Удмаа залгаад улстөрч болно оо

…Гурван жил шахам дуншсан “УИХ-ын сонгуулийн тухай хууль” батлагджээ. МАНАН-гийнхан ийнхүү “дуншсан” нь ирэх жилийн сонгуульд өөрсдөө үнэмлэхүй олонх байдлаар сонгогдох боломжийнхоо төлөө ихэд маргалдаж мэтгэлцсэнийх гэнэ.

Можаратор 26 тойрогт 48 нэр дэвшигч өрсөлдөж, үлдэх 28 нь пропорциональ аргаар Улсын хэмжээнд нэг том тойрог болон намын нэрээр нэр дэвших гэнэ. Улстөрчид өөрсдөө энэ хуулиа “их сайн болсон” гэж тайлбарлана. Мэдээж одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “гайхамшигтай” хэмээн сурталчилна. Үүнээс илүү цэнхэр тэнгэр үгүй, үүнээс илүү лут хувилбар үгүй хэмээн дуулалдах биз. Миний л ажиж буйгаар, сонгогдсон хойноо намаа тоодоггүй гишүүдээ жаахан “хазаарлаж”, сонгогдох боломжгүй боловч сонгогдох хүсэлтэй “архаг улстөрчид” нь өөрсөддөө “боломж” олгож байгаа хэрэг юм болов уу?

Намын тодорхой мөрийн хөтөлбөргүй атлаа худлаа амлаж, амлалтаа биелүүлээгүйнхээ төлөө ямарч хариуцлага хүлээдэггүй, хариуцлага хүлээх тухай ч огт боддоггүй намуудын хувьд энэ хууль нь “нүглийн нүдийг гурилаар хуурах” гэгчийн үлгэр лугаа адил. Намын сахилга бат нь “ил тод хэрүүл маргаан”-аар илэрдэг АН, “тогоон дотроо олгойгоо хагалдаг” МАН-уудын хувьд ХАРИУЦЛАГА гэдэг ердөө л “мартагдсан дууль”.

Өмнөх сонгуулийн амлалтаа биелүүлээгүйн төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй, үгүйдээ л тайлбар хэлж уучлал гүйж  чадахгүй атлаа дахиад л сонгогдохын тулд тэд яахаас ч буцахаа больж байна. Монголын улстөрийг БИЗНЕС болгон хувиргасан тэд, одоо харин Монголын улстөрийг ХУВЬЧИЛЖ авахыг мөрөөдөх болжээ. Үүний төлөө тэд юу эсийг хийхийг таахын аргагүй.

УЛСТӨРЧ гэж ХЭН БЭ?

…УЛСТӨРЧ гэдэг мэргэжил байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Төрийн эрхийг барихын тулд ард олны сонголтоор, итгэл хүлээн сонгогдсон хүмүүс өөрсдийгөө ийн нэрлэдэг. Ард олон тэр хүмүүсийг өөрсдөөсөө “илүү” хэмээн үнэлж, өөрсдийнх нь хүсэл сонирхлын төлөө их зүйл хийж чадна хэмээн найдаж тэднийг сонгоно. “Сонгогдохоосоо өмнө соохолзож, сонгогдсон хойноо хоохолзож”, итгэл алдан найдвар хөсөрдүүлбээс тэднийг дахин сонгохгүйгээр барахгүй, буруу муу үйлдлийнх нь төлөө хариуцлага тооцохыг шаардах учиртай.

Учир нь энэ бол бизнесийн болон ашгийн байгууллага биш, ТӨР болохоор заавал ХАРИУЦЛАГА хүлээж байх ёстой. Олон түмний итгэлийг дааж, тэдний төлөө зөв сайн үйл бүтээсний төлөө тэднийг дахин сонгож итгэл хүлээлгэх төдийгүй хүндлэн дээдэлдэг.

Манай Монголд маш олон улстөрчид бий. Тэд Монгол улсад ардчилал ялснаас хойш тасралтгүй Монголын төрийн эрхийг барилцаж байгаагаараа “бахархдаг”. 20 жил Монголын улстөрд “тоглож, тонгочиж”, “бурзайж, баяжиж”, “эрхэлж эзэмдэж” яваа тэднийг монголчууд бараг л шууд нэрлэнэ дээ. Зургийг нь хараад “таньдаг”, нэрийг нь сонсоод “уншдаг”, хөрөнгийг нь багцаалаад “тоочдог”  эрхэм улстөрчид даан ч олон.

Харин хийж бүтээсэн зүйл гэвэл даанч маруухан. Энэ 20 жил тэдний “таргалж баяжсан”, эгэл олны “турж ядуурсан” яг л тэнцэнэ. Бас тэдний “задарсан”, эгэл олны “ядарсан” нь яг л тэнцэнэ. Яг үнэндээ тэдний л “үлгэр жишээ”-гээр монголчууд бид УЛСТӨРЧ гэдэг нэрийг ХУДАЛЧ, ЛУЙВАРДАГЧ гэдэг утгаар ойлгодог болсоор удаж буй. ХУЦ, УХНА тавьсан аятай тэд л Монголын улстөрийн бүх албан тушаалыг ээлжилж хашсаар 20 гаруй жил болов. Ажилдаа хариуцлага алдвал “ахиж дэвшдэг”, авилгал хээл хахуулын хэрэг нь илэрвэл “намын хамгаалалт”-ад ордог, хууль бус үйлдлээрээ бие биенээ “барьцаалдаг” жишгийг тэд л бий болгож чадлаа.

Өдгөө Монголын Төрийн өмчийн хорооны дарга хийж байгаа Сугар гэдэг нөхөр УИХ-ын сонгуульд З.Энхболдтой “хайнаа хагалах болзол”-оор энэ албан тушаалд очсон. Харин өмнөх ТӨХ-ны дарга асан Пүрэвдорж нь ямар нэгэн болзлоор Монгол Банкны Ерөнхийлэгч болох жишээтэй. Яг үнэндээ би л лав та нараас “залхаж” байна.

УЛСТӨРЧ хүнийг би ингэж төсөөлж байна.
1. Өндөр мэдлэг. Ядаж л салбар болгоны талаар ерөнхий мэдлэгтэй, хууль зүй болон эдийн засгийн гүнзгий мэдлэгтэй, ямар ч төрлийн мэдээллийг олж авч боловсруулах чадвартай байх хэрэгтэй байна.

2. Цаг үе болон тухайн нөхцөл байдлыг зөв мэдэрч сайн шийдвэр гаргах чадвар. Үүний тулд их зүйл уншдаг, ямагт хэрэгтэй мэдээлэл авдаг, ажил амьдралын арвин туршлагатай байх хэрэгтэй байна.

3. Бусдад өөрийн санаагаа илэрхийлэн ойлгуулах чадвар. Өөрийн хийхээр бодож санаж байгаа зүйлээ бусдад зөв сайнаар тайлбарлан ойлгуулж, итгүүлж, тэднийг дагуулан удирдаж ажиллах чадвартай байх хэрэгтэй байна.

4. Бусдыг сонсож, тэднийг ойлгох чадвар. Тухайн хүн танд таалагддаг ч бай эс таалагддаг ч бай яриаг нь сонсож, хэлж ярьж буй зүйлээс нь хэрэгтэй болон хэрэггүйг нь ялган салгаж ойлгон, шийдвэр гарган зөвлөж чаддаг байх хэрэгтэй байна.

5. Цэгц, шударга байх чадвар. Өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ үнэнч, бусдыг аялдан дагалдаж, эсвэл “худалдагдаад” байхгүйгээр ямар ч асуудалд зөв байр сууринаас шударга хандаж байх хэрэгтэй байна.

6. Хариуцлага хүлээх чадвар. Өөрийн гаргасан шийдвэр болон хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж чаддаг байх нь хамгийн чухал чадвар. Зөв сайн үйлдлийнхээ үр шимийг өөрөө хүртэж, буруу муу үйлдлийнхээ төлөө шийтгэлээ ч хүлээж, дааж чаддаг байх чадвар хэрэгтэй байна.

Мэдээж үүнээс өөр сайн чанарууд олон л байгаа байх. Ямарваа эрх мэдэл, албан тушаал тухайн хүнд хариуцлага үүрүүлдгээрээ бас хөгжүүлдэг. Зөв бодолтой, зорилготой хүнд эрх мэдэл нь өөрийгөө хөгжүүлэх бусдад сайнаар нөлөөлөх боломж нь болон хувирдаг. Монголд сайн улстөрчид бишгүй л байгаа байх. Харин тэд өнөөгийн Монголын улстөрд  ШУДАРГА ЁС болон ЭРҮҮЛ ТОГТОЛЦОО г яагаад бий болгож чадахгүй байгааг л би гайхаад байгаа юм. Эхээс мэндэлсэн тэр хүү өсч өндийн 22 нас хүрч амьдралаа өөрөө авч явах болсон тэр их урт хугацаанд шүү
дээ.

УДАМ залгасан УЛСТӨРЧИД

…Монголчууд бид их өр нимгэн, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүмүүс. Монголын нийгэм болон улстөрд нөлөөтэй байсан зарим хүнийг “бурхан” болоход нь улстөрийн албан тушаалд нь “удам залган” үр хүүхэд болон хань ижлийг нь “сонгож” байсан түүх зөндөө. С.Зоригийг нас барсаны дараа төрсөн дүү С.Оюуныг, Ш.Отгонбилэгийг нас барсаны дараа эхнэр Туяаг, Энэбишийг нас барсаны дараа төрсөн хүү Э.Мөнх-Очирыг гэхчилэн “нөхөн сонгож”, улстөрийн орон зайд “удам залгах” жишиг тогтов. Ийм ёс өөр хаана байдгийг мэдэхгүй. Гэхдээ энэ бол монголчуудын сэтгэлгээний нэгэн онцлог.

Харин өдгөө манай улстөрчид Монголын улстөрд “удам залгах” жишиг тогтоож эхэлж байх шиг байна. Саяхан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүүг АНУ-ын Сан-Франциско хотод шинээр нээгдсэн Консулаар томилогдсон тухай мэдээлэл олон ч хүний бухимдлыг төрүүлэв. 2012 оны сонгуульд нилээд хэдэн “удам залгасан” улстөрчид өрсөлдөх сураг сонсогдож авай. За тэгээд манай дарга нарын хүүхдүүд заавал “дарга” болдог  ёстой болж байгаа юм даг уу даа. Түрүүчээс нь хүмүүс нэрлэх байх. Энэ байдлаараа бол “тэр даргын тийм дарга хүүгийн дарга болох ёстой хүү” гэхчилэн нэрлэх юм уу даа. Сайн аавын ухаантай хүүхдүүд зөндөө л байгаа л даа.

Харин Монголын улстөрийг бизнес болгон “өсгөсөн” мөнгөөрөө тэнэг ч бай, дураараа ч бай хүүгээ улстөрч болгон “эрхлүүлж” мөнхийн мөнхөд биднийг захиран удирдаж байна гэвэл юу л бол Шударга хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ бий болгосон хувийн хэвшлийн компани болон аж ахуйн нэгжээ өөрийн хүүхдүүддээ “удам залган” өвлүүлж, удирдуулан “хөгжүүлэх” нь эрүүл үзэгдэл.

Харин Монголын улстөрийг БИЗНЕС болгон хувиргаж, хууль бусаар баяжсан атлаа, тэр мөнгөөрөө сонгогчдын саналыг худалдан авч, “удам залгасан улстөрч” болгохоор санаархаж байгаа нь Монголын улстөрийг ХУВЬЧИЛЖ авах оролдлогын эхлэл буюу.

Сонгуулийн шинэчилсэн хуульд заасан, намын нэрээр орж ирэх 28 суудалд бидний 22 жил харж залхсан мөнөөх л эрхмүүд болон “архаг улстөрчид” орж ирэх магадлал өндөр болж байна. Заримдаа ч 3 сая орчим хүн амтай Монгол оронд эднээс өөр олигтой хүн байхгүй гэж үү? хэмээн гайхмаар. МАН-аас Дэмбэрэл, Улаан , Буд, Нямдорж, Арвин, Ганди, Энхболд гэхчилэн “хуучинсагууд”, АН-аас Гончигдорж, Алтанхуяг, Ламбаа, Бат-Үүл, Энхболд  гэхчилэн “партизанууд” Монголын улстөрд 20 гаран жил тасралтгүй “зүтгэлээ”. Олон өөрчлөлтийг хийсэн ч бидний хүлээж тэвчсэн ШУДАРГА ЁС-ыг бий болгосонгүй, АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ-ын сүлжээг илчилсэнгүй, хамгийн чухал зүйл болох ХАРИУЦЛАГА-ын тогтолцоог босгосонгүй. Тэгээд одоо бид та нарт яаж итгэх юм бэ?

ТӨГСГӨЛ

…Хавар нэгэн сайт дээр тавигдаад гэнэт алга болсноо саяхнаас интернет болон фейсбуук дээр тавигдаж эхэлсэн нэгэн бичлэг байгаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сууж байгаа цөөхөн хэдэн гишүүд санал хураах мөчид эзгүй байгаа бусад гишүүдийнхээ өмнөөс саналын товчлуур дарж байгаа дүрс бичлэг. Үнэхээр харамсмаар. Тэнд ямар ч намын ялгаа алга. Бие биенээ харан инээлдэж, хөгжилдөн байж бусдын өмнөөс товчлуур дарах эрхмүүдийн дунд Ерөнхий сайд С.Батболдоос эхлээд бидний хүндэлдэг олон ч улстөрчид байлаа.

УИХ-ын чуулганыг удирдаж байгаа дарга нь ч баяр баясгалантайгаар хууль батлагдсаныг зарлан алхаа цохих мөчид “бид хэнийг сонгож орхио вэ?” хэмээн өөрийн эрхгүй харамсан бодохын зэрэгцээ, зэвүү хүрч байлаа. Хэрэв зарчимтай болоод ёс суртахуунтай бол ганц энэ үзэгдэл л тэд нарын албан тушаалаасаа “огцрох” шалтаг байлаа. Харин энэ нь Монголд ердийн үзэгдэл, байж болох тохиолдол аж. Бид ийм л юманд дасч орхижээ.

Энэ л хүмүүс 2012 оны УИХ-ын сонгуульд дахин сонгогдохын тулд “УИХ-ын сонгуулийн хууль”иа баталлаа. Одоо тэд ажиллаж эхэлнэ. Биднийг сайхан амлалт болон “хахуул”-ийн мөнгөөр “пологттол дайлна”. Тэднийг дагаж далдаганан “бялууны хэлтэрхий” хүртэх санаатангууд ч цөөнгүй. Тэд түүний өмнөөс “Манай …. дарга шиг тос даасан буянтай баян хүн халх, торгууд, дөрвөд, баяд, хасаг, урианхай 21 аймаг 4 хотоос ч олдохгүй” хэмээн магтахын зэрэгцээ жаахан жуухан юм ханцуйд шургуулахаа ч мартахгүй. Улстөрийн намууд ч “Төрөө шударгуу төвшин болгож, түмэн олноо элбэг баян амаржуулан жаргаах” -аа амлана.

Тэдний амлалтын барьцаа нь аанай л Оюутолгой, Тавантолгойн  эрүүл толгой эргэм их баялагууд. “Алаагүй баавгайн арьс”-ыг хуваах эрх мэдлийн төлөөх ” их тулаан” ийнхүү ёслол төгөлдөр эхэлж байна.

Ардчилсан хувьсгалын нэрт удирдагч С. Зориг улстөрчдөд хандан “Улстөрчдийн хамгийн эрхэм эрх ашиг нь эхлээд улс орон, дараа нь нам, хамгийн сүүлд нь хувийн эрх ашиг байх ёстой” гэж хэлж байсныг санаж байна. “БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ” гэсэн үг нь түүний хамгийн алдартай ишлэл. Хувь хүнд ашиг сонирхол байж болно оо. Харин тэр эрх ашиг нь хэзээ ч Монгол Улсын эрх ашгаас дээр байх ёсгүй гэдгийг “удам залгасан” болон “удаан сонгогдсон” улстөрчид мартаж боломгүй.

2012 оны УИХ-ын сонгууль айсуй. Бас өндөр боловсролтой, “юм үзэж нүд тайлсан” шинэ үеийн залуус ч айсуй. Тэдний сэтгэл зүрхэнд нь Монгол орны зөв сайн хөгжил, монгол хүний эрхэм нандин чанар бас үнэ цэнийн төлөөх зовинол оршиж байгаа. Харин сонголтыг өөр хэн ч биш та бид л хийх болно. Нэгэнт сонголтоо хийсний дараа “Ниргэсэн хойно нь мянгантаа хашгираад” ч нэмэргүй.

ТӨР АМГАЛАН, ТҮМЭН ОЛОН МЭРГЭН БАЙГ.


URL:

Сэтгэгдэл бичих