Д.Дорлигжав авлигын машиныг гацаав

Монгол Улсад хамгийн мундаг, ямар ч сонгуулиар дийлддэггүй, улам хүчээ аван, саадгүй төслийнхөө хүчин чадлаасаа хэд дахин давуу ажиллаж “мөнгө үйлдвэрлэж” байгаа нэгэн аварга машин байдаг. Энэ бол хуулийнхан эд анги нь болсон авлигын машин юм. Авлигын энэ аварга машиныг Монголын бүх хуулийн байгууллагууд, тэдгээрт ажиллагсад, дээшээ яваад УИХ, Засгийн газрын гишүүд эрэг шураг араа шүднээс нь эхлээд моторыг нь хүртэл бүтээж бүрдүүлсэн байдаг. Бүр нарийн задалбал авлигын машиныг 424 прокурор, 428 шүүгч, мөрдөн шалгах эрх бүхий дөрвөн байгууллагын 450 мөрдөн байцаагч бий болгоно.

Бас эдэнд иргэдээс мөнгө салгах гэсэн баахан хулхи голдуу 1050 өмгөөлөгч угсралтанд орж ажиллана. Авлигын аварга машин ажиллаж Эрдэнэт, Оюу толгойгоос илүү мөнгө үйлдвэрлэж төрөөс тэрбумтнуудыг төрүүлж ард түмнээ ядууруулж зогсоо зайгүй өдөр шөнөгүй ажиллана. Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор болоод зургаан сар боллоо. Өөрөөр хэлбэл Д.Дорлигжав авлигын машины хянах самбар дээр суучихлаа. Мань эрийг Ерөнхий прокурор болоход авлигын машиныг бүтээгчид янз бүрээр хүлээж авсан. Зарим нь айсандаа зүрх нь зогсох шахсан. Зарим нь хайрт нам, сайн дээврүүдийнхээ хүчинд эрдэн дийлэхгүй гэж басамжилсан. Харин цөөхөн шударга хэсэг нь баярласан. Харин ард иргэд бол энэ Дорлигжав яах бол гэж итгэж хүлээсээр л байгаа. Ямар ч гэсэн, айхгүй ч гэсэн аягүй гэгчээр хуулийнхан учиргүй их улайм цайм мөнгө хийдэг нь зогссон. Шүүх засаглал нь хүртэл эд анги нь солигдож холигдож байна. Тэгтэл Авлигатай тэмцэх газар гэж нэг агентлагийн дарга хаа хамаагүй УИХ-аар хамгаалуулчихаад гөжөөд зогсчихдог байгаа. Дорлигжавыг басаж Сангарагчаа дийллээ гэж тун болохгүй. Дорлигжавыг цөөхөн сэтгүүлч сайн мэднэ. Тэдний нэг нь би юм. Ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд одоог бодвол боловсон хүчин муутай байлаа. Дорлигжав “Би сайд болохгүй” гэж гэдийгээд Ардчилсан холбооныхон баривчлах нь холгүй чихдэж байж шадар сайд болгосноос эхлээд бүх халуун цэгүүдэд ажилласан. Дорлигжав хэнээс ч айдаггүй, шантардаггүй, бараг л дийлж байж салдаг зантай. Батлан хамгаалахын сайд байхдаа алтан аягаар архи ууж даварч байсан хурандаа, генералуудын зүрхэнд орж чадсан. Дараа нь Эрдэнэтэд яалаа. Орос улс, Ерөнхийлөгч хоёр хамгаалаад дийлээгүй Отгонбилэгийг номонд оруулж Эрдэнэт үйлдвэрийг хувийн, төрийнх нь мэдэгдэхгүй компаниас чөлөөлж чадсан юм. Намайг Дорлигжавыг хамгааллаа, магтлаа энэ мөнгө авсан гээд зарим нь зүхэх л байх. Хамгаалах ёстойг хамгаална шүү. Ямар ч байсан Дорлигжав хуулийн байгууллагын авлигын машиныг гацаачихлаа. Энэ машиныг уг нь бүрэн эвдэж төмрийн хог дээр хаяад, дандаа шинэ 1990 оноос хойш үйлдвэрлэгдсэн шинэ хуульч эд ангиудаар солих ёстой юм. Шүүх цагдаа прокурор аль нь ч ялгаагүй хуулийн байгууллагынханы дотор ёстой заваан, дэндүү бохир механизм үйлчилдэг. Социалист Монголд хуулийн сургууль ганц байсан, Орост ч ялгаагүй тэдний үр хүүхэд явдаг тэд л мэргэжлээ дээшлүүлдэг болохоор бүгдээрээ нэг анги, нэг сургууль, багш шавь, гэр бүл болно гээч. Аав нь прокурор, хүү нь хэсгийн прокурор, нууц амраг нь шүүгч байх жишээтэй. Авлигын энэ машин ах дүү амраг садан ангийн найзуудын дунд мөнгөөр хэрэг хаадаг нээдэг нь нууц биш. Дорлигжав Авлигын машины хянах самбарыг зургаан сар уншлаа. Хашир зугуухан прокуророосоо эхлэн эвдэж, сольж, энд тэнд байрлуулж эрэг боолтыг нь салгаж байрлуулж байна. Саяхан баахан прокурорууд хэвлэл мэвлэлээр явж интернэтээр ажил хаяна ч гэх шиг юм болов оо. Дорлигжавын өгсөн ажил нь таалагдаагүй юм гэнээ. Сайн л биз дээ. Тэднийг ажлаас нь бүр зайлуулаад ард түмний нурууг амраагаад өгөх хэрэгтэй байсан юм.  Прокурорынхон, шүүгч, цагдаа, авлигатай тэмцэх газрынхан бас яггүй улс төржиж байнаа. УИХ-ын гишүүдийг ажлыг нь хийлгэхгүй энэ Дорлигжав ингээд байна, дараагийн ажил мэдэж байгаарай гээд саарал ордноор гүйлдэх болов. Бас Дорлигжавын Эрдэнэтэд ажиллаж байсан тухайд мөнгөөр нийтлүүлж бут авна ч гэх шиг, хуулийн байгууллагын боловсон хүчнүүдийн дунд хууль бус ажиллагаа яваад байна, мөнгө төлж ярилцлага өгнө ч гэх шиг нэг их баярхсан хижээл хуульчид сонин телевизийн үүд хаалга онголзуулах болов. Дотор нь ажиллаж байгаа хүний ярианаас үзэхэд прокурорын авлигын дамжуулах механизмыг бол сайн эвджээ. Аливаа гэмт хэрэгт анхнаас нь төрийн нэрийн өмнөөс хяналт тавьж эцэст нь ялладаг энэ механизм эвдрэх юм бол хэрэг бүртгэж мөрдөн байцаадаг цагдаа ч, баримт түшиж шүүдэг шүүгч ч авлигын ажлаа ч амжуулж дамжуулж чадахаа болино. Д.Дорлигжав Авлигын аварга машины хянах самбар дээр нь суусны хувьд хаана, хэн ажиллаад байна гэдгийг ажиглаж мэдсэн байж таараа. Монгол цөөхөн хуульчтай, энэ машины эд ангиуд нийлээд 1000 хүрэхгүй ширхэг байна биз. Улс төрийн ямар намаас хэн хэн энэ машиныг жолоодож байна гэдэг нь бүр тодорхой. Алдартай дуулиантай, хохирол нь зуун тэрбумаас  эхлээд, доод тал нь таван сая долларын 30-аад том хэрэг хуулийнхны дунд нуугддаг юм. Хохирлын хэмжээ ямар аймаар гээч. Эрдэнэтийн улсын төсөвт оруулах ашгаас илүү гэвэл та үнэмших үү.  Эзэн холбогдогчид нь улс төр, хуулийнхны далд сүлжээнд  цулайж байдаг. Залуур дээр нь арав хүрэхгүй тооны улс төр, бизнесийн бүлэглэл сууж дааж, халхалж, хамгаалж, дээвэр болж, үүнд тааруулж хууль хүртэл гаргаж суудаг. Үүнийг Монголын авлигын машины хянах самбар дээр суугаа Ерөнхий прокурор байтугай эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр хэдэн жил яваад цөхрөнгөө барсан сэтгүүлч би ч мэдэж байгаа. Ард түмэн ч харж байгаа. Ямар ч гэсэн Д.Дорлигжав авлигын машиныг гацааж чадлаа. Энэ бол нэг алхам. Эвдлээд хаячих хэрэгтэй юм. Харин буцаагаад эрүүл, элдэв авлига багатай ажиллах хуулийн шинэ машин угсарна гэдэг үнэндээ хэцүү. Буруу угсарсан хуулийн машин бухын хүзүүнээс хатуу. Ерөнхий прокурор энэ зовлонг амсаж эдэлж яваа биз. Улстөрчдөд хуульчдад таарсан шийд гаргах албагүй ээ. Прокурорынхон яаж байна иргэдтэйгээ цуг харж л байя даа.

Г.Дашрэнцэн


URL:

Сэтгэгдэл бичих