Амралтын өдрөөр өмхий үнэрт хордсоор байх уу
Нийслэл хотынхны 50 гаруй жилийн хур ялгадас сүүлийн хэдэн жилд амьсгалахад хэцүүхэн үнэр танараараа зуны улиралд давчдуулах болсон.
Бүр 1970-аад оны үеэр Нисэх, Толгойт хавьд үнэртдэг байсан эхүүн үнэр сүүлдээ хотын төв, бүр Төрийн ордонд хүртэл “сэнгэдэг” болсон ч урьд өмнөх Засгийн газар, нийслэл хотын удирдлагууд төдийлөн арга хэмжээ авч байсангүй. Түүх сөхвөл Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулжээ. Хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг газар. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг ил талбайд хатаадаг ажээ. Эндээс 900 мянган метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр иржээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарах ажлыг эхлүүлсэн гэх. Тэр хүрээнд өдөр тутам үүсч, хуримтлагдаж байгаа лагийг халдваргүйжүүлэх, үнэрийг нь дарах төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож, өвчин үүсгэгч нянг устган халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалт бүхий хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж тохируулгын ажил хийж эхэлсэн. Уг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын сүүлийн үеийн бүтээгдэхүүн гэсэн мэдээлэл гарч байсан билээ.
Сүүлийн үед цэвэрлэх байгууламжийн үнэр улам л газар авч, нийслэлийн баруун дүүрэг болох Сонгино хайрхан тэр аяар л өмхий үнэрт автах болжээ. Ялангуяа амралтын өдрөөр үд дундын алдад Баянхошуу, 21-р хороолол, Нэгдүгээр хороолын баруун захын хэсэг гэсэн газруудад амьсгалахад ч бэрх өмхий агаар тарах болж.
Өмнө нь нийслэлээс гардаг баруун чиглэлийн шалган нэвтрүүлэх Товчоо хэсэг болон Сонсголонгийн орчмоор өмхий үнэртдэг байсан бол одоо улам газар тэлж, хотын баруун дүүргийг бүхэлд нь өмхийгээр утах боллоо.. Гэхдээ энэ уталт нь сүүлийн хэдэн долоо хоногт амралтын өдрүүдийн үдийн цагийн алдад яг тогтмол хугацаатай мэт өмхий агаар тардаг.
Амьсгалахад ч бэрх энэ агаараар иргэдээ хэдий хүртэл хордуулах вэ. Нийслэлийн удирдлагуудын хэлснээр шинэ байгууламжийн ажлыг ирэх жилийн хавар, газар гэсэх үед эхлэх бөгөөд ажил 1,6 жил үргэлжлэх гэнэ. Хуучин цэвэрлэх байгууламжаа ч орхилгүй техник, технологийг нь сайжруулахаар болжээ.
БНХАУ-ын талаас гурван компанийг уг ажилд оролцуулахаар сонгон шалгаруулжээ. Уг компаниудад Хятад улсын Экзим банк үнэлгээ хийж, Монголын талд мэдэгдэл хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Шалгарсан компани Монгол Улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах бөгөөд 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө гэсэн нөхцөл тавьж байгаа аж.
Ямартаа ч шинэ цэвэрлэх байгууламжийн сураг гарсан ч ажлаа яаравчилахгүй бол амралтын өдөр бүр баруун дүүргийн оршин суугчдын амьсгалахын арга үгүй өмхий агаараар утаад байвал эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байна шүү гэдгээ ухамсарлаарай эрхэм дарга нар аа.
Dorgio.mn
URL: