Гурван давхар дээлтэй Д.Сумьяабазарын “ёроолгүй” шунал

5b9f0c6449ab83.59616786Монголын улс төрийн ертөнц 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн харьж яваа бөхчүүдээр цус сэлбэх болсон. Өөрөөр хэлбэл, эрдэм номоор маруухан, бадриун биетэй залуус улстөрөөр занималдаж эрх мэдлийн төлөө үхэлдэн тэмцэлдэж бүхнийг хүчээр яаж авч болдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар УИХ-ын гишүүний өндөр сэнтийгээс түшээ хүнд баймгүй овилгогүй зан гаргаж, иргэдийн хандив, дэмжлэг, төрийн хөрөнгө оруулалтаар боссон Бөхийн өргөө рүү хүч хэрэглэсэн увайгүй үйлдлийг олонтаа гаргаж ард түмний дургүйцлийг хүргэсэн.

Улмаар улс төрийн ямар ч ойлголтгүй бөхчүүд өнөөдөр хүрээгээ тэлж өөрсдийн гэр бүлийн гишүүн, ах дүү, төрөл төрөгсдөө хоёр том намын удирдах зөвлөлүүдэд хуваарилан байршуулж улс орныг өөрсдийн ашиг сонирхлын зорилгодоо нийцүүлсэн гэр бүлийн бүлэглэлүүд Монголын улстөрийг зурах болсон нь нууц биш. Мэдээж эдгээрийн нэг нь УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар. Мэдээж түүнийг хоёр намд нөлөөтэй байх замыг нь зассан хүн бол түүний төрсөн дүү Д.Дагвадорж. Тэрбээр Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч. Сонгуулиар тэрбээр Х.Баттулгад өгөх саналын тоог өөрийн нэр төр, хүч нөлөөгөөрөө нэмж чадсан гол хүн нь. Тиймээс л Х.Баттулгын нөмөр нөөлөгт багтсан Д.Сумъяабазарыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж, түүнийг УУХҮ-ийн сайд болгосон гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу.

Тэгвэл дүүгийнхээ нэр нөлөөгөөр улс төрийн тавцанд торолгүйхэн алхаж яваа эрхэм сайд, эрхэм гишүүн маань одоогийн байгаа энэхүү эрх мэдлээ чамлаж Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудал руу гэтэн мярааж эхэллээ. Хэрвээ Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хороог даргалахдаа тулбал “4 давхар дээлтэй” төрийн хар хүн болж хувирна. Одоогоор тэрбээр УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргын албыг давхар хашиж байгаа түүнд 3 давхар дээл нь нимгэдэж, ийнхүү эрх мэдлийн төлөө улайрах болсны цаад шалтгаан нь юу байж таарах вэ.

Яг үнэндээ Д.Сумьяабазар өөрт оногдсон үүрэгт ажлаа хэр хэмжээнд хийж байгаа вэ гэдгийг асуух хэрэгтэй байх. Ер нь Д.Сумъяабазарт Нийслэлийн намын хорооны дарга гэх албан тушаал арай л хэтийдэх болов уу даа. Хэрвээ тэрбээр Нийслэлийг удирдахаар болбол түүний улс төр дэх “Ургийн мод” улам л хүрээгээ тэлж ямар хүмүүс өнөөдөр нийслэлд эзэн суух вэ гэдэг нь тод харагдаж байна. Д.Сумъяабазарын хувьд анх НИТХ-ын төлөөлөгч байхаасаа л энэ суудалд санаархаж, төв намынхаа Нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж 2013 онд нийслэлийн МАН-ын хорооны дарга болохоор идэвхийлж байсан ч бүтэлгүйтсэн.

Тэгвэл тэрбээр дахин тус албан тушаал руу уулгалан дайрч эхэлсний цаад шалтгаан нь юу байж болох вэ.

Ямартай ч гурван давхар дээлтэй хэрнээ бусдын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр намынхаа эв нэгдэл, цаашилбал энэ парламент, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг үл тоож, энэхүү албан тушаал руу мацаж байвал үнэхээр харамсалтай. Хэрвээ уншигчид санаж буй бол  ашиг сонирхол нэгтэй эрхмүүдийн балгаас болж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг АН-ын дэмжлэгтэйгээр унагааж байсан гашуун түүх бий. Тиймээс гэр бүлийн бүлэглэл болсон МАНАН бүлэглэл Монголын улс төрийн тавцангаас буух цаг нь болсон гэдгийг ард түмэн сануулсаар байгаа. Гурвын гурван давхар дээлийг арай чүү өмсөж байгаа Д.Сумьяабазар яагаад дахин нэг дээл өмсөхөөр ийнхүү зүтгэнэ вэ. Хариултыг нь танд үлдээе.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=13033


URL:

Сэтгэгдэл бичих