Ц.Отгонбат: Тэдний буудсан сум хүзүү рүү оноод, хацраар нэвт гарчихсан

1508826707_quizХангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг. Тэр ч утгаараа Отгонтэнгэр хайрханы урд хормойд байрлах Бадар хундага  рашаанаас сүсэгтэн олон хүртэж, нуураа аргадан алт, мөнгө, зэс гэх мэт эрдэнээр урласан эдлэл өргөдөг уламжлал эртнээс тогтжээ.

Тэгвэл иргэдийн өргөсөн алт, мөнгөн эдлэлийг нуураас гаргаж авч ашиг хонжоо харсан цэвдэг сэтгэлтүүд ч байдаг бололтой. Тодруулбал, Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 9-нд Бадар хундага нуураас авсан байж болзошгүй, шуудайтай зүйл үүрсэн, шумбагчийн хувцастай үл мэдэгдэх гурван этгээд сүсэглэн залбирах гэж очсон иргэд рүү буудан, нэг иргэний хүзүүн тус газарт буудан шархдуулж улмаар машиныг нь унан зугтсан хэргийн талаар зарим нэг эх сурвалжууд мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр: -“Энэ сарын 9-ний өдөр Отгонтэнгэр хайрханы ойролцоо нэг залуу, хоёр хүн буудчихаад машиныг нь унаад зугтчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагийн дагуу ажилласнаар тус хэргийг үйлдсэн сэжигтэн этгээд Баян-Өлгий аймгийн харъяат 31 настай эрэгтэй “Т”, 22 настай “Т” нарыг баривчилж саатуулсан. Харин галт зэвсэг ашиглан хүн бэртээж, машин хулгайлаад зугтсан Улаанбаатар хотын харъяа иргэн 25 настай “Д” гэгч эрэгтэйг эрэн сурвалжилснаар тухайн аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс барилчилсан. Одоогийн байдлаар сэжигтнүүдийг Завхан аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна“ гэв.

Галт зэвсэгт өртсөн иргэн Ц.Отгонбат одоогоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр болсон үйл явдлын талаар ярихдаа: -“Тухайн өдөр Отгонтэнгэр хайрханд ах дүү нартайгаа мөргөхөөр очсон. Биднийг очиход тэнд машинтай хэсэг залуус байсан бөгөөд нэг ууттай зүйл машиндаа хийчхээд гүйгээд явчихсан. Тэгээд манай дүү тэднийг их сэжигтэй байна. Сая тэр чулуун овоон дотор нэг юм нуучих шиг боллоо гэсэн. Очоод үзтэл усанд шумбахад хэрэглэгддэг шумбагчийн гурван хувцас байсан. Тэдний хоёрыг барьж аван хүлсэн, харин нэг залуу нь машинруугаа гүйн машиныхаа цонхыг хагалж, хувцсаа гарган өмсөж, бидэн рүү буудаад, над дээр ирээд ална гэж сүрдүүлж машины маань түлхүүрийг авч машин унаад зугтчихсан. Буудсан сум нь хүзүүнд ороод, хацраар нэвт гарчихсан. Бид нар олуулаа байсан учраас тийм муухай хүний санаанд багтамгүй зүйл хийж байгаа залуусыг зүгээр хараад явуулчхаж болохгүй гэж бодсон” гэлээ.

Баригдсан сэжигтнүүдээс эд мөрийн баримтаар хоёр шуудай мөнгөн эдлэлийг хурааж авсан байна. Хэргийн урьдчилсан мэдүүлгээр тухайн эд зүйлийг Отгонтэнгэр уулын Бадар хундага нуураас авсан хэмээн тэд мэдүүлсэн аж. Харин бусад руу гал нээж гэмтээн, бусдын эд хөрөнгийг авч зугтаасан сэжигтэн Д нь өмнө нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан, Улаанбаатар хотын онцгой байдлын 105-р ангид усанд шумбагч, аврагчаар ажиллаж байгаад 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн нэгэн байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих