн нэг их шударга хүний дүр эсгэсэн “поп” нөхөр байж гэдгээ харуулаад байна.

Ухвал олон л юм гарах бололтой юм билээ. Хэдхэн хоногийн өмнө  төвийн нэгэн хэвлэлд  “Арван хувийн Ц.Даваасүрэн” гэж байгаад авч өгсөн байсан. Хэдэн жилийн өмнө бас Хууль зүйн сайд Ц.Нямдорж түүнийг “Чамайг Сангийн яамны 10 процентын Даваасүрэн гэж хүн болгон ярьдгийг мэднэ шүү. Дуугүй байгаарай чи” гэж чуулганы хуралдаан дээр зандарч байсныг хүмүүс санаж л байгаа.

За энэ ч яахав. Харин энэ хүн Эрчим хүчний сайд боллоо. Одоо салбарт нь алдаа эндэгдэл гараад болдоггүй. Тиймээс хариуцлага хүлээгээд “…Надад хамаатай “гэдэг хүнд ажлаа өг. Нийгмээрээ ийм хариуцлагыг хүсдэг болчихсон үе шүү.

Бас тэгээд сул гишүүн байх, сайд хийх хоёрын хооронд асар хих ялгаа бий гэдгийг Ц.Даваасүрэн сайд мэдэж авсан байх гэж найдъя.

Эх сурвалж: polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих