Амьдрал сайн уу: Ядуурал удамшиж, дунджуудыг түгшээж байна
Ядуурал архагшиж, нийгмийн зарим хэсгийн цусанд ДОХ-ын вирус шиг хэр барагтай илааршихааргүй гүн шигджээ. Энэ хэрээрээ улам заналтай, хорон болж байна. Ядуу амьдралаасаа ичиж, тэндээс гарахаар тэмүүлэхээ больсон хэсэг бидний дунд хэдийн бий болж. Тэр ч бүү хэл, ядуу байх нь тэдэнд амар санагддаг байж ч мэднэ. Бүгд нэгэн жигд амьдарч байсан өмнөх нийгмээс хүчтэй нь хүчгүйгээ “барьж идэх” зэрлэг капитализм руу шилжсэнээс хойших 30-аад жилд баян цөөнх, ядуу олонх гэсэн хоорондоо хэзээ ч ойртохгүй, улам л холдох хоёр туйл үүсэж, тэдний сэтгэхүй, хандлага хэзээ ч нэгнээ ойлгохооргүй алсарч байна. Ядуурал хүмүүсийн мах цусанд шингэж, айдас хүйдэс төрүүлэхээр үзэгдэл болжээ.
Ямар зоригтой, харгис дүгнэлт вэ хэмээн ундууцахаа түр азнаарай. Мэдээж, хамгийн сүүлчийн судалгаагаар ядуу хэмээн тоологдсон сая шахам хүн бүгд ийм биш байж таарна. Гэвч иргэнээ гэх бодлогогүй, дэндүү хүйтэн хөндий, эзэнгүй явсан 30-аад жил монголчуудын сэтгэлгээнд сайн, муу олон зүйл ул мөрөө арилшгүйгээр үлдээсний нэг нь дээр дурдсан үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
“Амьдрал сайн уу” цуврал сурвалжилгаа хийж явахдаа уулзаж, ярилцсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн Л.Мандах “Хүмүүс халамжинд нэг л орсон бол буцаж хасагдана гэж бараг үгүй. Хөдөлмөрийн чадвартай хэрнээ нийгмийн халамжаар амьдрах сонирхолтой хүн цөөнгүй. Элдэв халамж давхардуулж аваад байхаар ажил хийснээс илүү мөнгөтэй болдог. Халамжаар амьдарч сурсан хүмүүс ажил хийх үнэхээр дургүй. Ажлын байр гаргаж өгөөд ч очдоггүй. Тэд ажилгүй, ядуугаараа үлдэх сонирхолтой юм шиг санагддаг” хэмээсэн.
Тун удалгүй би түүний хэлснийг батлах үйл явдлын гэрч болсон юм. Нийтлэлийн минь нэгэн баатар архичин аавын зодуураас зугтаж гудамжинд өссөн, гэр бүлтэй болоод ч байдал дээрдээгүй, өдгөө гурван хүүхэдтэйгээ өөрийн гэсэн орох оронгүй, гудамжны буланд өлөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөж байгаа гээд шилжилтийн ороо бусгаа цаг үеийн хамаг л зовлонг үзэж туулсан, өрөвдмөөр түүхтэй бүсгүй байв.
Түүний тухай нийтлэл гарснаас хойш олон ч хүн редакц руу холбогдож, тусалмаар байгаагаа илэрхийлэн утасны дугаарыг нь авсан. Тэдний нэг нь эс ч, нөгөө нь холбогдон тусламжийн гараа сунгасан гэдэгт итгэлтэй байна. Тэр дундаас манайдаа нэртэй компанийн удирдлага хүүхдийг нь цэцэрлэгт оруулж, өөрийг ажилд авъя, цаашдаа хашааны газар, гэр орны асуудлыг нь ч шийдэхэд тусална хэмээн хандсан нь надад ямар ч мөнгө төгрөг, хувцас хунараас илүү баярлууштай, олзуурхууштай санагдсан юм.
Гэтэл бүсгүй компанийнхны сайхан сэтгэлийг хүлээж авахаас татгалзсан гэнэ. Үүнийг сонсоод гол гонсойж, урам хугарах, түүнийг ажилгүй, залхуу хэмээн чичлэхээсээ илүүтэй эмзэглэж, өрөвдөх сэтгэл төрсөн. Уг нь би түүнийг амьдралынхаа төлөө хичээн зүтгэж, хүч шавхан хөдөлмөрлөх хүсэлтэй ч нөхцөл боломж нь бүрдээгүй, хүнд бэрхийг өөрийн хүчээр давах эрмэлзэл дүүрэн нэгэн хэмээн дүгнээд байсан юм. Түүний яриа тэгж л санагдахаар байлаа.
Санаачилга гаргасан компанийнхантай уулзуулахад бүсгүй надад ярьж байснаасаа огт өөр, өөртөө итгэлгүй, бүрэг дорой нэгэн болон хувирч, “Надад хийж чадах ажил байхгүй” гэхээс өөр олигтой үг амнаасаа унагаагүй. Харин компанийн удирдлага “Ямар ч байсан чамайг цэвэрлэгчээр ажиллуулахгүй. Чадахгүй гэж санаа зовох хэрэггүй. Бүгдийг нь зааж сургаад, болох талаас нь дэмжиж тусална. Юм хийж сураад авбал хожим өөрт чинь ч хэрэгтэй” гэхэд нь “Ингэж хэлэх хүн олон таарахгүй шүү. Хамт олны дунд орж, нийгэмтэй хөл зэрэгцэн алхах, тогтсон ажил, орлоготой болж, амьдралаа өөд татах боломж нээгдлээ” хэмээн өмнөөс нь баярлаж суусан сан.
Өөр давхаргад “харьяалагдах”, сэтгэхүй, хандлагын зөрүүтэй бусдад утгагүй, өрөвдмөөр, гэнэн мэт санагдаж болох ч, ажиллах л ёстой гэж бодож, тэрэгний морь мэт зүтгэдэг, түүнийхээ буянд дундаж давхаргаас шидэгдчихэлгүй дүүжигнэж явдаг миний хувьд энэ нь алдаж болохгүй боломж мэт санагдаж байв. Гэвч хэд хоног бодох хугацаа авсан бүсгүй миний төсөөлснөөс өөрөөр шийджээ. Энэ түүний буруу биш, харин сэтгэлгээний ялгаа гэж би харсан.
Тэр өөртөө итгээгүй, том компанийн ажилтан болж, хамт олон дунд ороод өдөр бүр цаг бүртгүүлж яваагаар өөрийгөө төсөөлж чадаагүй байх. Ийм амьдрал түүнд харь холын танихгүй ертөнц шиг санагдаж, сүрдсэндээ 30 жил амьдарч дадсан дотно, амар санагдах ертөнцдөө, нүүрсний шуудайны ам барьж, жижиглэж савласан гэдэс цувдайгаар хооллосоор үүрд үлдэхээр шийдсэн байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш тэр яадгаа алдсан архичин, амьдралаас уйдсан нэгэн биш, гурван хүүхдийнхээ төлөө зүтгэх хүсэлтэй эх хүн.
Ганц тэр биш, бидэнтэй нэгэн цаг үед мөр зэрэгцэн аж төрж яваа нийгмийн бүхэл бүтэн хэсэг ийм сэтгэхүйтэй болж, энэ нь цаашид үе дамжин удамших нөхцөл бүрдээд байгаа юм биш биз гэдэг хөндүүр асуулт энэ явдлаас ургасан юм. “Нийгмийн халамж хавтгайрч, бэлэн мөнгө тараах явдал нэмэгдэхэд ядуурал дагаад өсдөг. Нийгмийн халамжийн мөнгө орлогын гол эх үүсвэр болох нь иргэдийн үзэл бодолд шууд нөлөөлж, ажил хийх сонирхлыг нь бууруулдаг. Ажиллах хүчний оролцооны түвшин буюу идэвхтэй ажил хайгчийн тоо нийгмийн халамжийн мөнгө тарааж эхэлснээс хойш огцом буурсан” гэж судлаач хэлсэн. Судлаачийн үг сэтгэм эмзэглүүлсэн асуултад хариулт өгч, дээрх тохиолдол судлаачийн үгэнд нотолгоо болж байгаа биз.
Иргэдээ ядуурлын намаг балчгаас гаргах төрийн тогтвортой, оновчтой бодлого байхгүй, 10-20 мянган төгрөгөөр “амь тариа” шахаж ирсний гор өнөөдөр ингэж гарч байгаа бус уу. Өнөө маргаашийг аргацаасан 20 мянган төгрөгөөс илүү хүн рүү хандсан, иргэнээ төлөвшүүлж, хандлага, сэтгэлгээг нь өөрчлөхөд чиглэсэн, бүтээлч байдлыг дэмжсэн тууштай бодлого боловсруулж хэрэгжүүлж байж л нийгмийн энэ өвчнийг эмчлэх билээ. Өөрөөр хэлбэл, ходоодтой биш, тархитай нь ажиллахаас нааш эерэг үр дүн гарахааргүй болжээ.
Бидний даган дуурайдаг АНУ өнгөрсөн зууны дундуур ядууралтай дайн зарлахдаа гудамжныхнаа дуудаад бэлэн мөнгө тараагаагүй. Тэд ядуурлын учир шалтгааныг тодруулахаас ажлаа эхэлж, эмзэг бүлгийнхэндээ зааж сургах, иргэдийн юу хүсэж буйг сонсох, үүнд нь тулгуурлан тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулж, шаардлагатай хөрөнгийг нь гаргах зэргээр ажилласныг санахад илүүдэхгүй болов уу. Энэ зуунд ядуурлыг хамгийн хурдацтай, амжилттайгаар бууруулж байгаа өмнөд хөрш ч иргэдээ ажил хийх боломжоор хангаж, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх замаар ядууралтай зарласан “дайн”-аа хийж буй билээ.
“Амьдрал сайн уу” цувралаа бэлтгэж явахад төрсөн бодрол, эмзэглэл ганц энэ биш. Долдугаар сараас өнөөг хүртэл бид баруун бүсэд ядуурлын түвшнээрээ тэргүүлдэг Өвөрхангай аймагт гэдэс цатгалан ч, зүрх өлсгөлөн аж төрж буй Б.Батсүх, дэм дэмэндээ дэнжигнэсэн Н.Цогбадрах, Д.Алтанцэцэг, С.Цэдэндамба, Баянхонгорт Чөлөөлөх дайнд оролцож, дайсны шидсэн гранатыг дэлбэрэхээс нь өмнө шүүрч аван, буцааж шидэн дайчин нөхдийнхөө амийг аварч, гавьяа байгуулсан домог мэт үйл явдлын эзэн, ахмад дайчин Д.Сэдбазарын хань цаас түүж гал залгадаг Г.Долгор эмээ, бүх зүйл мөнх бусыг өөрийн амьдралаар харуулж, томоохон байгууллагын санхүүчээс асрамжийн төвийн асруулагч болсон Н.Бямбадорж, Улаанбаатарын гудамжинд гээгдэж үлдсэн Б.Оюунтунгалагийнх, эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдгийг биеэр туулан нулимсаа арчиж суугаа Ж.Долгор, Д.Шагдарсүрэн, “Хүчит шонхор” захыг тойрон амьдардаг “нохойн хоолныхон”, хамгаалалт дэмжлэггүйгээсээ хавханд ордог дундаж давхаргын төлөөлөл болох Олноо, “Ид насныхан дунд ядуурал хамгийн их байгаа нь үндэсний эмгэнэл” хэмээн гаслах мэргэжлийн судлаач, Хүн ам, нийгмийн статистикийн газрын мэргэжилтэн С.Болормаа гээд янз бүрийн хүмүүстэй уулзаж, амьдрал ахуй, үзэл бодлыг нь хуваалцлаа. Өөр өөр ажил мэргэжилтэй, янз бүрийн давхаргад хамаарах энэ олон хүний хэн нь ч “Амьдрал сайн уу” гэсэн асуултад ам дүүрэн “Сайн” гэж хариулсангүй. Ингэж явахад гурван монгол хүн тутмын нэг нь ядуу, дахиад энэ тооны хүн ядуурлын ирмэгт байгаа гэх тоо хий сүржигнэл биш, бодит амьдралд ийм л байгаа, нарийн яривал бүр ч муу үзүүлэлт гарахаар буйг тод томруунаар харлаа.
30-42 цаг юм идэж, уух боломж гардаггүй, тураалтай, дархлаа сул, элдэв халдварт өвчинд өртөмтгий, бэлэн мөнгө болон таваар олох нь муу, хэрэгцээгээ дангаараа хангах чадваргүй хүмүүсийг нэн ядуу, тогтмол ямар нэгэн хүнсээр хооллодог ч өлсгөлөн байх нь элбэг, дархлаа тааруу, биеийн байдал сайнгүй, халдварт өвчин тусах магадлал өндөр, бэлэн мөнгөний эрэлт багатай, хүссэн зүйлсээ авч чаддаггүй ч нийтийн үйлчилгээгээр үйлчлүүлж чаддаг, өдөр тутмынхаа хэрэгцээг гүйцдэггүй ч хоосон хоноод байдаггүй хүмүүсийг ядуу, дархлаа тогтвортой, биеийн байдал сайн, өвчлөх эрсдэл бага ч мөнгөний эрэлтээ гүйцдэггүй, хааяа хяналтаасаа алдаж өр их тавьдаг, амьдралаас хүссэнээ авч чаддаггүй, нэгэн хэвийн хүмүүсийг ядуу болоход ойрхон хэмээдэг гэсэн тогтсон тодорхойлолт байх. Энэ үзүүлэлтээр үнэлбэл манай улсын гурван сая хүний 85.34 буюу 2 559 900 нэн ядуу, ядуу, ядууралд ойрхон амьдарч байгаа гэсэн тоо ч бий. Үнэндээ Монголд амьдрал сайн биш байна.
Ядуурлын тухай ярихдаа үгээгүйчүүдэд хамаг анхаарлаа төвлөрүүлж, хөл алдсан хэн бүхнийг татан авах аварга хар тогооны ирмэг дээгүүр хаашаа ч унахад бэлэн, ямар ч хамгаалалтгүй алхаж яваа дундаж давхаргаа тоохгүй орхидог нь бодлогын том алдаа, ирээдүйд илүү том аюул дагуулж мэдэх цоорхой гэдгийг манай цуврал хөндсөн. Өнөөхөндөө дундаж давхаргад багтаж буй ч нэг удаагийн салхинд хийсэн ядуурлын ангал руу унахад бэлэн дундаж давхаргын амьдралыг Олноогийн жишээ харуулсан болов уу. Тиймээс дундаж давхаргаа хамгаалах талаар дорвитой бодлого гаргаж, хэрэгжүүлэх, ядаж л тэднээ сөхөрч унатал нь дарамталдаггүй байх талаар дорвитой алхам хийх хойшлуулшгүй, зайлшгүй шаардлага байгааг төр, засгийнханд уламжилъя.
Хүн амын 10 хувь нь ядуу байх хаана ч байх үзэгдэл гэх юм билээ. Харин 30 хувь ядуу, дахиад 30 хувь нь ядуурлын ирмэгт гэдэг бол маш олон зүйл буруу байгаагийн илрэл. Монголчуудын 85 хувь нь ядуу болон ядууралд туйлын ойр амьдарч буйд өөрсдөөс нь гадна өрөөлийн хүчин зүйл олон байгаа. Тэгш бус байдал, хязгаарлагдмал боломж, хүнээ орхисон бодлого гээд олон зүйлийг нэрлэж болох ч улиглахыг хүссэнгүй. Эцсийн эцэст нийгмийн бүх л саар үзэгдэл, асуудал шударга ёс хэмээх байдаг, эсэх нь тодорхойгүй хий хоосон зүйлд л хүрдэг зүй тогтол энд ч давтагдах юм билээ.
Х.Уянга
Өнөөдөр сонин
URL: