ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ХАМГИЙН ОЛОН ХУУЛЬ БУС ТОМИЛГООГ ХИЙЖЭЭ

olloo_mn_1537410777_sarangerel13Салбар удирдаж байгаа сайдууд хууль бус томилгоо буюу халаа сэлгээг их хийдэг талаарх гомдол байнга гардаг.

Яам болон төрийн агентлагуудад Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт шалгалт хийжээ.

Шалгалтаар Эрүүл мэндийн яамнаас олон ноцтой зөрчил илэрсэн байна. Тухайлбал, тус яамны таван газрын дарга, есөн хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа.

Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй таван иргэнийг хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болсон гэж үзсэн байна.

Иймээс Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тогтоол гаргажээ.

Мөн Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудад төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд зөвлөмж болгосон байна.

Ийнхүү сайд нь хууль зөрчиж болдог юмуу. АТГ-аас Эрүүл мэндийн сайдыг хууль зөрчиж, хүүгийнхээ найзыг ажилд авсан  байсан гэж мэдээлэл хийхэд “Ардын хүүхдийг ажилд авч болдоггүй юм уу” хэмээн өөрийгөө өмөөрсөн удаатай.

Тэгвэл тэрбээр Төрийн албаны зөвлөлийн хийсэн энэ  шалгалтын дүнд ямар хариу хэлэх бол гэдэг нь сонирхол татаж байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих