Ц.Сандуй эрх мэдлийн төлөө МАН-ын нэр хүндийг зольж, Монголын нийгэмд онц аюултай гэмт үйлдэл сэдэхээс сийхгүй нэгэн
Иргэн Г.Доржзодов Нийслэлийн МАН-ын хороонд гомдол гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
НИЙСЛЭЛИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ ХЯНАЛТЫН ХОРООНД
ГОМДОЛ ГАРГАХ НЬ
Иргэн Г.Доржзодов би 2014 оны 8 сарын 1-ээс эхлэн 9 сарын 10 хүртэл хугацаанд тухайн үеийн Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Дарга Цэндсүрэнгийн Сандуй, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгч, Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Алтанхуягийн Ганбаатар нарын өгсөн үүрэг даалгаварын дагуу тэдний боловсруулж байсан УИХ-ын 2016 оны сонгуулийн санхүүжилт, штабын бүтэц, зохион байгуулалт, стратеги төлөвлөлтийн ажилд дайчлагдан ажилласан.
Ц.Сандуй нь төрийн албыг үнэлж УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө зөвхөн нийслэлээс 60 тэрбум төгрөг босгох санхүүжилтийн схемийг боловсруулахад биечлэн, санаачлан, гардан оролцсон төдийгүй үүнийгээ А.Ганбаатарын хамт 2014 оны 9 сарын 8-ны өдөр Монгол Ардын намын Дарга Миеэгомбын Энхболдод танилцуулсан. Эл уулзалтад миний бие байлцаж гэрч болсон бөгөөд энэ талаар өнөөдрийг хүртэл шударгаар, иргэний үүргээ биелүүлж баримт нотолгоотойгоор олон нийтэд хүргэсээр ирсэн. Ц.Сандуй, А.Ганбаатар нар 40 минутын турш хэрхэн “60 тэрбум”-ын санхүүжилтийн схемийн тооцооллыг хамтран боловсруулж байгаа, түүнийгээ 90 минутын турш МАН-ын Дарга М.Энхболдод хэрхэн танилцуулж байгаа дуу авианы бичлэг, гэрэл зургууд, нотлох баримтууд өдгөө олон нийтийн хүртээл болоод байна.
“60 тэрбум”-ын уулзалт болсоныг гэрчлэх нотлох баримтуудын зарим хэсэг анх 2016 оны 6 сарын 17-ны өдөр олон нийтэд хүрсэн өдрөөс эхлэн Ц.Сандуй намайг эрэн сурвалжилж, өөрийн зөвлөх А.Ганбаатараар миний ойр дотны хүмүүсийг мөрдөн мөшгүүлсэн, миний гэр бүлийн хүмүүсийг айлган цочоосон, миний хувь хүний нууцтай холбоотой мэдээ, мэдээллийг хууль бус аргаар цуглуулсан, А.Ганбаатар, М.Өлзий нартай үгсэн АТГ-т 2016 оны 6 сарын 28-нд худал мэдүүлэг өгч намайг эрүүгийн хэрэгт бүлэглэн гүтгэсэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хууль бусаар нөлөөлж нотлох баримтуудад шинжээчийн худал дүгнэлт гаргуулсан, Ц.Сандуй нь хууль бус заавар, чиглэл, эрхийг А.Ганбаатарт өгч нотлох баримтуудыг устгуулах зорилгоор миний өмч хөрөнгөд халдах, бүлэглэн дээрэмдэх, эвдэж сүйтгэх, намайг удаа дараа хуулийн байгууллагуудаар баривчлуулж орон байранд болон биед нэгжлэг үзлэг хийлгэх, дур зоргоороо авирлах боломж, нөхцлөөр хангасан, 2016 оны 7 сарын 6-ны өдөр НИТХ-ын Даргаар сонгогдохдоо “… 60 тэрбумын уулзалт болоогүй, бичлэг бол эвлүүлэг гэдэг нь бараг тогтоогдож байгаа…” гэх мэтээр НИТХ-ын индэр дээрээс орон даяар худал мэдэгдсэн, өөрийн зөвлөх А.Ганбаатараар ТЕГ-т худал гомдол гаргуулж миний эсрэг зохиомол эрүүгийн хэрэг үүсгүүлэн намайг баривчлуулж удаан хугацаанд тарчлаасан, миний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгөд хууль бусаар халдсан, миний алдар хүнд, нэр төрийг ихээр гутаан доромжилсон, миний ойр дотны хүмүүсийн аюулгүй байдал, сэтгэл санаанд нөхөж баршгүй хохирол учруулсан, өөрийн зөвлөх А.Ганбаатараар дамжуулан миний амь насанд зүйл бүрээр заналхийлсэн (“Хэрэв Намын дарга зөвшөөрвөл чамайг устгачихад ядах юм байхгүй”, “Хэрэв аятайхан байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихно шүү”), удаа дараа намайг хоёр өрөө байр, гадаадад сурах эрхийн бичиг, нэг сая америк доллароор худалдан авах гэж оролдсон, орон даяар нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа захиалгатай, төлбөртэй, зохион байгуулалттай гүтгэлэгүүдийг шторк, нэвтрүүлэг, нийтлэл, постер, дуу авианы бичлэг, дам яриа, цуурхал зэрэг хэлбэрээр тараасаар байна. Нийслэлийн МАН-ын хорооны Даргаар ажиллаж байхдаа Ц.Сандуйгийн үйлдэж эхэлсэн эдгээр эрүүгийн гэмт үйлдлүүд нь түүнийг ёс суртахуунгүй, ичгүүргүй, ёсзүйгүй, албан тушаал, эрх мэдэл, амин хувийн ашиг сонирхлын төлөө найз нөхөд, намын хамт олон, МАН-ын нэр хүндийг золих, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчин монголын төр, нийгэмд онц аюултай гэмт үйлдлүүдийг сэдэх, захиалах, зохион байгуулахаас сийхгүй гэдгийг харуулж байна. Ц.Сандуй өөрөө санаачлан, бэлтгэн, манлайлан оролцсон “60 тэрбум”-ын уулзалт, гэм бурууиай үйлдлээ хууль бус, явуургүй аргаар баллуурдах гэсэн элдэв оролдлогууд нь МАН-ын нэр хүнд сонгогчдын дунд улам ихээр унахад сөргөөр нөлөөлсөөр байгаа нь туйлын харамсалтай. Эл хугацаанд миний бие болон миний ойр дотны, эргэн тойрны хүмүүс алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаа, аюулгүй байдал, эдийн засгийн асар их хэмжээний хохирол амсаад байна.
Иймд дээр нэр дурдагдсан Цэндсүрэн овогтой Сандуйгийн ёсзүйн асуудлыг шүүн хэлэлцэж, эрүүгийн шинжтэй гэмт үйлдлүүдийг нь таслан зогсоож, цаашид улстөрийн дэмжлэг үзүүлэхээс эрс татгалзаж, МАН-ын нэр хүндийг удаан хугацаанд сэвтэж унахаас урьтаж, таслан сэргийлэх хатуу арга хэмжээ авна уу.
Гомдолд 2014 оны 8 сарын 28-ны өдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн албыг үнэлэх аргачлалыг хэрхэн боловсруулж тооцоолж байгааг нотлох 40 минутын аудио бичлэг, түүний текст, 2014 оны 9 сарын 8-ны өдөр М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 90 минутын уулзалтын аудио бичлэг, түүний текст, Ц.Сандуйгийн 2016 оны 6 сарын 24-нд хийсэн мэдээлэл, 2016 оны 6 сарын 28-нд АТГ-т өгсөн худал мэдүүлэг, 2016 оны 7 сарын 6-нд НИТХ-ын индэр дээрээс хийсэн мэдэгдэл, мөн 90 минутын бичлэгт Америкийн шинжээч Франк Пиаззагийн хараат бус шинжээчийн дүгнэлтийг тус тус хавсаргав. Хавсралт нийт 46 хуудас, 1 ширхэг DVD.
ГОМДОЛ ГАРГАСАН: /Г.ДОРЖЗОДОВ/
2018 оны 9-р сарын 17.
http://www.sonin.mn/news/gemt-hereg/95189
URL: