Сурвалжлага: “Ирмүүн Өвөө” ХХК ногоон байгууламж нурааж граж барих гэж байна гэв

15367612285b991d8c300c0БЗД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламжийг устгаж, газар дээр нь граж барих гэж байна гэсэн мэдээлэл манай сайт ирлээ. Мэдээллийн мөрөөр дараах сурвалжлагыг бэлтгэлээ. 

XIII  хорооллын хоёрдугаар байрны өмнө хүүхэд тоглож, хөгшид салхилдаг ногоон байгууламж бий. Хэсэгхэн энэ газар тэр хавьдаа л эко орчин бүрдүүлж байдаг. Иргэд ч өөрсдөө жил бүр цэцэг тарьж, арчилж тордож байдаг бөгөөд энэ хавьдаа үлдсэн цорын ганц ногоон орчин болоод байгаа. аж. Харин уг газарт “Ирмүүн өвөө” хэмээх компани барилгын ажлаа эхлүүлэхээр ирсэн ч ногоон орчноо аврах гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа.

Компанийн зүгээс “Хотын түгжрэлийг сааруулах ажлын хүрээнд 2016-2020 он хүртэл газар доорх граж барьж замын хөдөлгөөнийг багасгая гэсэн НИТХ-ын шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу холбогдох зөвшөөрлөө аваад барилгын ажлыг эхлүүлэх гэж байгаа” тухайгаа хэллээ.  Мөн газар доорх хоёр давхар гражыг 700 гаруй сая төгрөгийн өртөгөөр 45 хоногын хугацаанд барихаар төлөвлөсөн ч иргэдийн эсэргүүцлээс шалтгаалж хойшлоод байгаа гэлээ.

 “Ирмүүн өвөө” ХХК-ийн зөвлөх П.Гансүх “Бид газрын зөвшөөрлөө хотын захиргаанаас авчихсан юм. Тиймээс бид ажлаа эхлүүлэх гээд энд ирсэн байна. Гэвч иргэд эсэргүүцэж байгаа учир эхлүүлж чадахгүй байна. Газар доошоогоо хоёр давхар граж барих юм. Газрын түвшин бол хэвээр байна. Хүмүүс мэдээж ногоон байгууламж гэлгүй л яахав. Бүх л газар аль болох ногоон орчин бүрдүүлж, эрүүл амьдарахыг хүсч байна. Энэ ногоон байгууламжийн доор хоёр давхар граш баригдлаа гэхэд үүн дээрээ буцаад ногоон байгууламж бүтээх нь нэг зуны л ажил шүү дээ. Иргэд гадаа байгаа машин 10 минут нормалдаад хөдлөх, граш доторх машин шууд асаагаад гарах хоёр асар их ялгаатай гэдгийг ялгаж салгах ойлгох хэрэгтэй шүү дээ. Оршин суугчдын зүгээс иргэний шүүхэд хандах юм шиг байна. Бид шүүхийн хариуг хүлээнэ. Барьж болно гэвэл барина. Үгүй гэвэл барихгүй” гэлээ.

Харин оршин суугчдын  хувьд тус компанийн зөвшөөрлийн бичгийг огт хараагүй төдийгүй, эсэргүүцсэн гарын үсэг цуглуулж СӨХ-доо өгсөн боловч, гарын үсэг нь ор сураггүй алга болжээ.  СӨХ –ноос асууя гэхээр утсаа салгаад алга болсон. 15 дугаар хорооны засаг дарга нь ч өвчтэй гэсэн шалтгаанаар ажилдаа ирэхгүй байгаа аж. Тус хорооны 6 дугаар байрны өмнөх ногоон байгууламжийг устгаж, граж барьсан ч өнөөдөр тэр нь бохир үнэртэж, ялаа шавсан орчин болсон төдийгүй автомашины угаар байнга үнэртдэг болсныг оршин суугчид хэлсэн юм. Тиймээс ногоон орчноо аврахын төлөө тэмцэе гэсэн тэднийг  Зөрчлийн хуулиар хариуцлагын арга хэмжээ авна гэж айлган сүрдүүлж байгаад гомдолтой байгаагаа ч хэлсэн юм.  Тус компани  барилгын ажлаа эхлүүлнэ гээд урд шөнө маш их хэмжээний мод буулгасан ба үүнийг оршин суугчид эсэргүүцэж өглөөний 7 цаг хүртэл ээлжлэн ногоон байгууламжаа хамгаалжээ. Ингээд тэд ажлын цагаар, үүрэгт ажлаа хийж ч чадахгүй үлдсэн ганц ногоон байгууламжаа алдахгүйн төлөө энд цуглажээ.

БЗД-ийн 15 дугаар хорооны иргэн А.Золзаяа “Би хоёрдугаар байранд амьдардаг. Энэ ногоон орчиндоо тоглож, салхилж 28 жилийг өнгөрүүлсэн. Гэтэл энэ газар дээр “Ирмүүн өвөө” хэмээх компани граж барих барилгын ажлыг эхлүүлэх гээд байгаа хаанаас яаж газрын зөвшөөрөл авсан нь тодорхой бус энэ зөвшөөрлийг харья гэхээр харуулдаггүй, оршин суугчдыг барилга барихыг зөвшөөрсөн гээд гарын үсэг зурсан гэж худлаа ярьсан. Нэг ч иргэн зөвшөөрсөн гарын үсэг зураагүй. Бидний эсэргүүцэж зурсан гарын үсгийг хуурамчаар үйлдэн зөвшөөрсөн болгосон байх гэж таамаглаж байгаа. Бид энэ ногоон газрыг хэзээ ч алдахгүй гэдгээ хэлье. Гадны улсууд ногоон байгууламжаа нэмээд байхад бид устгаад. сүйтгээд байна. Тиймээс холбогдох дарга, сайд нарт хэлхэд бидний эрх ашгийг хүндэтгэж үзээчээ гэж хүсье. Иргэдийн эсэргүүцэл улам ширүүсхээс өмнө энэ үйлдэлээ зогсоо” гэв.

БЗД-ийн 15 дугаар хорооны иргэн  Д.Долгорсүрэн “Урьд нь ийм шийдвэр гараад хүмүүс эсэргүүцээд больсон юм. Гэтэл одоо дахин ийм оролдлого хийж байна. Энэ компани хотын захиргаа, дүүргээс зөвшөөрөл авсан барихгүй л бол болохгүй төлөвлөгөөнд тусгагдсан байгаа гэдэг. Бид эсэргүүцээд байхад та нар яагаад зөвшөөрөл авчихваа гэхээр. Бидэнд та нарын эсэргүүцлийн бичиг ирээгүй гэсэн. Оршин суугчид бид ганц үлдсэн ногоон байгууламжийнхаа төлөө тууштай тэмцэнэ. Авлига авсан учраас шат шатны байгууллагуудаас зөвшөөрөл авсан гэж бид үзэж байна” гэлээ.

Ямартаа ч ногоон орчноо устгуулахгүй гэсэн иргэд ийнхүү тэмцэж байна. Тэдний энэ тэмцэл хэрхэн төгсөхийг бид дахин сурвалжлах болно.

Х.Соёл-Эрдэнэ

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих