Айлын “аавууд” гоё юм аа

Намайг багад манай байранд архи ууж, агсам тавьдаг хэцүүхэн аавтай айл байдаг байж билээ. Байсхийгээд л эхнэр хүүхдээ уйлуулан орцонд хонуулах дөхдөг түүнийг бид архичин гэж тодорхойлдог. Бид ч юу байхав, томчууд л тэгж хэлдэг байсан хэрэг. Тэднийх миний үеийн охинтой. Үе тэнгийн хүүхдүүд болохоор хэрэндээ л найзархаж тоглоно. Аав агсам тавихаар манайд орж ирээд унтчихдагсан. Тэр найз маань нэг удаа айлын аавууд гоё юм аа хэмээн санааширангуй өгүүлсэн нь санаанаас гардаггүй юм. Хэрвээ улстөрч, төрийн эрх баригчдыг айл гэрийн эзэн, эгэл ардыг нь үр хүүхэд нь гэж зүйрлэвэл бидний монголчууд тун ч базахгүй “аав”-тай байж таарах гээд байгаа юм. Хамгийн ойрын жишээ татахад Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан. Тэрбээр өөрийн суудлаа Ардчилсан намын Ёшихито Нодад өгсөн.

Албан тушаалаа Ёшихито Нодад өгөх болсон гол шалтгаан нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Японд хүчтэй газар хөдлөлт болж атомын цахилгаан станцид асуудал үүсч, реакторууд доторхи хортой бодис гадагшилсан явдал. Наото Кан өөрийн саналаар огцорч, олон нийтэд хандан “Ард түмний өмнө би түмэн буруутай. Хорт бодисын хэмжээг багасгаж чадалгүй өдий хүрсэн нь миний буруу.” гэсэн. Японы ард түмний өмнө үүрэг хүлээсэн аав гэж бодвол мөн ч лут сэтгэл байгаа биз. Аргагүй л айл гэрийн тэргүүн ачлалт, ухаалаг аавын гаргах уужим санаа.

Харин манай аавууд энэ тал дээр таг. Асуудал босч ирэхэд буруугаа хүлээх нь бүү хэл булзаж бухан гүрийсээр ослын байдалд хүргэхээ ч ядахгүй. Саяхан нэг статистик олж үзлээ. Тэнд, Эрүүл мэндийн яаманд 2011 оны зургадугаар сарын 27-ны байдлаар иргэд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурал, Засгийн газраас бичгээр 569 (89,8 хувь), амаар 64 (10,1 хувь), нийт 633 (100 хувь) өргөдөл, гомдол, санал иржээ. Ирсэн өргөдөл, гомдлын буюу 486 (85,4 хувь)-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 60 (10,5 хувь)-ийн шийдвэрлэх хугацаа болоогүй, хугацаа хоцорсон 23 (4 хувь) байна. Ер нь бол иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 414 (72,7 хувь)нь өргөдөл, 61 (10,7 хувь) нь гомдол, 94(16.5 хувь) нь санал, мэдээлэл байдаг аж. Гэхдээ албаны хүн ний нуугүй хэлэхэд энэ бол худлаа тоо.

Ирсэн санал, гомдол, өргөдлийн 50 хувийг л ямар нэг байдлаар шийдвэрлэж, хариу өгдөг. Олонх нь туслах, энэ тэрийнх нь ширээн тоосонд дарагдан үлддэг хэмээн хэлсэн. Тэр олны дотор амин чухал асуудал байж л таараа. Ингээд бодохоор манай “аав”-ууд муу байгаа биз. Архичн аавдаа гоморхоод айлын аавууд гоё юм аа хэмээн санааширсан багын минь найз шиг гоморхол ард түмний сэтгэлд бугшсаар байгааг анзаардагүй, гомдмоор биш гэж үү… Бодит байдал дээр ард түмний аав болох албан тушаалтнууд “хүүхэд”-ээ дандаа үл ойшоодог. Хар амиа бодохоос биш, эгэл түмнээ хайрладаггүй. Хайрлаж байгаа юм шиг дүр эсгэдэг ч чин сэтгэл үнэртдэггүй, тэдний аяглалаас… Ингээд бодохоор өнөөгийн монголчууд айлын дагавар хүүхэд шиг аавдаа гологдсон юм шиг л амьдраад байгаа юм даа…”Аав”-ууд минь, алаг үрээ гомдоохгүй, архи уухгүй, анхаарал халамжтай сайн эр шиг байгаач дээ.


URL:

Сэтгэгдэл бичих