Э.Номинчулуун: Уул уурхайн хөгжилд эрдэмтдийн оролцоо чухал

1f713de505247dfa3dcd8cc0685d3020_1200“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг урилаа.

БАЙГАЛИЙН БАЯЛАГ БА ЭДИЙН ЗАСАГ

Аливаа улс орны эдийн засагт байгалийн баялаг нь чухал үүрэгтэй. Тэр дундаа Монгол Улсын эдийн засагт уул уурхайн түүхий эд, байгалийн баялаг томоохон байр суурийг эзэлдэг гэж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд монголчууд газрын баялаг ялангуяа, коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргаж буй нь нэлээд үр дүнтэй ажил болсон. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” компанийн төсөл хөтөлбөр, ТЭЗҮ-ийг боловсруулан дэлхийн зах зээл рүү борлуулах, олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаа гаргах ажлыг хийж байна. Мөн түүнчлэн тухайн төслийнхөө үр шимийг хувьцаа хэлбэрээр ард түмэндээ хүртээхээр ажиллаж байгаа нь сайшаалтай.

Энэ нь эдийн засагт эерэг үр дүн үзүүлэх болно. Уул уурхайн салбар улсын эдийн засагт голлох байр суурийг эзэлж байна. Тухайлбал, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн тэргүүлэх байр суурийг ашигт малтмал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд эзэлж байгаагаас харж болох юм.

ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ОРОЛЦОО

Ашигт малтмалыг үр ашигтай зарцуулах, улс орны хөгжил, эдийн засагт оруулах хувь нэмэр, өгөөжийг нь өндөр төвшинд хүргэхийн тулд салбарын эрдэмтэн, судлаачдын оролцоо чухал. Өмнө нь нүүрсний газар, институт гэж байсан. Харин одоо эрдэм шинжилгээний хүрээлэн болон салбарын мэргэжлийн байгууллагыг нэгтгэн судалгаа болон бодлогын бичиг баримтад тулгуурласан шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ нь зөвхөн уул уурхайн салбарт хамааралтай зүйл биш. Бусад салбарт ч хамаатай. Ийнхүү эрдэмтэн судлаачидтай хамтарснаар улс орны хөгжлийн суурь бодлого, эдийн засгийн чадавхийг сайжруулахад тэдний оюуны бүтээлд түшиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг гаргаж олон улсын зах зээлд нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй байх болов уу. Ер нь улсыг хөгжүүлэхэд олон талын ургальч үзлээс гадна талуудын оролцоотой бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тодруулбал, онол, практик хосолсон загварыг ажиллуулах ёстой. Жишээлбэл, нүүрсний салбарт ямар асуудал тулгарч буйг дан ганц төрийн бодлогоор зохицуулах боломжгүй. Төрийн зүгээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч болно. Харин хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарц гаргалгааг олж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төрийн бодлогын дэмжлэг авах учиртай. Хамгийн ойрын жишээ гэвэл түүхий нүүрсээ экспортлохдоо их, бага үнээр гаргасан гэж шүүмжлэгддэг. Хэрэв бид илүү орлого олъё гэвэл боловсруулсан нүүрсийг экспортод гаргаж болно шүү дээ. Үүний тулд техник технологи, шинэ санаачлага шаардагдана. Хувийн хэвшил техникийн асуудлаа шийдвэрлэлээ гэхэд эрдэмтэн судлаачид эцсийн бүтээгдэхүүн хийх шинэ санааг дэвшүүлдэг байх учиртай.

НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ

Судалгааны институтийг байгуулан түүндээ түшиглэн ямар чиглэлийн үйлдвэрлэл явуулах, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Химийн институтийг түшиглэн үйлдвэрлэл явуулах их нөөц бололцоо бий. Жишээлбэл, нүүрснээс нефть болон хулдаас гаргаж авах боломжтой. Тэгэхээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр тухайн салбар хөгжихийн зэрэгцээ эдийн засагт ч дорвитой өсөлт гарч ирнэ. Манай улс байгалийн баялгаа түшиглэн хөгжихийн тулд гарч байгаа түүхий эдээ өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Үүнд дээр дурдсан эрдэмтэн, судлаачдын оролцоо нөлөөлж байгаа хэрэг. Мэдээж хөрөнгө оруулалт зайлшгүй шаардагдана. Хэрэв эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьвол нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын асуудал тулгарна. Үүнийг шийдвэрлэх олон арга зам бий. Сүүлийн жилүүдэд улсын эдийн засаг хүнд байгаа учраас уул уурхайгаас олсон орлого улсын төсвийн бүрдүүлэлтэд зарцуулагдаж байгаа. “Эрдэнэт”, Оюутолгой, “Эрдэнэс тавантолгой” компани төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдгийг хүн бүр мэднэ. Тэгэхээр энэ үйлдвэрүүд гүн боловсруулах үйлдвэрлэл байгуулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үздэг.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭХ

Улсын эдийн засгийг чадавхижуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд судалгааг сайн хийх нь чухал. Үүний дараагаар аль салбарт, ямар төсөл хэрэгжүүлбэл илүү өгөөжтэй вэ гэдгээ тодорхойлон эрэмбэлэх нь зүйтэй. Мэдээж төслийг хэрэгжүүлэхийн тулд техник технологи, хөрөнгө оруулалтын асуудал тулгарна. Үүнтэй зэрэгцэн боловсон хүчний асуудал ч гарч ирнэ. Тэгэхээр аль ч салбарт дутагдаж буй мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талд төрийн бодлогоор зохицуулалт хийж, дэмжих нь зүйтэй. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чадвартай мэргэжилтэн чухал байдаг. Мэргэжлийн ажилтныг бэлтгэхийн тулд онол заахаас гадна дадлага туршлага хуримтлуулахад анхаарах ёстой. 2.5-4 жил сураад төгссөн оюутан ажлын байран дээр гарсны дараа чадавхижих шаардлагатай болдог. Магадгүй гадны орны туршлагаас хуваалцах ч хэрэг гарна. Тэр ч бүү хэл техник технологийг эзэмших дадлага суулгахын тулд тухайн оронд нь очиж үйлдвэрлэлийн дадлага хийх зайлшгүй шаардлага бий. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд төр боловсролын салбартаа анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж хардаг. Хэрэв бид үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг зорьж байгаа бол энэ чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэх учиртай. Үүний тулд 5-10 жилийн хугацаа зарцуулах болов уу.

УУЛ УУРХАЙ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Багануур компанийн тухайд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй. Нээлттэй хувьцаат компани. Хэдийгээр хувьцаа эзэмшигчидтэй ч цөөхөн удаа ногдол ашиг тараасан байдаг юм. Энэ нь ашигтай ажиллаж чадахгүй байгаатай холбоотой. Гэхдээ сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр ашигтай ажилласан боловч ногдол ашиг хуваарилж чадахгүй байна. Учир нь манай компаниас гарч буй бүтээгдэхүүний үнийг төрөөс хатуу барьж байгаа нь нөлөөлж буй хэрэг. Тухайлбал, нэг тонн нүүрсийг 39 мянган төгрөгөөр олборлож байгаа боловч 31.500 төгрөгөөр борлуулах учиртай. Бид нийт гаргаж байгаа нүүрснийхээ 95 хувийг эрчим хүчний салбарт нийлүүлдэг. Тэгэхээр ашигтай ажиллах нь битгий хэл бүр алдагдалд орох хэмжээнд байгаа юм. Энэ тохиолдолд бид хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах боломжгүй болдог. Үүнээс гадна манай үйлдвэр техник технологийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Үүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Тухайлбал, нэг эксковаторыг 12.5 жил ашиглан шинэ тоног төхөөрөмж авч ашиглах учиртай атал багадаа 20 жил ашигладаг. Энэ хугацаанд эксковатороо ажиллуулахын тулд сэлбэгт их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Энэ нь зардлыг өсгөж байгаа учраас нүүрсний борлуулалтын өөрийн өртөг нэмэгдэж байгаа юм. Түүнээс гадна бид зардлаа хэмнэх бүхий л арга хэмжээг авч байна. Өнгөрсөн онд гэхэд эксковаторын шанага үйлдвэрлэн ашиглалтад оруулсан. Ингэснээр 100 гаруй сая төгрөгийг хэмнэж чадсан. Дотоод нөөц бололцоогоо ашиглан тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг зорьж эд анги сэргээх төсөл боловсруулсан. Энэ мэтчилэн дорвитой ажлуудыг хийж гүйцэтгэн үйлдвэрээ өргөжүүлэх, хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.

“БАГАНУУР” КОМПАНИЙН ИРЭЭДҮЙ БА УЛСЫН ХӨГЖИЛ

Багануурын нүүрсний уурхайд ирээдүй бий. Манай үйлдвэрт мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин бий. Цаашид хөгжүүлээд явах суурь баазтай. Тэгэхээр техникийн шинэчлэл хийхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Түүнчлэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, утааг бууруулахын тулд сайжруулсан түлш хэрэглэх шаардлагатай гэсэн төрийн бодлого гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн онд шахмал түлшний үйлдвэрийн төслийг “Монничикон трейд” компанитай хамтарч хийсэн. ТЭЗҮ-ийг нь Эрчим хүчний яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр оруулж батлуулсан. Одоогоор хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Төслийн хүрээнд гадны дэвшилтэт технологийг ашиглан Америк, Австралийн технологиор хаягдалгүй түлш үйлдвэрлэхээр зорьж байна. Ингэснээр нэгдүгээрт, хийн түлш гарна. Хоёрдугаарт, нефтийн өмнөх бүтээгдэхүүн гарна. Гуравдугаарт, шахмал түлш гарах юм. Төсөл хэрэгжсэнээр 190 мянган тонн түүхий нүүрсийг боловсруулан 100 мянган тонн шахмал түлш, 11 мянган тонн нефтийн өмнөх бүтээгдэхүүн гарна. 10 гаруй мянган тонн хийн түлш гарах юм. Энэ нь хийн түлшээр явдаг авто машинд хэрэглэж болох бөгөөд стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн байх юм. Энэ төсөл нийт 22 тэрбум төгрөгийн өртөгөөр босох юм байна. Үйлдвэр ашиглалтад орсноор хөрөнгө оруулалтын зардлаа 3.3 жилд нөхөх боломжтой. Эцсийн дүндээ “Багануур” компанийн хөгжил Монгол Улсын хөгжилд тодорхой байр суурь эзлэн хувь нэмрээ оруулж ирсэн. Тиймээс манай үйлдвэрийн ирээдүй гэрэлтэй байх нь улсын эдийн засаг болон олон мянган ажилтны ирээдүйн амьдралын баталгаа байх учиртай. Үүний тулд үйлдвэрийг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болгохын тулд тодорхой алхмуудыг хийх шаардлагатай гэж үздэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих