Яг жилийн өмнө та ингэж амласан
2017 оны аравдугаар сарын 20. Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаан болж, энэ үеэр төрийн албаны сахилга батыг сайжруулна хэмээн мэдэгдэж байв.
Т.БАТСАЙХАН
У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоод яг жилийн хугацаа өнгөрчээ. Бүрэн эрхийн хүрээнд нэг жил гэдэг багагүй хугацаа. У.Хүрэлсүх жилийн өмнө өөрийн намын Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрыг унагаж энэ эрх мэдэлд хүрсэн билээ. Тэр уг нь өмнөх Засгийн газартаа Шадар сайдаар ажиллаж байв. Ингэж бүрэлдэхүүнд нь багтсан ч гэлээ засгаа унагаж өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон. Үүгээрээ тэр улс төрийн түүхэнд үлдэнэ. Ерөнхий сайд болсныхоо дараа У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үг нэлээд хурц, зорьмог, шийдмэг байв. Гэсэн ч өнгөрсөн жилийн хугацаанд улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг харвал Ерөнхий сайдын зориг зүрх мөхөж, хэлсэн үг нь мөлийсөн мэт харагдана. Тэр хэлсэндээ хүрч амласнаа биелүүлж чадсангүй. Хамгийн энгийн жишээ гэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаан нэлээд ширүүн болсон байдаг. Тэрээр “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана. Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” хэмээн мэдэгдэж байлаа. Харин нэг жилийн дараа яав, юу болов. Төрийн албан хаагчид ажлын байртаа архидан согтуурч, нэгнээ хөнөөсөн хэрэг гарлаа. Зам, тээврийн хөгжлийн яамны байранд энэ оны наймдугаар сарын 9-нд хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болох нь тогтоогдоод байна. Ерөнхийдөө энэ хэрэг төрийн албаны сахилга бат, цаашлаад У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдаж байгааг харуулах шиг боллоо. Энэ хэрэг явдлын дараа ЗГХЭГ-аас 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т шалгалт явуулсан. Шалгалтаар төрийн байгууллагын 830 өрөөнөөс согтууруулах төрлийн 115 бүтээгдэхүүн, 11 ширхэг шатамхай /салют, бензин/ гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрчээ. Энэхүү шалгалтын үр дүн мөн л төрийн албаны сахилга бат гэх зүйл үгүй болсон гэдгийг харуулсан. Тиймээс Засгийн газрын тогтоолыг батлан гаргалаа. Цаашдаа төрийн байгууллагад согтууруулах төрлийн бүтээгдэхүүн, элдэв бодис оруулахыг хатуу хориглож, хэрэв оруулж, хадгалсан байвал шууд ажлаас нь хална хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж байв. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар тааруухан мэдээлэлтэй нэг жилийн ойгоо угтаж байна. Ерөнхий сайдын хамгийн эхний амлалт болох төрийн албаны сахилга бат гэх зүйл энэ засгийн үед шалдаа буулаа. Яг жилийн өмнө УИХ-ын чуулганы индэр дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг юу амлаж байсныг эшлэн хүргэж байна.
-Сайд нь төрийн нарийн бичгийн даргаа, төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой.
-Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга.
-Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.
-Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.
-Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно.
-Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.
-Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.
-Би зөвхөн хуульд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.
-Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна.
Ийнхүү Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсныхоо дараа яг энэ үгнүүдийг ард түмний өмнө бахдалтайгаар хэлж байв. Үүнийг танд эргэн сануулъя.
2018 оны наймдугаар сарын 22-нд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар төрийн албыг дахин сахилга батжуулах талаар мэдээлэл хийв.
2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ЗТХЯ-ны удирдлагууд ажлын байрандаа архидан согтуурч нэгнээ хөнөөсөн хэрэг гарав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: