200 сая төгрөгөөр 4 уулзварт шар тэмдэглэгээ хийнэ
Ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд замын түгжрэлийг бууруулах зорилгоор зарим замын уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийхээр төлөвлөжээ. Эхний удаа 4 уулзварт уг тэмдэглэгээ хийх, камержуулах бөгөөд үүнд нийт 200 сая төгрөг зарцуулах юм. Тодруулбал, Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт энэ тэмдэглэгээг хийнэ.
Б.Индра: Шар тэмдэглэгээг арилдаггүй, зориулалтын бүтээгдэхүүнээр хийнэ
Тэгвэл уг тэмдэглэгээг ямар материалаар хийх, “Гэрэлт гудамж”-нд хийсэн замын тэмдэглэгээ шиг борооны усанд урсах эсэх талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индрагаас тодруулахад “Гэрэлт гудамжинд хийгээд арилсан замын тэмдэглэгээний ажлыг манайх хийгээгүй, зөвшөөрөл ч олгоогүй. Замын уулзварт хийхээр төлөвлөж буй шар тэмдэглэгээг манай байгууллага хариуцаж хийнэ. Уг тэмдэглэгээг замын тэмдэглэгээ хийдэг зориулалтын бүтээгдэхүүнээр хийх тул арилах, алга болох асуудал үүсэхгүй. Цаашид ачаалал ихтэй уулзваруудад нэмж хийх байх. Цаашдаа тухайн уулзваруудыг камержуулж, анивчиж буй гэрлээр шар тэмдэглэгээг давсан жолооч нарт хариуцлага тооцох ажил хийгдэнэ” гэсэн мэдээллийг өглөө.
Шар тэмдэглэгээний ач холбогдол юу вэ
Замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад ихэнх жолооч “Зогс шугам”-ын ард зогсолгүй, уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг улам нэмэгдүүлдэг. Иймд дөрвөлжин шар тэмдэглэгээ хийсэн уулзварт анхааруулах дохио анивчиж байгаа үед тухайн тэмдэглэгээ рүү нэвтрэхгүй, зогсохыг анхааруулах юм хэмээн НИТХ-ын үеэр уг ажлыг санаачлэгчид танилцуулсан.
Уулзварт шар тэмдэглэл хийх ажлыг өнөөдрөөс Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж эхэлжээ.
URL: