Б.Наминчимэд: ШИНЖ
Худалдагч охин хариулт мөнгө өгөхдөө нэлээд уцаарлангүй жишүү харж ярвайгаад, түлхэж өгч байх юм. Энэ үйлчилгээний соёлын хүрээнд яригдах асуудал л даа. Гэхдээ надад эрхгүй хүний шинж байдлын талаар эргэцүүлэхэд хүргэв.
Гэрийн ойр байх засварын газарт машинаа үзүүлтэл, ер машин маань яаж хөдөлж байсан юм бол гэмээр болчихов. Олон эд ангийг зайлшгүй солих шаардлагатай гэнэ. Зардал дийлэхээргүй өндөр болсон тул жаал гайхаж сууснаа, хотын нөгөө захад байх танил засварчнаа хэрэг болгон зорилоо. Өмнөхөөс эсрэг онош гарч, ганц хоёр резин, жийрэг төдийг солиод зүв зүгээр. Энэ худал хуурмаг хийгээд шударга ёсны хүрээнд яригдах асуудал байх. Гэсэн ч дахиад л хүний шинж байдал бодогдох.
Туслах замаас төв замруу орох гэж гэрэл дохиогоо өгсөн ч арван машин “харалгүй” өнгөрөв. Энэ замын хөдөлгөөний соёлын хүрээний асуудал ч дахиад л өнөөх хүний шинж….
Зогсоолд ухарч орох гэтэл ар хударгаар чигнаалдаж дайраад орчих. Мөчийн өмнө л “Чи мундаг шүү” хэмээн дал мөрийг нь илбэж байсан хүнээ булан тойронгуут “Муу новш. Энэний улс төрч гэж юу байсан юм” хэмээн надад муулж, араас нь нулимж зогсох.
***
Миний багад “Шинжгүй амьтан” гэж ярилцдаг байв. Бүр “амьтан” шүү. “Хүн” гэсэнгүй. “Өө, тэр чинь бүр нэг шинжгүй хог байгаа юм”, эсвэл “Шинжгүй дээ, цаадах чинь. Амны гарз” гэх мэтээр ярилцах. Багад элдэв ааш гаргаж байгаад “Битгий шинжгүй царайлаад бай” хэмээн зэмлүүлж, ихэд гэмших. “Шинжгүй” гэх нь сайн шинж үгүй гэсэн үг юм. Сайн шинжтэй байж хүний тоонд орно.
Хүнд юм өгөхдөө буруу харж түлхэж өгөх, авахдаа угзарч авахыг цээрлэнэ. Тэгэж буй бол өнөөх “Шинжгүй амьтан”-ых нь тоонд гарцаагүй орно. Яагаад гэвэл эхнийх нь өгч буй зүйлийнхээ араас харуусч буйг, удаах нь өглөг хийгээд сайн сайхныг үнэлэх, талархах чадваргүйг илтгэнэ. Эдгээрийн цаана тэр хүний хүмүүжил, төлөвшил, сэтгэлгээ, хандлага төдийгүй бүр дотоод мөн чанар, уг язгуур шинж нь илэрнэ. Тиймээс л “Шинжгүй” гэх. Хоол идэж буйгаас нь эхлээд л шинж мэдрэгдэнэ. Шал пал хийлгэн дуу чимээ гаргаж, хүжигнэтэл сорж, нүдээ гялалзуулан, том том үмхэлж, хахаж цацан байж идэхийг харангалчихсан, хоолны бараа хардаггүй байнга өлөн хоосон явсан мэт хэмээн шинж муутайд тооцно. Хомхой ховдог гэнэ. Ер нь дорд зан байдал юм даа. Түүнээс гадна энэ нь тэр хүний дотоод соёл нэн сулыг илтгэнэ. Үргэлж л “Өлслөө, цангалаа” хэмээн явах нэгнийг “Бүр нэг шинжгүй, урьд насандаа өлбөрч үхсэн хүний сүнс биз. Энэ насаа ч өлсөж цангаж туулахдаг шүү” гэх.
Хийгээд өгсөн цай хоол нь хүртэл амтгүй сул хийсэн нь байх. “Өө нөгөө тэдний усан гарт эхнэр” гэнэ. Нэг л гэмтэй, нүнжиг сүжиг муутайг илтгэнэ. Ядарсан зутарсандаа эрэлхүү дээрэлхүү байхыг бол бүр ч их шинжгүйд тооцно. Хүнтэй мэндлэхээс эхлээд л хүний шинж байдал мэдрэгдээд эхэлнэ дээ.
“Харц нь гялалзаж, царай нь гэрэлтсэн, алхаж гишгэх нь цэх, мөн ч золбоотой хүү байна даа”, “Гонгиноо дуут”, “Усан нүдэт”, “Хавьтсан ойртсоноо муучилж, өөлсөн, ханилгаагүй”, “Чонын бэлтрэг шиг гөлөгнөсөн харцтай”, “Хэлж ярих нь хүртэл хэрэлдээд байгаа мэт хэцүү хэцүү”, “Дандаа л байхгүй, чадахгүй гэж явдаг муу амт. Тэр ч өөдлөхгүй дээ”, “Хар багаасаа доль цохичихсон” гэх мэтээр хүний байдал төрх, алхаа гишгээ, дуу хоолойн өнгө, харц, яриа хөөрөө, ахуй байдал, өмссөн зүүсэн гээд бүхий л талаас нь хүнийг шинжин, мөн чанарыг нь тодорхойлдог байна.
Хонь, ямаандаа хуц, ухна тавихдаа хүртэл алхаа гишгээ, дуу хоолой, эвэр сүүл, өнгө зүс, гэдэс гүзээ, эвэр туруу, хамар чих, ноос хялгасыг нь хүртэл шинждэг ард түмэн чинь хүнээ тэгэж айхтар шинжилгүй ч яахав. Бүр “Уг муутын усан дотроос түймэр асдаг” гээд хэлчихсэн л ард түмэн шүү дээ.
Харин энэ цагт бид “Шинж” гэж энэ айхтар ойлголтыг бараг мартаа юу даа. Хүнээ шинжиж чадахыг байсных нь нэг илрэл бол төрд хямрал нүүрлэх хэмжээнд хүртэл янз бүрийн шинжгүй нөхдүүдийг тийш залчихсан явдал юм. Горыг нь нийтээрээ л амсаж байна. Хүнээ язгуур мөн чанараар нь шинждэг уламжлал маань бүр шалдаа бууж, зөвхөн өнгөн талаас нь өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэсэн, элдэвлэн чамирхсан төдийгөөр нь ялгаварлан шинжих хэмжээнд арчаагаа алдан унажээ. Тэгээд л нэг нэгнээ өмссөн зүүсэн төдийгөөр нь гоочилсон амьтад л олон. Шинжих бол энэ огтоос биш.
Мөн соёл л яриад байх. Гэтэл соёл хийгээд боловсон байдал нь ихээхэн өнгөц юм. Учиргүй соёлтой, бахархам боловсон атлаа ямар ч шинжгүй амьтдын алийг нь гэхэв. Бишгүй л байна даг. Шинжгүй байдлаа хуурамч хоосон боловсон соёлоор халхалж, гайхуулж яваа хогуудын алийг нь гэхэв. Гэхдээ мэдээж хэрэг огт соёлгүй байснаас засдаг хуурамч ч гэсэн соёлтой байх нь дээр л дээ.
Харин бидний уламжлалд соёлын асуудлыг бүр хүний мөн чанартай нь холбон авч үздэг байжээ. Өөрөөр хэлбэл соёл бол хүний дотоод мөн чанартай нийцэж байх ёстой. Энэ илүү чухал. Олон зуу, мянган жилийн ажиглалт, туршлага, танин мэдэхүйн үр биз.
Өнөөдөр худалдагч охин хариулт мөнгөө нэг л ёозгүй өгсний ард энэ мэт элдвийн л юм бодогдов. Ер энэ цаг үед энэ мэтийг эргэцүүлэх нь зөв ч юм уу даа, мэдэхгүй ээ.
Б.Наминчимэд
URL: