NBA-ийн оддын 60 хувь нь зодог тайлснаас хойш таван жилийн дотор дампуурдаг

bАНУ-ын мэргэжлийн лигүүдийн аль нэгт багтаж чадвал саятны амьдралд хөл тавилаа л гэсэн үг. Супер одод жилд 30-40 сая ам.долларын цалин авдаг бол байнга сэлгээнд суудаг тааруухан тоглогч нь 800 мянган ам.доллар өлхөн халаасалчихна. Энэ нь тус улсын энгийн иргэдийн дундаж цалингаас даруй 10 дахин их хэмжээ. Гэвч ядуу тарчиг амьдралаас гэнэт баяжсан тамирчид мөнгөө дэмий зүйлд баруун солгойгүй цацсаар эцэст нь модоо барих тохиолдол элбэг. NBA-ийн сагсчдын 60 хувь нь зодог тайлснаас хойш таван жилийн дотор дампуурдаг гэх баримт үүний нотолгоо. Америкийн хөлбөмбөгийн тамирчдын хувьд 78 хувь нь зодог тайлсныхаа дараа гуйлгачдын эгнээнд шилждэг гэх баримт бүр ч эмгэнэлтэй. Ухаангүй үрэлгэн зангаасаа болж дампуурсан супер оддын түүхээс сонирхуулъя.

Аллен Айверсон

Аллен 14 жилийн карьерийнхаа турш зөвхөн цалингаас 154 сая ам.доллар олсон байдаг. Оргил үедээ тэрбээр Reebok компанитай таван жилийн 50 сая ам.долларын гэрээ байгуулаад зогсохгүй, дараа нь үүнийгээ шинэчилж бүх насаараа тус компанийг сурталчилсан анхны тоглогч болсон. Харамсалтай нь түүнийг гай дайрч, денвер болон Атланта дахь хоёр ч эдлэнгээ банкинд хураалгаж, эхнэрээсээ салж, мөрийтэй тоглоомонд ихэнх мөнгөө алдсан. Өдгөө Аллен дансан дахь 30 сая ам.доллартаа 2030 он хүртэл гар хүрэх эрхгүй болчихоод байна.

Майк Тайсон

Мэргэжлийн боксын домогт аварга амжилттай он жилүүдийнхээ үрээр 400 сая “ногоон” олсон ч хар тамхи, гэмт хэргийн улмаас өдгөө дампуурсан оддын тоонд орж буй. Аргаа барсан ахмад боксчин төлбөрөө төлөхийн тулд телевизийн шоунд орох, кинонд тоглох зэргээр мөнгө олж байна.

Эвандер Холифильд

Боксын оддоос дампуурсан ганц хүн нь тайсон биш. Мэргэжлийн боксын аваргын бүсийг дөрвөн удаа эзэмшиж явсан Эвандер холифильд ч бас ийм асуудалд орсон. Энэ нь ердөө хоёрхон шалтгаантай. Эхнийх нь маш их алдагдалтай бизнес түүнийг ийм зам руу түлхсэн бол сүүлийнх нь олон хүүхдийн мөнгө төлдөгт байгаа юм. Тэрбээр зургаан өөр эмэгтэйгээс нийт 11 хүүхэдтэй. 2008 онд Атланта дахь 109 өрөөтэй эдлэнгээ зээлийн улмаас алдсан аж.

Жон Дэли

Баячуудын спорт гэгддэг гольфт Жон дэли нэгэн үе гялалзаж байлаа. Гэвч тэрбээр нэг л өдөр мөнгөгүй, ядуу нэгэн болж хувирсан. Архинд толгойгоо мэдүүлсэн нь үүний шалтгаан болжээ. Тэрбээр 2004 онд хэвлүүлсэн дурсамж номдоо 60 сая ам.долларыг юу ч үгүй үрчихсэндээ харамсаж явдгаа бичсэн байдаг.

Майкл Вик

Америк хөлбөмбөгийн “Филадельфи ийглс”-ийн холбогч Вик нохой зодолдуулсан хэргээр 18 сар “аавын хаалга” татсан. үүнээс үүдэн олон сая ам.долларын гэрээгээ алдаж, хамтрагч бизнесийн байгуулагууд нь нүүрээ буруулснаар бүр мөсөн дампуурсан юм.

Ленни Дюкстра

Бэйсболын “Нью-йорк Метс”, “Филадельфи Филльес” багуудад тоглож, гурван удаа Бүх оддын тоглолтод оролцсон Ленни 1997 онд зодог тайлсан. Их спортоо орхисноос хойш бизнесийн ертөнцөд хөл тавьж, машин угаалгын газар ажиллуулж эхэлсэн боловч 2007 онд түүнийгээ зарсан юм. Энэ хооронд сэтгүүл гаргаж үзсэн ч бас л бүтэлгүйтэв. Өр зээлэнд ороогдсон тэрбээр бүх мөнгөө банкинд алдсан гашуун түүхтэй.

Жамаркус Руссель

Америк хөлбөмбөгийн авьяаслаг залуу холбогчдын тоонд багтаж явсан ЖаМаркус Руссель 2007 онд драфтаар “Оклэнд Рэйдерс” багт очсон. Тус баг ирээдүйтэй тоглогчтой дөрвөн жилийн хугацаатай 61 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэвч хар тамхины улмаас Руссель мэргэжлийн замналаа удаан үргэлжлүүлж чадсангүй. Тэрбээр шоронд сууж, эдлэнгийнхээ мөнгийг ч төлж чадахгүй болтлоо уруудсан юм.

Лэтрелл Спрюэлл

NBA-ийн хамгийн сахилгагүй тоглогчдын нэг лэтрелл 2005 онд “Миннесота Тимбервулвз” багийнхаа гурван жилийн 21 сая ам.долларын гэрээнээс татгалзсан шалтгаанаа “Энэ мөнгө үр хүүхдээ тэжээхэд хангалттай хүрэлцэхгүй” хэмээн тайлбарласан аж. Эдлэн газрынхаа сарын төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн лэтрелл 2005 оноос хойш лигт тоглоогүй юм.

Скотти Пиппен

Нэгэн цагт “Чикаго Буллз”-ын од асан Скотти Пиппен карьерийнхаа турш 120 сая ам.долларыг зөвхөн цалингаасаа олсон гэдэг. Харамсалтай нь домогт тоглогч дампуурлаа зарлаж, энэ бүхнээс гарахын тулд өөрийн эд хөрөнгөө зарсан юм.

Энтони Уолкер

NBA-д 12 жил тоглохдоо 110 сая ам.доллараас илүүг олсон Уолкер зодог тайлаад хэдхэн жилийн дараа хөгжлийн лигт тоглох болсон нь сагсан бөмбөгөө санасных биш байв. Мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө алдсан түүнд мөнгөний хэрэг гарсан учраас эргэн ирсэн хэрэг. Тэр зөвхөн цалингаараа амьдраагүй. Ид үедээ Adidas брэндтэй гэрээ байгуулж, 1999 онд NBA Live 99 видео тоглоомын эхний нүүрэнд заларч, 60-65 орчим сая “ногоон” олсон ч энэ мөнгө элсэнд цацсан ус мэт алга болжээ.

ЗГМ сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих