Шинэ жилээр гэрээ чимэх 7 арга

Анивчдаг гацуур, үлээдэг бөмбөлөг, хөшигний дээгуүр тавьсан саа…та гэртээ шинэ жилийн уур амьсгалыг ердөө ийм хэдхэн зүйлээр оруулах гэж байгаа юм биш биз? Бүтээлч сэтгэлгээтэй эзэгтэй та бидний хялбар зөвлөмжүүдэас санаа аван, өөрийн гараар онцгой чимэглэлийг бүтээгээрэй.

Тэнгэрлэг суудал

Таны хувьд хүүхдүүд чинь тэнгэрийн элчээс ялгаа юу байх вэ? Тэдэнд хоолны ширээний ард суух бүртээ тэнгэрийн элч гэдгээ мэдрэх боломжийг олгоцгооё ээжүүдээ. Ингэхийн тулд танд гадуур Halloween-ы баярт зориулан зардаг хос далавчнууд байхад л хангалттай. Тэдний суудаг сандлын ар талд тэднийг бэхэлж өгөөрэй.

Энгийн хирнээ таны гэр бүлийнхнийг баярлуулах болно. Эсвэл та тэр далавчийг ханын цагныхаа хойно, гэр бүлээрээ авахуулсан том зурагныхаа хойно бэхэлж болох юм. Цаг хугацаа ч тэр, таны хайртай хүмүүс ч тэр, бүгд л жигүүртэй шүү дээ.

Ил захидлан чимэглэл

Та гэртээ байгаа, өмнөх жилүүдийн шинэ жилийн баярын мэндчилгээ бүхий ил захидлуудыг цуглуулаад тэдгээрээр гэрээ бяцхан чимж болно. Бүх мэндчилгээнүүдээ нийлүүлж ханандаа гацуурын хэлбэр үүсгэн наагаарай. Эсвэл хананыхаа энд тэнд ч наасан болно. Урт тууз, эсвэл утсан дээр бүгдийг нь тохож бэхлээд ширээний дээр, зурагтын хойно, хаалган дээр гэх мэт газар өлгөх ч бас сайхан санаа юм.

Үсэг үсгээр нь…

Таны хүүхдэд үсэг үсгээрээ салангид, үг эвлүүлдэг тоглоом бий юу. Тэгвэл тийм тоглоомыг ашиглан “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн үгийг бүтээгээд чамин таваг, эсвэл тавиуран дээр өрөөд гэрийнхээ жижигхэн буланг баярлуул. Мөн өнгийн цаасыг үсэгний хэлбэрээр хайчилж, ханан дээрээ нааж болох юм.

Хясаан өнгөтэй чимэглэл

Шинэ жил бол жилийн хамгийн цагаахан баяр. Танд хясаан солонгорсон цагаан өнгөтэй товч, эсхүл хиймэл сувс байвал тэднийг даавуун дээр хэлхэж оёод, жаазалж өлгөж болно.

Гэр бүлийн мод

Гэр бүл гэдэг бол нэг үндэснээс улбаатай, бие биенээсээ хэзээ ч тасрахгүй бат бөх холбоо юм. Энэ санааг та өөрийнхөө гацуурын чимэглэлээр илэрхийлж, гэр бүлийнхнээ баярлуулж болох юм. Гацуураа улиг болсон бөөрөнхий тоглоомоор чимэхийн оронд, гэр бүлийнхнийхээ янз бүрийн зургийг жижиг хэмжээтэй угаалган, дээр нь утас зүүж, өлгөсөн нь дотны хүмүүст чинь дулаахан сэтгэгдэл төрүүлэх болно.

Жигнэмэгэн байшин

Жигнэмэг, өрмөнцөр хоёроор та жижигхэн хотхон байгуулж болно. Олон жигнэмэгнүүдээ өрмөнцөр эсвэл хайлуулсан ирисний тусламжтайгаар дээр дээрээс нь давхарлан өрж байшин шиг хэлбэртэй болгоод, яндан, дээврийг нь хөөсөн чихэрээр чимэглэж өгөөрэй. Дээр нь олон өнгийн үрлэн чихэрнүүд наасан ч болно. Жигнэмэгэн байшин нь таны гэрийг чимэхээс гадна дараа нь эвдэж идэхэд ч амттай.

Алтан боргоцойт гацуур

Та идэж дууссан самрынхаа боргоцойгоор өвөрмөц гацуурын чимэглэл хийгээрэй. Гадна талыг нь хумсны алтлаг лак, эсвэл будгаар будаад, дээр нь утас өлгөхөд л хангалтгай. Хүсвэл будгаа хатаагүй байхад нь саанд өнхрүүлж болно. Мөн хатсан хойно нь дээр нь фломастераар хүний нэрийг бичиж өгөх нь тун сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих