Донтолтоо засгаар шийдүүлэх бус ухамсраараа больчихооч

712-1536290505olloo_mn_1536126820_tsegБид цайлган цагаан сэтгэлтэй ард түмэн гээд л өөрсдийгөө магтдаг. Дээр нь маш сониуч гэж байгаа. Шинэ, содон юм гараад ирвэл бүгд хошуурна. Ухаалаг утас нэвтрэнгүүт уралдаад авцгаасан. Бүр утасныхаа том, жижиг, үнэ ханшаар өрсөлдөх болсон. Эцэст нь нөгөөхөө шагайсаар хүзүү, нурууны өвчтэй болчихсон. Үр хүүхдэдээ ч аваад өгчихсөн. Түүнийг дагаад гару тасны хулгай, дээрмийн шинэ төрлийн гэм хэрэг бий болсон.

Тоо, гаралт нь ч жилээс жилд нэмэгдсээр байгааг цагдаагийнхан мэдээлж байгаа. Манайхан фээсбүүк сүлжээнд нэгдсэн даруйдаа хэрэглэгчийнхээ тоогоор Ази тивд толгой цохиж, дэлхийд 10-т жагссан. Түүнийг дагаад цахим халдлага, гэмт хэрэг өсөв. Хэн дуртай нь цахим хаяг нээж, групп үүсгээд явчихдаг. Үл бүтэх этгээд, гэмт хэрэгтнүүд өөрийн нэр, зургийг тавилгүй сонин, содон үгээр нэрлэсэн хуудас нээчихнэ. Ийм байгаа шүү гэдгийг цагдаагийнхан болон мэргэжлийн хүмүүс хэчнээн хэлж мэдээлээд тоохгүй. Онлайнаар бараа худалдаж аваад хохирно. Миссийн тэмцээнд оролцуулна, загвар өмсөгч болгоно гэсэн зарын дагуу охид, бүсгүйчүүд нүцгэн зургаа явуулчихна. Дараа нь “Мөнгө төлөхгүй бол нүцгэн зургийг чинь олон нийтийн сүлжээнд тавина” гэсэн дарамтад орж эдийн засгаар хохирно. Цахимаар болзоод хүчингийн гэмт хэргийн золиос болсон, амиа алдсан гашуун тохиол ч өчнөөн. Хаана яваагаа, хэнтэй байгаагаа, юу хийх гэж буйгаа зураг хөрөгтэй нь цахим орчинд зарлаад байна. Цалин буусан тухайгаа, юу авахаар хаашаа явж буйгаа, эсвэл найзаасаа төдийг зээллээ гээд л мэдээлнэ. Хүүхдүүдийнхээ зургийг аваад түгээнэ. Хүүхдүүд нь ч эцэг, эхчүүдээ дууриаж тэдний хийж буй үйлдлийг цахим орчинд давтдаг. Эхлээд сонирхож орно, дараа нь байсхийгээд цахим хуудсаа шалгадаг болно, эцэст тэр нь зуршил болоод зогсохгүй донтолт болж хүндэрсэн жишээ, баримт цөөнгүй. Ямар сайндаа онигоо хүртэл гарах вэ. Онигоо ч гэж, тэр нь эзэнтэй пост гэдэг шиг, бидний ихэнхэд нь тохиолдсон явдал юм. “Тог тасраад нэг орой гэрийнхэнтэйгээ ярилцаад суусан чинь манай гэр бүлийнхэн их аятайхан санагдлаа” гэсэн утгатай пост бичсэн нь ч бий. Энэ сэдэв цааш “Утсаараа интэрнэт орохгүй ээжтэйгээ ярилцаад суусан чинь гоё байлаа”, “Утас гацаад байхаар нь ахтайгаа ярилцсан чинь манай ах тун дажгүй мэдлэгтэй хүн байна шүү” гэх мэтээр үргэлжилнэ.
Манайхны фэйсбүүк хэрэглээ гэр бүлийн үнэ цэнэ, өрх гэрийн халуун дулаан уур амьсгалд нөлөөлөх хүртэл донтуулсан нь энэ. Захын айлд ороод очиход эхнэр нь гал тогооныхоо өрөөнд, нөхөр нь зочны өрөөндөө ч юм уу, аль нэг өрөөндөө гар утсаа шагайгаад сууж байх жишээтэй. Үүнээс болж эхнэр нөхрийн харилцаа хөрч гэр бүл салсан тохиолдол ч цөөнгүй. Гар утсаараа фэйсбүүкт орж яваад осол хийсэн жолооч хүртэл бидний дунд байна гээд бод доо. Тэгэхээр фэйсбүүк хэрэглээ бидний заримыг донтуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гаж зуршил, донтолт бол аливаа хүний хувийн байдал, ухамсраас шалтгаалах зүйл. Фэйсбүүкт хэдэн цаг байх вэ, мэдээлэл хараад гарах уу, яаж хэрэглэх вэ гэдэг тухайн хүний өөрөөс л шалтгаалах зүйл. Харамсалтай нь бид өөрсдийгөө удирдаж ухамсраараа шийлдчих асуудлыг төр засгаар шийдэх хэмжээнд хүртэл донтжээ. Ямар сайндаа цагдаагийн байгууллага цахим гэмт хэргийн эсрэг “Unfriend” хөдөлгөөн  өрнүүлж. Засгийн газар ухаалаг гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж байх вэ дээ. Фэйсбүүк хэрэглээ, ухаалаг гар утас улс орны аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснээс  энэ байх. Уг нь зөв зохистой хэрэглэвэл ухаалаг утас ч, фэйсбүүк ч аливаа мэдээллийг шуурхай авах, мэдлээлэл дамжуулах, солилцох ач тустай. Утасны төлбөр, цахилгааны мөнгөө шилжүүлэх, банк оролгүйгээр мөнгө шилжүүлэх гээд олон үйлчилгээг гар утаснаасаа хийчихнэ. Гар утсаараа интернэтэд холбогдон нийгмийн сүлжээнд нэгдэж чадснаар үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага тавих, шүүмжлэл хэлэлцүүлэг өрнүүлэх, сайн үйлсийн аян зохион байгуулах зэргээр гэрэл гэгээтэй сайн жишиг ч байна. Гэтэл бид яагаад заавал хөгжлийг сайныг нь биш саарыг нь барьж авдаг юм бэ. Хэн нэгэн гэртээ хогоо цэвэрлэхгүй суугаад байвал Засгийн газар ирээд цэвэрлэж өгөхгүйтэй адил ухамсраараа л шийдчих зүйлүүдийг төрд даатгаж болно гэж үү?
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих