Ховд гол дээр усан цахилгаан станц барихдаа өмнөх алдааг бүү давтаасай
Монгол орны баруун хэсэг өвс ургамал тарчиг ургадаг, гол ус цөөтэй, эмзэг экосистемтэй нутаг. Хэдий Сэлэнгэ мөрөн шиг цэлэлзсэн их усгүй ч цөөн хэдэн гол нь амьтан ургамал, хүн, малдаа хүрэлцээд л ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, тэнд илүүчлэх ус байхгүй. Үүний нэг бол Ховд гол. Баян-Өлгий, Ховд аймгийн 20 гаруй сумын 80 гаруй мянган хүн, хоёр сая гаруй мал сүрэг Ховд голоос ундаалдаг. Ховд гол нь Төв Азийн гадагш урсгацгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох Монгол дахь гол.
Экологийн ач холбогдлын хувьд нэлээд жин дарна. Ховд гол усны шувуудын диваажин гэгддэг цэнгэг устай Хар-Ус нуурт цутгаж гол тэжээл нь болдог. Усны олон зүйлийн шувуу цуглардаг, экологийн хувьд үнэлж баршгүй ач холбогдолтой, гайхаж биширмээр үзэсгэлэнтэй сайхан нуур. Тиймдээ ч төв Азийн ус намгархаг газрын гол төлөөлөл болдог энэ нуурыг Рамсарын конвенцид бүртгэж олон улсын хамгаалалтад авсан билээ.
Хар-Ус бол Монголын дөрвөн том нуурын нэг мөртлөө их гүехэн. Хөвсгөл 234 метр, Хяргас нуур 80 метр гүн. Тэр хэрээр усны нөөц ихтэй. Харин Хар-Ус нуур тийм биш. Хамгийн гүн хэсэгтээ л 3-4 метр хүрнэ. Гол тэжээл нь болсон Ховд голын ус татарч цутгахаа больвол нуур ширгэх аюулд орно. Харамсалтай нь, энэ аюул хаалга тогшоод эхэллээ. Учир юу гэвэл, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Сэжигтийн хавцалд усан цахилгаан станц барихаар Засгийн газар төлөвлөөд байгаа юм. Тэртэй тэргүй нуурын усны тэнцвэрийн төвшин жилд есөн см-ээр доошилж байгаа энэ үед Сэжигтийн хавцалд усан цахилгаан станц барьвал говь хээрийн бүсэд орших Хар-Ус нуурт аюул гарцаагүй нүүрлэнэ гэж усны мэргэжилтнүүд анхааруулж байна.
Усан цахилгаан станц нүүрсээр ажилладаггүй, тухайн голыг далангаар хааж томоохон усан сан үүсгэж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг өвөрмөц обьект. Нүүрсний цахилгаан станц шиг утаа гаргаж байгаль бохирдуулдаггүй ч голын усыг хаадаг учраас тухайн сав газарт сөргөөр нөлөөлдөг талтай. Үүний тод жишээ бол Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд. Баригдсан даруйдаа байгаль, экологид хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн нь Тайширын усан цахилгаан станц. Дуунд мөнхөрсөн Завхан голын усыг боосноос энэ гол тасарч Увс аймгийн Завхан сумын малчид уух ус, малаа тэжээх бэлчээргүй болж олон зуугаараа нутгаа орхин нүүж байсан цаг саяхан. Шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр усан цахилгаан станц барьсны гор одоо ч арилаагүй хэвээр. Завхан голын ус татарснаас болж үзэсгэлэнт Хяргас нуурын усны төвшин жил ирэх тусам буурч эргийн бүс дотогшилсоор. Гэтэл Завханголын усыг боож “Гэгээн” нэртэй нуур үүсгээд ч Тайширын усан цахилгаан станц өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй л байна.
Дөргөний усан цахилгаан станц байна. Загас дамжин өнгөрүүлэх байгууламж нэртэй төөрдөг байшин байгуулснаас болж монгол хадран загасны үржлийн нүүдлийг тасалчихаад цөөнгүй хэдэн жил өнгөрөв. Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь маргахын аргагүй үнэн. Тэглээ гээд байгалиа золионд гаргаж болохгүй нь бас үнэн юм.
Яг үнэндээ Дөргөн, Тайширын хувьд бид ус багатай нутагт усан цахилгаан станц барьж олон хүний чихийг дэлдийлгэсэн гашуун, сургамжтай түүх бичсэн билээ “Ус” үндэсний хөтөлбөрт “Монгол орны гол, мөрний эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөвлөлтийг Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын сургамж, ашиглалтын үеийн хүндрэлүүдтэй уялдуулан дахин сайжруулах арга хэмжээг авах” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр станцын алдаа, оноонд тулгуурлаж шинээр усан цахилгаан барих эсэхийг шийдэх ёстой гэсэн үг. Даанч үүнийг мөрдөхгүй байна.
Нөгөө талаар Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж байгаль, экологид хэр хэмжээний хохирол учирсныг тодорхойлсон судалгаа өдийг хүртэл алга. Хяргас нуурын усны төвшин үнэхээр буурсан уу, Завхан голын урсац станц барихаас өмнөхтэй адил хэмжээтэй байж чадаж байна уу, хадран загасны тоо буурсан уу гэдгийг судалж тогтоосноор маргаантай олон асуултад хариулт өгөх учиртай. Хуульд зааснаар ийм судалгааг мэргэжилтнүүдээс бүрдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний комисс хийх ёстой бөгөөд БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулдаг ажээ. Харамсалтай нь, ийм комисс байгуулж ажиллуулсан тохиолдол өдийг хүртэл алга. Тэгэхээр Ховд гол дээр усан цахилгаан станц барих шийдвэрийг өнөөдөр хууль эрх зүйн хүрээнд гаргах боломжгүй, хаалттай байгаа гэж тодорхойлж болно.
Ховд гол дээр усан цахилгаан станц барих эсэхийг бодитой тооцоо судалгаа, мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм. Ер нь усны нөөц багатай баруун аймгуудад цаашид усан цахилгаан станц нэмж барих нь зөв үү гэдэг дээр сайн ярилцаж оновчтой шийдэлд хүрэх хэрэгтэй болжээ. Өмнөх алдаа одоо ч нүдэн дээр ил хэвээр байна.Усан цахилгаан станц бариад ашиг олсон, үр ашиг нь гарсан тохиолдол Монголд бараг байхгүй. Орхоны станцыг 1950-иад оны үед барьсан ч одоо ашигладаггүй. Ховдын Манханых ажилладаггүй. Яагаад гэвэл, голын урсац нь буурсан, төвийн эрчим хүчинд холбогдчихсон учраас ашиглах шаардлагагүй болчихсон. Увсын Өндөрхангайн станц эрчим хүч огт гаргадаггүй, барилга нь хаягдчихсан. Хөвсгөлийн Эрдэнэбулганых байна. Бас л төвийн эрчим хүчинд холбогдчихсон. Эдгээр станцыг барих гэж тухайн үедээ улсаас багагүй хөрөнгө зарцуулсан байдаг. Гэтэл одоо хог болоод хэвтэж байна.
Хэдхэн жилийн өмнө барьсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станц ажиллаж байгаа ч маш их маргаан, хэл ам дагуулсаар. Эдгээр станцын хам нөлөө Хяргас, Дөргөн нууранд тусдаг. Тодорхой хэлбэл, Алтайгаас ирж байгаа ус Ховд, Буянт голоор, Хангайгаас ирж байгаа ус Хүнгүй, Завхан голоор дамжин Хяргас, Дөргөн нуурт цутгадаг. Гэтэл Хангайгаас ирж байгаа Завхан голын усыг Тайширт, Алтайгаас ирж байгаа Ховд, Буянт голын усыг Дөргөний станцын далангаар хаачихсан юм. Их нууруудын нэг хэсэг болох Хяргас нуурын хотгор нь хуурайшилт ихтэй, гадагш урсгалгүй бүс нутаг. Ийм эмзэг нутгийг тэтгэгч хоёр том голыг хааж станц барьсан нь хэдхэн жилийн дараа харамсаад ч баршгүй байдалд хүргэж болзошгүй гэж эрдэмтэд ярьж байгааг бодох л хэрэгтэй.
Иймд одоо Монголд ямар ч усан цахилгаан станцыг барихын өмнө эхлээд Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж тухайн эко бүс нутагт ямар өөрчлөлт гарсныг тогтоох шаардлагатай юм. Үүнээс гадна станц барихаар төлөвлөсөн томоохон голуудад байгаль орчны стратегийн үнэлгээ зайлшгүй хийх ёстойг судлаачид хэлж байна. Тэгсний дараа судалгааны бүх үр дүнгээ нэгтгээд тодорхой дүр зураг гарна. Үүнд тулгуурлаж байж л хаана усан цахилгаан станц барихаа шийдэх нь шинжлэх ухааны үүднээсээ ч, байгаль экологи талаасаа ч оновчтой шийдэл болох юм.
Э.Хүрэл
URL: