Улс төр зүүрмэглэж, уул уурхай идэвхжсэн долоо хоног
Бага балчир ахуйдаа “Есөн сарын нэгэн бол ерөөсөө бидний баяр юм” хэмээн дуулж явсан есдүгээр сарын эхний долоо хоног улирч байна. Аргын тооллоор бол намрын эхэн сарын эхний долоо хоног.
Харамсалтай нь энэ жилийн есөн сарын 1-ийг багачууд маань “Ерөөсөө бидний баяр юм” хэмээн дуулах эрхгүй өнгөрөөлөө. Багш нар ажил хаяж, сурагчдынхаа сурах эрх рүү “нулимав”. Багш нарын шаардлагыг МҮЭ хэмээх байгууллага шүүрч авч гал дээр тос нэмж, ажил хаясан багш нарын зоригийг чангалав. Баасан гарагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 59 сургууль ажил хаялтад нэгдээд байгаа юм.
Бөхийн өргөөг төрийн өмчид авах уу
Улирч буй долоо хоногт улс төр үндсэндээ нам гүм, Засгийн газар л ээлжитээр хуралдав. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар Засгийн газарт албан бичиг илгээсэн нь энэ долоо хоногийн онцлох нэгэн явдал болов. Ард түмнийхээ дунд нэр хүндээ гээж, монгол бөхийн нэр нүүрийг сэвтүүлсэн талцал бөхчүүдийн дунд одоо ч хэвээрээ байгаа. Бөхчүүдийн талцал хэрүүлийн нэг шалтгаан нь Бөхийн өргөөний эзэмшлийн асуудал. Тэгээд ч анх бөхийн өргөөг барьж байгуулахад улсын төсвөөс 800 сая гаруй төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Харин үүнийхээ хариуд тус өргөөний жилийн 1 тэрбум гаруй төгрөгийн тогтмол орлогоос улс огт ашиг хувь хүртдэггүй хэрнээ Бөхийн холбооны өмнөх тэргүүн Р.Нямдорж 10 хувийн ашиг хүртдэг гэх мэдээлэл яригдаж эхэллээ.
Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих ““Монгол экспорт” хөтөлбөр”
-Засгийн газар ээлжитээр хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргаснаас сургуулийн орчинд хүүхдийг гар утас хэрэглэхийг ирэх сарын 1-ээс эхлэн хориглохоор болсныг эцэг эхчүүд дэмжиж байгаа юм.
Мөн хуралдаанаар 22 газрыг улсын тусгай хамгаалалтай газрын жагсаалтад оруулахаар шийдвэрлээд буй. Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар “Монгол экспорт” хөтөлбөр баталсан нь үндэсний үйлдвэрлэгчдийн анхаарлын төвд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилгыг “Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүү болон татварын таатай орчныг тогтвортой болгох, нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний экспортыг дэмжих, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх явдал” гэж тодорхойлжээ.
ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд
-Энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо “ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдыг манай хөрш хоёр орны жуулчид тэргүүлдэг. Өнгөрсөн 2017 онд БНХАУ-аас Монгол Улсыг зорьсон жуулчдын тоо 2016 онтой харьцуулахад 8,9 хувиар өсч 144 мянган жуулчин ирсэн байна. Харин 2018 оны эхний 7 сарын байдлаар ирсэн БНХАУ-ын жуулчдын тоо 85 855-д хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 6 900-аар буюу 8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Мөн тус арга хэмжээний хүрээнд “Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль”-ийн үеэр өмнөд хөршийн өвөрмөц зан заншил, үзэсгэлэнт байгаль, онцгой амтат хоолны соёлыг танилцуулж байгаа бол хоёр орны сэтгүүлчийн нэгдсэн форум Өмнөговь аймагт болж байна.
“Coal Mongolia-2018” чуулга уулзалт
Энэ долоо хоногт уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудсан хоёр ч томоохон чуулган боллоо.
Мягмар гарагт буюу энэ сарын 4-нд Улаанбаатар хотноо “Coal Mongolia-2018” чуулга эхлэв. Уламжлалт найм дахь удаагийн энэ чуулга уулзалтад 15 орны 600 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд энэ үеэр нийтдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагчид 20 гаруй тэрбум төгрөгийн гэрээнд гарын зсэг зуржээ.
Энэ жилийн чуулганаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг асуудлыг хөдөж буйгаараа онцлогтой юм.
Тус форумаар зургаан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх бөгөөд гол илтгэл болох “Фэнвэй Энержи информэйшн сервисез” компанийн Дэд ерөнхийлөгч Сара Лиу “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”,Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төв болох “Вүүд Маккензи групп”-ийн ахлах шинжээч Пралаб Бхаргавагийн “Шилжилтийг чиглүүлэх нь”, “S&P Global Platts” компанийн Азийн бүс хариуцсан захирал Жьюлиэн Халлын “Хятадын коксжих нүүрсний импортын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм.
“Дисковер Монголиа-2018″
“Дисковер Монголиа-2018″ эрдэс баялгийн нэгдсэн чуулган 9 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уг чуулганд 25 орны 600 гаруй төлөөлөл оролцсон байна. Энэхүү чуулган 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ.
Дисковер Монголиа-2018 нэгдсэн чуулга уулзалт нь Монгол улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг сэдвүүдийг хэлэлцсэн юм.
Тус чуулга уулзалт дээр УУХҮ-ийн сайд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн боловсруулах салбарын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг тодотгосон юм.
Тэрбээр “Хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах талаар манай Засгийн газар тэргүүн зорилтоо болгон ажиллаж байгаа”-г хөрөнгө оруулагч нарт дуулгасан билээ.
Дашрамд дурдахад Монгол улсад өнөөдрийн байдлаар хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа ажээ.
М.Нэргүй
URL: