Гучаад гэр бүлийн авсан 40 тэрбум төгрөг замарсан мөр
Малчдад хямд тэжээл нийлүүлэх, монголчуудад гурил идүүлэх, тариаланчдад урам өгөх ариун гэгээн зорилготой асар их хөрөнгө зарцуулдаг төслүүдэд тогтмол хамрагддаг нэгэнт дархлагдсан гуч орчим компани бий. Тэдний дундаас салбарын гавьяат бүр баатар ч төрсөн.
Үнэн зөв мэдээлэлгүйгээр иргэд төр засагт хяналт тавьж, төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж хязгаарлагдмал тул хүний язгуур эрхүүдийн нэг болох мэдэх эрхийг ханган ажиллах нь төрийн болоод хэвлэл, мэдээллийн салбарын онцгой үүрэг мөн.
“Хараат бус сэтгүүлзүй” үндэсний
форумд явуулсан Монгол Улсын
ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтээс
Санаатай хэтрүүлдэг төсөв
ХХААХҮЯ-ын сайд Б.Батзоригийн А-149 тоот тушаалын дагуу “Мал хамгаалах сан”-аар дамжуулан ОХУ-аас хямд тэжээл оруулж ирэхээр 40 тэрбум төгрөг 27 компанид тараасан. Харин манай тэжээлийн хэрэгцээ жилийн 10 тэрбум орчим төгрөг байдаг аж. “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Б.Эрдэнэболорын хийсэн судалгаагаар 2016 онд малчид 9.5 тэрбум төгрөгөөр импортын тэжээл авчээ. Өвөл, хаврыг зутруухан давсан малчид энэ жил 11 тэрбумын өвс тэжээл худалдан авсныг ХХААХҮЯ-ны мэдээнээс харж болно. Хэдий 60-70 сая гэдэг ч өгөөж багатай бэлчээрийн малд үүнээс илүү мөнгө зарцуулбал ашиггүй болоод тэр. Үүнийг ХХААХҮЯ; “Мал хамгаалах сан”; мал, малчин хоёрт маниасаа илүү хайртай улстөрчид мэддэггүй гэвэл гонж. Харин хэрэгцээнээс нь дөрөв дахин хэтрүүлэн төсөвлөсөн хүүгүй зээл аль компанид зориулагдав?
Санасандаа хүрсэн компаниуд
Дээрх мөнгөөөс илүү гарсан 30 тэрбумыг аль компани авсныг харцгаая. “Милл хаус” (2.0), “Од групп” (3.0), “Арованна” (5.0), “ЧТМО” (2.0), “Чансаа Ханхөхий холдинг” (3.0), “Хөвсгөл Алтандуулга” (5.0), “Жи Өү Ти Ти” (2.0) компаниудын авсан зээл нийлээд 17 тэрбум төгрөг болжээ. Эдгээр долоон компани авсан мөнгөнийхөө 60 хувиас бага дүнтэй тэжээл оруулж ирснийг гаалийн (2017.12.01-2018.07.31 хооронд) импортын мэдээнээс харж болно. Харин “Жи Өү Ти Ти” компани тэжээл огт импортлоогүй. Хүүгүй зээлээр гааль, НӨАТ-гүй тэжээл оруулж ирэх зориулалттай мөнгөний 43 хувийг нь авсан дээрх долоон компанид 16.364 тэрбум төгрөгийн гүйцэтгэл дутуу үлдсэн бол бүгд нийлээд 636 саяын л импорт хийсэн. 2018 оны хоёрдугаар сарын 26-нд “Мал хамгаалах сан”-ийн дарга асан Т.Цэдэндамбаа «… “Милл хаус”, “Хөвсгөл Алтандуулга” зэрэг долоон компани дотооддоо үйлдвэрлэсэн хивэг малчдад өгч байна» хэмээн newspress.mn сайтын тодруулгад хариулж байсан юм. Тэгэхээр 16 гаруй тэрбумыг анхнаасаа тэжээл оруулж ирэх зорилгоор аваагүй гэж үзэж болох нь ээ. Найман сарын хугацаатай, хүүгүй зээл авсан компанийн эзэд хэн байв?
Сарвайснаа авсан эзэд
Таван тэрбумыг авсан “Хөвсгөл Алтандуулга” бол Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байхдаа 108 лицензийг хууль бусаар тараасан хэргээр ял сонссон Д.Батхуягийн компани. Одоо тус компаний Гүйцэтгэх захирлын албыг дүү Д.Дуламсүрэн нь хашиж буй. “Хөвсгөл Алтандуулга” компани наймдугаар сард 3.74 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Хөрөнгийн бирж дээр нэмж хувьцаа гаргасан боловч санаснаар нь болоогүй. Удаах таван тэрбум төгрөгийг хүртсэн “Арованна” компанийн захирал нэг сурвалжаар Д.Одгэрэл, өөр мэдээллээр Сүрэнчулууны Энхболд. Тус компани 2014 оны нэгдүгээр сард “Чингис бонд”-оос чацарганы “Ингүүмэл” төслөөрөө санхүүжилт авч байсан. Харин энэ жил “Ингүүмэл” төсөл дээр нь “Намрын буудай” ХХК байгаль орчны үнэлгээ хийлгүүлсэн (ямар холбоотой нь хойно харагдана). Дор бүрнээ хоёр тэрбум төгрөгийн зээл авсан “Милл хаус”, “ЧТМО” компаниудын жинхэнэ эзэн нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга байх магадлалтай. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Милл хаус”-ын машин Говь-Алтайд их хэмжээний бэлэн мөнгө, ухуулгын материал ачиж яваад цагдаад баригдсан байдаг. “ЧТМО” компани Ж.Чинзоригийн нэр дээр бүртгэлтэй, гэхдээ тэрбээр “Милл хаус”-ын өмнөөс хэвлэлд ярилцлага өгдөг. Ямартаа ч хүүгүй зээлийн баримтад уг хоёр компанийг төлөөлж “менежер С.Пүрэвжаргал” гэх нэг хүний гарын үсэг зурагджээ.
Өөр сайхан санаачилга
Сайд дарга нарын мал, малчин хоёрт “санаа тавьсан” 40 тэрбумын төсөлтэй зэрэгцэн ард биднийгээ гэсэн бас нэг “сайхан ажил” өрнөсөн байдаг. Ноднин зуны хэт халалтаас үүдэн тариаланчид ургацынхаа 50 хувийг авч чадаагүй юм. Иймээс 2018 оны хүн амын жилийн гурилын хэрэгцээнд шаардлагатай 225 000 тонн хүнсний улаан буудай импортлох зөвшөөрлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар гурил үйлдвэрлэгч ААН-үүдэд олгожээ. Гэхдээ ноднин дотоодоос худалдаж авсан улаан буудайн хэмжээнд нь дүйцүүлэн квот өгсөн юм. Энэ буудайг импортлох явц малын тэжээл оруулж ирэхтэй хугацааны хувьд давхцаж таарав. Тэжээл оруулж ирэх хүүгүй зээл авч, татварын хөнгөлөлт эдэлсэн “Милл хаус” (35 000 тн), “Од групп” (20 000 тн), “Хөвсгөл Алтандуулга” (5 030 тн), “Хархираан хөгжил” (500 тн) компаниуд мөн л хүнсний улаан буудай импортлох квот авсан байдаг. Эдгээр болон бусад улаан буудайн квоттой компаниуд үүргээ бүгд зуун хувь биелүүлсэн гэхэд хилсдэхгүй. Хүний малд өгөх хямд тэжээл биш, өөрсдөө гурил болгоод худалдах улаан буудай учраас хичээл зүтгэлийг нь муушаах ч бас хаашаа юм.
Сандарч тэвдэх шалтгаан
Тавдугаар сарын 17-нд “Төмөр замын дэр мод ялзарч муудснаас осол гарсан” гэх мэдээ хэвлэл болгоноор цацагдав. Уг мэдээний нөгөө агуулга нь “Орос-Хятад хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон” байлаа. Хэвлэлүүд бүгд үүгээр лид хийсэн байдаг. Гэвч үнэндээ Новосибирьскийн “Болотноехлебопродукт” ООО-аас “Милл хаус” компанид хаягласан улаан буудайг ачсан вагон унасныг “Дархан-1” өртөөний тухайн өдрийн рапорт гэрчилдэг. Гэмт хүн гэлбэлздэг гэгчээр ийм худлаа мэдээлэл тараах ямар шалтгаан байв? Тухайн үед “Милл хаус”, “ЧТМО” компаниудын тэжээл оруулж ирэхээр хүүгүй зээлсэн мөнгөний 2.8 тэрбум нь зориулалтаараа зарцуулагдаагүй байсныг тэжээлийн импортын мэдээ батална. Тэгэхээр зээлийн үлдэгдлээ импортын буудайн төлбөрт өгчихсөн “Милл хаус”-ынхан сандарч унасан вагоноо хоёр хөршид хамаатай мэт мэдээ тараасан гэж үзэх бүрэн үндэс байна. Энэ маягаар бол нийтдээ 7.2 тэрбумын тэжээл дутуу оруулж ирсэн ч улаан буудайнхаа квотын 99 хувийг импортолсон “Од групп” ХХК, “Хөвсгөл Алтандуулга” ХХК хүүгүй зээл, татварын хөнгөлөлтөө ашиглан өөртөө түүхий эд нөөцөлсөн бололтой. Харин нийлүүлэх тэжээлийнх нь 88 хувь дутуу “Арованна” компанийн зээлээр “Намрын буудай” ХХК 1 364 тонн улаан буудай ОХУ-аас оруулж ирсэн байж мэдэхээр. Нэгдүгээрт, уг хоёр ААН дундаа “Ингүүмэл” гэх чацарганы нэг төсөлтэй. Бас ХХААХҮЯ-аас авсан 500 тонны квотоо хэзээ яаж нэмүүлснийг мэдэхгүй, ямартаа ч “Намрын буудай” ХХК тавдугаар сард багтаан квотоосоо 864 тонныг илүү импортолж төлөвлөгөөгөө 173 хувиар давуулан биелүүлсэн нь “Социалист хөдөлмөрийн гавшгай бригад”-ыг өөрийн эрхгүй санагдуулна. “Арованна” ХХК-ийн захирал 4.4 тэрбум төгрөгийг өнөө болтол гудсан дороо хадгалах тэнэг хүн биш гэдэгт хувьдаа итгэлтэй байна.
ХХААХҮЯ-ны булхайг ухвал барах уу?
Тэжээл нийлүүлэхээр 40 тэрбумыг авсан компаниуд наймдугаар сарын 1-ний дотор зээлээ эргүүлж төлөх ёстой. Гэтэл өдгөө “Түмэн шувуут”, “Архалиун цамхаг”, “Хархираан хөгжил” гурваас бусад нь гүйцэт төлөөгүй байна. Харин тэрбум, тэрбум хоёр зуун сая төгрөг авсан “Туртелком”, “Биохэлф Монголиа”, “Галин интернэшл” тэрчигтээ сураг тасарсан гэж “Мал хамгаалах сан”-ийнхан ярилаа. Компаниуд хүүгүй зээлээ төлөх хугацааг наймдугаар сарын 15 болгож хойшлуулсан ч 20-80 хувийн эргэн төлөлттэй яваа гэнэ. Үе үеийн сайдыг дамжин хөгжсөөр төгс хэлбэртээ хүрчихсэн хэдхэн хүн давуу тал олж, төсвийн мөнгөөр хувьдаа ашиг хийдэг энэ мэт төсөл, хөтөлбөр ХХААХҮЯ-д ганцаар тогтохгүй. Ингэсгээд “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан” гээч сайхан зорилготой өөр нэгэн лоохуу эхэлнэ. Малчдад хямд тэжээл нийлүүлэх, монголчуудад гурил идүүлэх, тариаланчдад урам өгөх ариун гэгээн зорилготой асар их хөрөнгө зарцуулдаг төслүүдэд тогтмол хамрагддаг нэгэнт дархлагдсан гуч орчим компани бий. Тэдний дундаас салбарын гавьяат бүр баатар ч төрсөн. Харин та бид гавьяатуудынхаа үйлс, баатруудынхаа хийсэн бүтээснийг тасралтгүй мөшгих эрхтэй. Ерөнхийлөгч Х.Баттулгын нэгэнт хэлсэнчилэн “хүний язгуур эрхүүдийн нэг болох мэдэх эрхийг ханган ажиллах нь …мэдээллийн салбарын онцгой үүрэг” учраас энэ сэдвийг цааш ухахаас өөр гарцгүй билээ.
http://updown.mn/57363.html
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
иймэрхүү байвал хорин нэг дүгээр зуунаа дуусгаж чадахгүй монгол улс дампуурна гуч гариу тэр бум долларын гадны өр зээлээ бид нөгөө улс нь тайван амгалан байвал өрөө аажмаар төлж гэмээ нь хорин гурав дугаар зуунд бид өргүй болж маш их баяр хөөр болно доо юун олимпийн аврага юун наадам цагаан сар гэх мэт харин энэ хугацаанд идэхгүй цалин авахгүй суралцахгүй бол шүү
АРАЙ Л ЮМ ДАА, АТГ Ч ГЭЖ ДЭЭ ,
ард түмнээс хулгайлсан мөнгийг нь буцааж хуу хамаад улсдаа хурааж авах шударга, бас эр зоригтой засгийн газар хэзээ нэг цагт бүрдэх л байх гэж найдъя даа , харин бясаануудыг бол бяц дарах хэрэгтэй
ХХААҮЯ бол дэндүү их төсөвтэй, дэндүү их хулгайч нартай яам.Дээрээс нь Гацууртын Чмнбат, Шимийн Цандэлэг гээд хоёр лухгар хулгайч бий дээ.
Дэд сайд нь мөнгө мэдэх юм бишдээ. Зургийг нь тавиад шоудож гэнэ
Тус яамны сайд банхар Батзориг үнэхээр зоригтой юмаа. Сая өнгөрөгч зун ЖДҮйлдвэр хөгжүүлэх нэрээр 90 гаруй тэрбум төгрөгийг маш нууц байдалаар сонгон шалгаруулж тараасан шүү дээ.