Таван толгойн xyвьцaa таван бодын үнэд хүрнэ

Далаад жил дарагдсан Таван толгойн нүүрсний орд сэрж байна. Засгийн газар уул уурхайн ашгаас ард түмэндээ амлалтаа биелүүлж эхний ээлжинд 576 ширхэг хувьцаа үнэгүй олгосон. Энэ нь тус ордын арван хувьтай тэнцэнэ гэнэ. Энэ бүхний баталгаа нь МХБ-ийн вэб сайтад таны регистрийн дугаар дээр байрлуулсан “Таван толгойн” нэртэй 536 ширхэг хувьцаа. Мөн Таван толгойн арван хувийг дотоодын аж ахуй нэгжид олгох шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэрээ цуцалж байх шиг байна. Ингэснээр иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа ногдоно.

Өнөөдөр тус ордын дөрөвхөн хувийг эзэмшиж байгаа Ухаа худагийн уурхай дөрвөн тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Тэгэхээр үлдсэн 96 хувь нь 96 тэрбум доллар хүрэх боломжтой гэсэн үг юм. Гэхдээ энэ бол шууд математик. Аливаа зүйл үнэд хүрэхэд түүнийг үнэ хүргэх менежмент байдаг. Төрийн эзэмшлийн 96 хувь нэг мөнгө олоогүй байхад, хувийн эзэмшлийн дөрвөн хувь идэвхитэй үйл ажиллагаа явуулж 700 сая доллар босгож цахилгаан станц барьж байна.

Гадны орнуудад энэ хэмжээний ордын хувьцаа 5-10 мянган доллараар үнэлэгдэнэ. Манай Ухаа худагийн ордын хувьцаа гараад жил болоогүй боловч найман долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл Таван толгойн хэлтэрхий 11 мянган төгрөг гэсэн үг юм. Эндээс хувьцааны ирээдүйн үнэ цэнийн төлвийг харж болно. Зарим томоохон ордын хувьцаа нэг ширхэг нь арван мянган долларт хүрсэн тохиолдол олон бий. Энэ нэг хувьцаа 14 сая төгрөг гэсэн үг.

Харин Таван толгойн хувьцаа ийм үнэ хүрэх магадлал хэр өндөр вэ гэсэн асуулт гарна. Уул уурхайн шинжээчдийн үзэж буйгаар маш өндөр. Хэдийгээр өнөөдөр дэд бүтэц сул шуудайгаар зөөж байгаатай адил боловч төмөр зам тавьчихвал түүнээс илүү ашигтай орд байхгүй. Учир нь дэлхий дээр өдөр ирэх тутам өсөн нефть, хийн хэрэгцээг энэ ордоос хангаж болно. Түүхийгээр нь хашаа давуулаад шидчихэд цаана нь хятадууд язганаад тосож авна.

Боловсруулаад гаргаж чадвал дэлхийн баян гүрнүүд өндөр үнээр авна. Дээр нь байгалийн нөөц өдөр ирэх бүр улам хомсдож, олборлох зардал хэд дахин өсч байна. Энэ нь мөн л манай Таван толгой үнэд орох нэг үндэслэл болно. 1990 онд иргэн бүрт гурван мянган төгрөгийн ягаан, долоон мянган төгрөгийн цэнхэр тасалбар олгосон. Үнэндээ энэ нь хөрөнгө оруулалтын эрхийн бичиг юм.

Ягаан тасалбараар жижиг үйлчилгээний газар, малыг шууд хувьчилж авах боломжтой. Цэнхэр тасалбараар томоохон үйлдвэрийн хувьцааг худалдан авах эрхтэй. Өөрөөр хэлбэл бүх хувьчлагдсан үйлдвэрийн 100 төгрөгийн хувьцаанаас нэг хүн цэнхэр тасалбараараа 70 ширхэгийг үнэгүй авах эрхтэй гэсэн үг. Энэ нь тухайн үедээ одоогийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай адил төвөгтэй ойлголт байсан. Одоо ч хувьцааны тухай ойлголт нийгэмд төдийлөн танил биш байна.

Иргэд хүсвэл 536 ширхэг хувьцаагаа иргэд Засгийн газарт нэг сая төгрөгөөр зарах боломжтой. Гэхдээ энэ нь маш том алдаа болохыг гадны шинжээчид ярьж байна. Багаар тооцоход хоёр ихээр тооцоход дөрвөн жилийн дараа хувьцааны үнийн өсөлт эхэлнэ. Тэр хүртэл тэсэх хэрэгтэй. Өмнө нь та хувьцаагүйгээр болоод л байсан. Танаас хоол нэхэхгүй тэдгээр хувьцаа байж байг.

Хэрэв та таалал төгсвөл үр хүүхдэдээ өвлүүл. Хэн нэг нь таныг төөрөгдүүлж хямдхан авахыг хүсч байж мэднэ. Ямар ч тохиолдолд үнэд хүрнэ. Яарвал амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн хэрэг болно. Үнэд орсон цагт хэн нэг буруутныг хайж байснаас өөрөө аваагүй юм шиг л дараад хэвтсэн нь дээр.

Х.БАТТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих