Үхсэн хүнд хэрэг хүлээлгэдэг Төмөр замын даргатай хэн хариуцлага тооцох вэ?

67431536728284Улаанбаатар төмөр зам хэмээх том байгууллагад хэл ам, осол аваар үл тасрах болов. Гэвч гарч байгаа эрсдэл, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн хэрэг, Төмөр замын осол, галт тэрэг онхолдсон хэрэгт ганц нэг ажилтан хариуцлага хүлээгээд дуусдаг гажуудал бас бий болчихжээ. Өнгөрсөн хэдхэн сард болж өнгөрсөн төмөр замтай холбоотой хэд хэдэн хэрэгт зөвхөн ажилтан хариуцлага хүлээж, үхсэн хүн тайлбар хэлэхгүй гэдэг шиг зүйл болж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 2018 оны 08 дугаар сарын 27 өдөр Замын-Үүд өртөөнд болсон хэрэг юм. Тус өдөр Замын-Үүд өртөөний төмөр зам дээр ажил хийж байсан 29 настай Б гэгч нь 112 дугаар галт тэргэнд дайруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гэтэл уг хэргийн гол буруутан нь Төмөр зам дээр ажиллаж байсан талийгаач 29 настай залуу болж хувирч байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байх юм.

Төмөр зам дээр ажиллаж байгаа хүн өөрийгөө болон өрөөлийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй учир осол гарч,, амь насаа алдсан байна хэмээн тайлбарлаж байгаа бололтой. Түүнийг буруутгах эхний шалтгаан нь ганцаараа ажлын байран дээр байсан. Нэг үгээр хэлбэл хэн ганцааараа ажил хий гэсэн юм. Үхсэний хохь гэх утгатай тайлбарыг Төмөр замын удирдлага гаргах гэж байгаа бололтой. Үхсэн хүн босч ирээд тайлбар хэлэхгүй учир төмөр замын удирдлага өөрсдийнхөө арьсыг хамгаалж үлдэхээр шийдсэн бололтой.

Төмөр замаар галт тэрэг зорчих нөхцөлд аюулгүй байдлыг хангах үүднээс жижүүр мэдээлэл өгөх, ажилтан 400 метр ойртохоос өмнө холдох гэх мэт тодорхой хөдөлмөр аюулгүй байдлыг хангах зохицуулалт байдаг. Энэ бүхнийг тухайн өдөр мөрдсөн эсэх, ийм аюулгүй байдлыг удирдлага нь хангаж ажилласан эсэхийг хууль хяналтын байгууллага нягтлах буй за. Гагцхүү төмөр замын удирдлага хүн үхсэн ч ажилдаа үлдэж, галт тэрэг онхолдсон ч ажилдаа үлдэг байж боломгүй юм.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Б.Жигжиднямаа гэгчтэй хэн хариуцлага тооцох вэ? Энэ том байгууллагын толгойд суусан эрхэм даргын хувьд ёс зүй, ухамсартай бол хариуцлага хүлээж, суудлаасаа татгалзахаар л боллоо. Гэвч нүд нь сохорч, чих нь дүлийрсэн аятай л нам жим байгаа нь хачирхалтай юм.

Улаанбаатар төмөр замын галт тэрэг мөргөлдөж, замаасаа гарсан хэрэг гарахад л дарга нар нь хариуцлага хүлээх ёстой байв. Гэвч хариуцлага хүлээх тухай нэг ч үг яригдсангүй. Үүний гор болсон мэт ээлж дараалсан осол, гэмтэл төмөр зам дээр өрнөв. Хамгийн сүүлийнх нь ийнхүү хүний амь насыг авч одлоо. Үхсэн хүнд ял үүрүүлээд суудалдаа үлдэх нь зүйд үл нийцэх болой.

Эзэнгүй болсон мэт Зам тээвэр, хөгжлийн салбарт хариуцлага хүлээлгэх эрх мэдэл нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх таньд байгаа гэдэгт итгэж байна. Эсвэл хүч нь хүрэхгүй байгаа учир Төмөр замын дарга Жигжиднямаатай хариуцлага тооцох тухай үг үл унагааж байгаа юм болов уу? Хэрэв тийм биш бол хариуцлага хүлээлгэж, жилийн өмнө ярьж байсан шударга зангаа нэг гаргаасай билээ.


URL:

Сэтгэгдэл бичих