Улаанбаатарт хүн амьдардгийг л мартжээ

Токиогийн гудамж сайхан юм. Толь шил шиг гялгар юм. Хамгийн чухал нь тэнд хүн амьдардаг гэдгийг хачин сайн ойлгодог ажээ.

Арванхоёрдугаар сарын дунд гэхэд зузаахан цамцтай л гүйж явах цаг агаарын нөхцөлд аж төрж буй тэнд алхам тутамдаа хүний төлөө зориулсан зүйлтэй таарах нь таатай гэж жигтэйхэн. Уугуул, суугуултайгаа нийлээд 20 сая дөхөж буй энэ хотынхон Улаанбаатартай минь адилхан бужигналдаж, түжигнэлдэхгүй нь гайхмаар.

Дээгүүрээ, доогуураа, дундуураа явчихдаг учраас нэг нэгнийхээ хөл дээр гишгэчих шахам муухай харж явах шаардлагагүй байдаг бололтой. Үнэндээ тэр их хүн яаж ингэж, зохион байгуулалттай амьдардаг талаар мэдье гэвэл бараг нэг cap саатах хэрэгтэй юм билээ.

Өнгөцхөн ажихад Токиогийн иргэн, Улаанбаатарын унаган хоёрын дунд их зөрүү байгаа санагдав. Эдийн засгийн бус сэтгэлгээний ялгаал даа. Арлын орны нийслэлийн иргэд зөвхөн өөртөө зориулж амьдрах орчноо сайхан болгох хэрэгтэй гэдэгт 100 хувь итгэдэг бол манайхан бусдад зориулж дэмий ажил хийж байгаа юм шиг санагдаад болж өгдөггүй бололтой.

Өөрийнхөө хүчээр сайхан тохижуулсан гудамжаар нь ганцаараа биш олуулаа алхана гэхээр уур нь хүрдэг ч юм уу. Нэг иймэрхүү ялгаа байна. Түүнээс гадна манайхан Улаанбаатарыг утаанаас салгах, тохижуулах нь зөвхөн хотын захиргааныхны хийх ажил гэж сэтгэл амар суудаг бол тэнд хотоо сайхан байлгах нь хүн бүрийн үүрэг гэсэн “гэнэн” сэтгэлээр иргэн бүр нь ханддаг байгаа юм.

Тэгэхээр л бидэнд бусдын хот уур хүрмээр сайхан байдаг бололтой. Токиогийн учрыг нэг л олчихвол торох юм алга. Хамгийн гол нь тэр хотод хүн амьдардаг гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг тул хүрээлэн буй орчин нь өөлөхийн аргагүй байдаг аж. Автомашин хөлөглөвөл үүгээр, метрод суувал түүгээр, дугуйтай бол дээгүүр, явган бол дундуураа. Хэтэрхий автоматчилагдсан юм шиг ийм байх нь нэг бодлын уйтгартай. Сониуч монголчуудын хувьд бол заримдаа төвөгтэй юм.

Гэвч ийм байсныхаа хүчинд арав, хорин сая хүн эв найрамдалтай амьдраад байгаа ажээ. Ийм биш учраас 1.5 сая нийслэлийнхэн өдөр шөнөгүй бужигнаж, өглөө оройгүй түжигнэлддэг биз. Улаанбаатар бол сайхан хот. Хөгжилтэй, бартаатай, түгжээтэй, сонирхолтой, өдөр бүр адал явдалтай. Хамгийн гол нь сэтгэлд дотно. Ийм сайхан нийслэлтэй бид нэг л зүйлийг мартжээ.

Тэр юу гэвэл дөрвөн уулын дунд хүн амьдарна гэдгийг мартаж орхиж. Үүнийг л санаж явбал хожмын нэг өдөр Азийн бар байтугай болж л таарна. Тэр цагт муу Токио ч яамай байна аа.

Ө.Батхүү


URL:

Сэтгэгдэл бичих