20 мянгын төлөө дүүжлүүрийн олс толгойдоо угласан тэр хэн бэ

Төв номын сангийн өмнөх автобусны буудал дээрх ТҮЦ шатсан хэрэг өнгөрсөн сарын 30-нд гарсан билээ. Цагдаагийнхан хэргийг шалгаад худалдагч нь гадны нөлөөтэй нас барсан, алуурчин ТҮЦ-ийг шатаасан болохыг тогтоосон. Мөн тэр өдрөө сэжигтэнг олж саатуулсан. ТҮЦ-ний худалдагч эмэгтэйг хөнөөснөө хүлээсэн бүсгүй Талийгаачаас 40 мянган төгрөг авах ёстой байсан юм. Тэр өглөө мөнгөө авах гээд очтол 20 мянгыг нь өгсөн. Үлдсэн 20 мянгыг нь өгөхгүйгээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд л уурандаа алчихсан байна” гэж мэдүүлсэн гэдэг. Тэр эмэгтэй талийгаачийг боож алаад, хүрмийг нь шатааж дээр нь хаячихаад гарсан гэдэг. Тэр ч бүү хэл ТҮЦ-нээс 300 мянга орчим төгрөг, тор дүүрэн тамхи аваад гарч байхыг нь автобусны буудал дээр зогсч байсан охин харжээ. Охины мэдүүлэг сэжигтэнг олоход тус болсон бололтой.

Талийгаач бага насны хоёр хүүхэдтэй. Нөхөр нь жижүүрийн ажил хийдэг. Талийгаач бүсгүй 31 настай байсан бөгөөд эгчийнхээ ТҮЦ-д худалдагч хийдэг байжээ. Одоо талийгаачийн хоёр хүүхэд хүнд өвчтэй эмээтэйгээ, дөрвөн ханатай гэрт өдөр хоногийг өнгөрөөж байна.

Хүний хоёр үрийг өнчрүүлж орхисон тэр эмэгтэй өөрөө нэг сартай хүүтэй юм байна. Атгаг сэтгэл, уурын мунхагаас болж хүний эрдэнэт амийг хөнөөж, хүүхдүүдийнхээ ирээдүйг баллаж орхисон тэр эмэгтэй хэн байв. Ердөө л 20 мянган төгрөгийн төлөө дүүжлүүрийн олс толгойдоо угласан тэр хүний талаар бид сурвалжиллаа.

Сэжигтэнг Б.Пүрэвцэнд гэдэг. Гэхдээ түүнийг хүмүүс Пүүсээ гэдгээр нь сайн таньдаг юм байна. Пүүсээ гуч гаруй настай. Түүний аав Бүүвэйбаатарынх Улиастайд байдаг. Аав нь групптэй нэгэн аж. Тэднийхэн гэр бүлээрээ гар дээрээс наймаа хийгчид. Зах дээр хоол хийж зарна, намарт самар, оймс улавч мэтийг зарж хоолныхоо мөнгийг залгуулдаг айл. Пүүсээ дээрээ нэг ахтай. Ах нь ч тогтсон ажилгүй нэгэн.

Пүүсээ арав гаруй жилийн өмнө гудамжинд юм зарж байхдаа ТҮК-ийн ажилчин залуутай танилцсан нь Ч.Батжаргал. Тэр хоёр хамт амьдарснаас хойш дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. Ч.Батжаргалын ах Солонгост хараар ажиллаж олсон мөнгөөрөө дүүдээ Шар хадны эцэст байшин барьж өгсөн юм байна. Ч.Батжаргалын том охин нь гуравдугаар анги, дараахь нь таван настай. Гурав дахь хүүхэд нь гурав, бага нь нэг сартай аж. Тэдний хүүхдүүд ихэнхдээ Бүүвэйбаатар гуайнд байдаг. Харин Пүүсээ хотдог, далайн байцааны ороомог зэрэг бэлэн хоол хийж захаар зардаг. Зарим үед оймс, улавч, самар, тамхи зэргийг гудамжинд зардаг. Хүүхдүүд нь Улиастайд өвөөгийндөө байдаг учраас тэр хавийн сургуульд сурдаг. Ч.Батжаргал өнөөх л ТҮК-даа ажилласаар байгаа. Өөрөөр хэлбэл, Ч.Батжаргал, Пүүсээ хоёр хүүхдүүдээ бараг хардаггүй, өөр өөрсдийн ажлаа хийгээд л явдаг хүмүүс. Пүүсээ сарын өмнө төрсөн хэрнээ нялх хүүгийнхээ дэргэд тэр бүр байгаад байдаггүй. Ээжээрээ харуулна. Заримдаа гэртээ ирэхдээ хажуу айлын охиныг гуйж хүүхдийнхээ дэргэд байлгачихаад гараад явчихдаг байж. Гэхдээ хүүгээ хөхөөрөө хооллодог.

Хүн амины хэрэгт холбогдсон Пүүсээ одоо Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа. Харин нялх үр нь эмээгийнхээ гар дээр өсч байна.

Бид Ч.Батжаргалын гэрийг зорилоо. Тэднийх Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг Шар хадны эцэст байдаг юм байна. Уулын бэлд, жалганы захад том хашаанд хоёр байшин байна. Гурван цонхтой, нэлээд том нь Ч.Батжаргалынх. Хажуудах жижгэвтэр байшин нь аавынх нь аж. Тэднийх хоёр шар нохойтой юм. Ч.Батжаргалын аав нохойгоо хорихдоо, хүүгийнд нь хүн байхгүй байгааг учирлалаа. Бид зорьж яваа хэргээ хэлбэл “Хуйхаа хог гэж. Тийм нүгэлтэй юм хийдэг хүн байна аа. Санаад ч багтахгүй байна” гэсээр гэртээ орлоо, Түүнийг Т.Чулуунбаатар гэдэг. Говь-Алтай аймгаас шилжиж ирээд удаж буй гэнэ. Гурван хүүхэдтэй бөгөөд дундах нь Пүүсээ-гийн нөхөр Ч.Батжаргал. Хүүхэд нь ханиад хүрсэн учраас Ч.Батжаргал хадмындаа хүүхдүүдийнхээ дэргэд байгаа гэнэ.

Харин талийгаачийнх жалганы эсрэг талд юм. Яг өөд өөдөөсөө харсан хашаа. Жижиг байшингийн урд умгар гэр байна. Тэнд бие муутай эмээ, өнчирч хоцорсон хоёр хүүхэд бий. Талийгаачийн ээж Д.Батсүх гуай 70 нас дөхөж яваа нэгэн. Хэл гар нь муу, ганцаараа гэрээсээ орж гарч чаддаггүй аж. Өнчирч хоцорсон хоёр хүүхэд нь ес, таван настай. Ийм л гурван хүн Шархадны эцэст амьдарч байна. Амьдарч байгаа гэрээ Д.Батсүх гуай тэтгэврийн зээлээр авсан гэх. Харин хашаа нь дүүгийнх нь гэнэ лээ. Талийгаачийн нөхөр ойрд тэдэн дээрээ ирэхгүй байгаа гэнэ. “Ээлжийн ажилтай болохоор завгүй юм байгаа биз дээ” гэж хамаатан нь ярьсан.

a

Т.Чулуунбаатар: ХҮН АЛЧИХААД ЗУЛ ӨРГӨӨД ЯВЖ БАЙСАН АМЬТАНГ ХҮН ГЭХҮҮ

Т.Чулуунбаатартай бэрийнх нь талаар ярилцлаа.

-Та бэрийнхээ талаар яриач. Бэртэйгээ хэр дотно вэ?

-Пүүсээ л гээд байдаг шүү дээ. Нэрийг нь ч сайн мэдэхгүй. Яахав, хүүтэй минь арав гаруй жил амьдарч байгаа юм. Хөгшин минь амьд байхад л манайд ирж байсан хүүхэн. Том хүү маань Солонгост хараар ажиллаж олсон мөнгөөрөө эднийд нэг байшин авч өгсөн юм. Тэр хүүхэн гэр орноо өөд татдаг байсан бол байшин арай л өөр харагдах байсан биз дээ. Манайд ч орж гараад байдаггүй. Гадуур наймаа хийдэг л нэг хүүхэн байсан. Хүү ч өглөө гараад орой ирдэг ажилтай.

-Та хүүгийнхтэйгээ айл юм байна. Нэрийг нь ч сайн мэдэхгүй байгаа нь сонин байна л даа. Бэр чинь хувцас хунарыг чинь бэлтгэж өгнө биз дээ. Ядаж орой аяга хоол оруулж өгнө биз.

-Ямар хувцас хунар бэлтгэх вэ дээ. Тийм юм байхгүй ээ. Яахав, хүүг байгаа үед аяганы амсар зуулгахтайгаа. Би дотно биш гэж хэлсэн шүү дээ. Ач нараа ирэхээр л хааяа гэрт нь ордог юм. Түүнээс бид танихгүй хүмүүс шиг л байдаг.

-Бэр тань ер нь ямархуу эмэгтэй вэ. Ханьдаа халамжтай, олонд нийлэмжтэй юу?

-Бүдүүн л эмэгтэй бий дээ. Хүнээс юм салгаж авахдаа сайн. “Ханьдаа халамжтай гээд байх ч юу байх вэ. Гэрээ аятайхан авч явсангүй гэж хэлснээс болоод л биднийг үздэггүй юм. Хүү минь завгүй ажилтай. Эхнэртээ ч юм хэлэхгүй. Толгой дээрээ гаргачихсан амьтан. “Эхнэртээ таван үг хэлээч” гэхээр “Ухаажих байлгүй дээ” л гэдэг. Наймаа хийгээд гадуур гүйдгийг нь мэдэхээс олон найз нөхөдтэйг нь мэдэхгүй ээ. Манайхаас хүртэл хулгай хийж байсан хүнийг юу гэж дүгнэх вэ дээ.

-Танайхаас юу хулгайлсан юм бэ?

-Ах нь сантехникийн слесарь хийдэг юм. Нэгэн яаманд ээлжийн ажилтай. Ээлжиндээ гарахдаа нэг удаа бэрдээ түлхүүр үлдээчихсэн юм. Тэгтэл манай CD тоглуулагчийг хулгайлж аваад зарчихсан байгаа юм даа. Тэр үед нь цагдаад мэдэгдээд шалгуулаад л өнгөрсөн.

-Та жалганы эсрэг талд байгаа Д.Батсүх гуайнхыг сайн таних уу?

-Танилгүй яах вэ. 10 гаруй жил айл байгаад бүр дотносчихсон хүмүүс. Хөөрхий эмгэн орж гарч чаддаггүй болохоор ус түлшийг нь хүү бид хоёр бэлтгэж өгнө. Орж гараад ах дүү шиг л байдаг юм. Амьдралыг нь авч явж байсан охин нь хүний гарт амиа алдаад хэцүүхэн л байна. Үлдсэн гурвыг нь өрөвдөөд байх юм аа.

-Талийгаачийн үхэлд танай бэрийг буруутгаж байгааг хэзээ нь мэдсэн бэ?

-Хэрэг гарсан өдрийн орой цагдаагийнхан манайд ирсэн. Цагдаа Пүүсээг машинд гараад уулзъя гээд авч гарснаа аваад явчихсан. Тэгээд мэдсэн дээ.

-Түүнээс өмнө бэрээ сэжиглэсэн үү?

-Юу гэж дээ. Тэр өдөр манайд орж ирээд л талийгаачийг өнгөрчихөж гээд цөгц гуйж аваад гарсан. Гэртээ ороод зул асаагаад л сүйд болоод байсан. Тэр ч бүү хэл “Аав аа, аймаар хүмүүс байдаг юм байна. Хаалга үүдээ сайн цоожилж байгаарай. Болгоомжтой байхгүй бол аймаар хэрэг гардаг юм байна. Талийгаачийг алчихсан байна гэж байна шүү дээ” гээд л донгосоод байсан.

-Бэр чинь талийгаачийнд очсон уу?

-Тэр өдөр надтай хамт ороод 10 мянган төгрөг өгөөд байсан шүү дээ. Аймаар юм байх юмаа. Тэгээд бас элдэв юм хэрэгтэй юу энэ тэр гээд асуугаад байсан санагдаж байна.

-Талийгаачийг 20 мянган төгрөг өгсөнгүй гээд хөнөөчихсөн юм биш үү?

-Тэгээд 20 мянган төгрөгөөс болж хүн алчихаж байгаа юм уу. Хуухай хог вэ. Ямар нүгэлтэй амьтан бэ. Ах нь өнчирч үлдсэн хөгшин, хоёр хүүхдийг нь л өрөвдөөд байх юмаа. Хоёр хүүхдийг аав нь авчихна биз. Тэр хөгшин яанаа.

-Танай ач нар ч хэцүү л үлдэж байна даа.

-Тиймээ. Дөнгөж нэг сартай нялх амьтанг өрөвдөх юм. Сүүнээсээ салаагүй тэр амьтан яаж хүн болно доо. Хүү минь хүүхдүүдээ өсгөчих байх аа. Манай худууд ч сайн хүмүүс бий. Тэр хүүхэн дээлээ нөмрөөд л явах байх даа. Ийм юм гэж бас байдаг аа.

-Уучлаарай, танай хүү талийгаачтай хэр дотно байсан бэ. Хардалтаас үүдсэн байж магадгүй шүү дээ.

-Ээ хог. Цас цэвэрлээд явж байгаа миний хүүг хэн тоох вэ. Тэгээд ч хүү минь дөрвөн хүүхэдтэй, талийгаач хоёр хүүхэдтэй. Хоёулаа тусдаа амьдралтай хүмүүс. Хүү минь тусархуу, хүний үгээр учраас талийгаачийнд ус, түлээ бэлтгэж өгөөд л явдаг байсан юм. Дотносоод байх юу байх вэ. Айл саахалт хүмүүс ямар билээ, тийм л байдаг. Тэрийг буруугаар ойлгох тэнэг хүн байх уу.

-Танай хүүгийнх ер нь хэр боломжтой айл вэ. Хүүгийн чинь цалин амьдралд нь хүрдэг болов уу?

-Хүү маань сард 200 мянган төгрөгийн цалинтай. Бэр наймаагаа хийгээд хэдэн төгрөг олдгийг мэдэхгүй. Хүүхдүүдээ сайхан л хувцаслачихсан харагддаг. Тэгээд хүүхдүүдийг нь аав ээж нь өсгөж байгаа болохоор гэртээ бараг байдаггүй дээ.

-Талийгаачийн ТҮЦ-нд 300 мянган төгрөг байсан болоод бэр чинь авсан байна. Тэгэхээр 20 мянган төгрөг зөвхөн хэрүүлийн шалтгаан л байсан байж болох. Бэр чинь талийгаачтай хэр дотно вэ?

-Юунаас болсноо цагдаад хэлж байгаа биз. Нэг нь эгчээ гээд л нөгөө нь дүү гээд л явдаг шүү дээ. Сайхан л харьцаатай байсан байх. Талийгаач бэрийг эгч гээд сүйд л байдаг байсан. Амийг нь авах хүн гэдгийг яаж мэдэх вэ дээ. Тэгээд бэр тэр өглөөгүүр ТҮЦ-нд юу хийж явсныг гайхаад байгаа (Хэрэг өглөөний 07.00-8.00 цагийн хооронд гарсан). Т.Чулуунбаатар биднийг хүүгийнхээ гэрт орууллаа. Ойрд хүн байгаагүй гэмээр эл хуль, эмх замбараагүй юм. Ширээн дээр нь идэж байгаад үлдээсэн ганц ширхэг бууз аяганд тас хөлдчихөж. Пүүсээ баригдаад явахаасаа өмнө бууз жигнэж идсэн бололтой юм. Эмэгтэй хүний эсгий улавч, углааш зэрэг хувцас үүдэнд нь хөглөрнө. Том өрөөнд хоёр ор, телевиз байна. Телевиз дээр аавынхаасаа гуйж авсан өнөөх цөгц харагдана. Орны доод талд хувцасны жижиг шүүгээ байна. Энэ айлын тавилга ердөө л энэ. Гэрийн эзэгтэй гэртээ анхаарал тавьдаггүй нь харахад илт байлаа.

Бид талийгаачийн эгч Б.Лувсандаваатай утсаар холбогдоход “Ажил явдал гээд мөрдөн байцаагчтай ч уулзаагүй л байна. Пүүсээ гээд нэг хүүхэн дүүгийн минь хажууханд байдаг байсан юм. Тэр алчихсан гэж байна. Гэхдээ ганцаараа хүн алсан уу, хамтрагч байсан уу гэдгийг шалгаж байгаа байх. Уг нь талийгаач том биетэй хавийн хүнд дийлдэхээргүй хүн. Юунаас болсныг нь ч мэдэж амжаагүй байна. Хэрэг гарсны дараа тэр хүүхэн орж ирээд юу ч болоогүй юм шиг байсан. Сүүлд хэргийн эзэн байсныг мэдээд гайхсан. Манайхны хувьд юу гэхэв дээ. Хуулийн байгууллага шийдэх биз ээ” гэсэн юм.

a

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих