Өдрийн цагаар 1000, шөнийн цагаар 1500 төгрөгөөр явж буй таксичдаа хэзээ цэгцлэх вэ

15374367735ba36c6521289

 Үйлчлүүлэгч: КМ нь хэдээр явж байгаа вэ?

Таксины жолооч: Өдрийн цагаар 1000 төгрөгөөр явж байгаа.

Үйлчлүүлэгч: Тэгвэл оройн цагаар хэдээр явах уу?

Таксины жолооч: Орой 1500. Зарим нь согтуу хүн бол 2000 төгрөгөөр явчихдаг л гэсэн.

Үйлчлүүлэгч: Өмнө 800 төгрөгөөр явдаг байсан биз дээ. Яагаад нэмчихсэн юм бэ?

Таксины жолооч: Бензиний үнэ нэмэгдчихсэн учраас

Үйлчлүүлэгч: Бензиний үнэ хэзээ, хэдэн төгрөгөөр нэмэгдсэн юм бол?

Таксины жолооч: Мэдэхгүй. 200-300 төгрөгөөр нэмэгдсэн юм шиг байна лээ.

Энэ бол таксинд суухдаа, жолоочтой нь хөөрөлдсөн яриа. Шатахууны үнэ хэзээ, хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг ч мэдэхгүй байж, Бензиний үнэ өссөн болохоор үнэ нэмэгдсэн гэх үгийг хээв нэг хэлж суугаа нь харамсалтай.

Шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн уухайн тас дагаж “намирдаг” хүмүүс нь хувиараа буюу хууль бусаар такси үйлчилгээ эрхлэгчид

Мэдээж ард иргэдийн амьдрал, түрүйвч хоёрт халгаатай импортын гол бүтээгдэхүүн бол шатахуун гэдэгтээ маргах хүн үгүй. Учир нь бензин, шатахууны үнэ өссөн сурагаар бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсч, энгийн иргэдийн идэж уух, эдэлж хэрэглэхийг танадаг. Үүний нэг жишээ нь шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн уухайн тас дагаж “намирдаг” хүмүүс нь хувиараа буюу хууль бусаар такси үйлчилгээ эрхлэгчид.

Уг нь таксинд явдаг автомашинуудыг текник үзүүлэлтээр нь бодоод үзэхэд нэг машин 100 км тутамд дунджаар 11.8 литр бензин зарцуулж байгаа бол нэг км-т 180 орчим төгрөгийн үнэ бүхий бензин зарцуулж байгаа. Үүн дээр автомашины элэгдэл хорогдол болон жолоочийн цалин хөлс, бусад засвар үйлчилгээний өртгийг нэмэхэд хамгийн дээд тал нь нэг км газар 500-600 төгрөгөөр үйлчлэх бүрэн боломжтой гэж тогтоожээ. Гэтэл манайд таксиний доод үнэ ханш 1000 төгрөг. Бүр цаашлаад өглөө, орой, согтуу, эрүүлээсээ шалтгаалаад 1500-2000 төгрөгт хүрдэг байна.

“Үнэ нь гэрлийн хурдаар өсч байгаа хэрнээ, үйлчилгээ, чанар нь улам муудаж байна” гэх иргэдийн гомдол тасардаггүй

Мөн “Үнэ нь гэрлийн хурдаар өсч байгаа хэрнээ, үйлчилгээ, чанар нь улам муудаж байна” гэх иргэдийн гомдол тасардаггүй байна. Тодруулбал, автомашины өнгө үзэмж муу, эвгүй үнэртэй байдаг төдийгүй жолооч нар нь харилцааны соёлгүй, мөнгө тааруулж өгөхийг шаарддаг, эсвэл хариулт өгдөггүй, жолоо барьж явахдаа утсаар ярьж, аюулгүй байдал хангадаггүй гэх мэт айдас, тав тухгүй байдлын талаар гомдол, зөрчил цагдаагийн байгууллагад маш ихээр ирдэг юм байна.

 Үүнтэй холбогдуулан, “Хувийн машинаараа такси үйлчилгээнд явахыг хориглоно. Хувийн машинаараа явж байгаа иргэдийг торгоно, заавал такси үйлчилгээний компанийн лого, таних тэмдэг бүхий машинаар үйлчлэхийг сануулна” гэсэн мэдээлэл гарсан.

Иргэд өөрсдөө л албан ёсны такси үйлчилгээг сонгохгүй бол хувиараа явж байгаа жолооч нарыг явуулахгүй гэж хуулиар зохицуулах боломжгүй

 Энэ талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулахад, “Энэ талаар Засгийн газраас болон Хууль зүйн яамнаас тусгайлан журам, дүрэм гаргаагүй. Хувийн машинаараа такси үйлчилгээнд явж байгаа иргэд дураараа үнэ нэмдэг, үйлчлүүлэгчээ дарамталдаг, бохир заваан машинаар үйлчилдэг гэх мэт гомдол санал маш их ирдэг ч өөрсдөө л албан ёсны такси үйлчилгээг сонгохгүй бол энэ мэтээр хувиараа явж байгаа иргэдийг тэр болгон хуулиар зохицуулаад байх боломжгүй. Манайхаас албан ёсны такси явуулдаг зөвшөөрөлтэй байгууллагын тоог нэмэх хүсэлтийг л холбогдох яам, Засгийн газарт хүргүүлсэн” гэв.

 Аливаа улс оронд ирсэн хүн юуны өмнө нийтийн тээвэр тэр дундаа таксигаар нь үйлчлүүлдэг болохоор улс орны нүүр царай болдог такси үйлчилгээг төрөөс бодлогын түвшинд шинэчлэн зохион байгуулж, бүр хориглодоггүй юм аа гэхэд чанар болоод өнгө үзэмж, үнэ өртгийн асуудлыг нэг мөр шийдэх шаардлагатай байна.

 Хамгийн гол нь шатахуун нэмэгдэх сургаар үнээ нэмдэг, эсвэл шөнө, орой, эрүүл согтуу гэж ялгаварлан аманд орсон тоогоо хэлж адилхан амьдрах гэж яваа нэгнийхээ халаас руу өнгийдөг хувийн таксины үнэ өртгөнд хяналт тавьмаар байна.

Т.Гэрэл

Zaluu.com


URL:

Нэр: Зочин Огноо: 26 September 2018

Такси үйлчилгээ эрхлэх хүмүүсийг компанид бүртгэж НӨАТ баримт өгдөг болгох хэрэгтэй. Хүн бүхээ ухаалаг утастай техникийн өоломж бүрэн байна даа

Сэтгэгдэл бичих