ОХУ анхааруулгыг үл тоон Сирид цохилт өглөө
Оросын армийнхан бие даан Сирийн баруун хэсэгт цэргийн ажиллагаа явуулж эхэллээ. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг, “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.
ОХУ-ын сөнөөгч онгоцууд босогчдын хяналтад байгаа Сирийн Идлиб мужид агаараас цохилт өглөө. Уг цэргийн ажиллагаа гурван долоо хоног үргэлжилнэ гэж Москва уламжлав.
Оросууд Сирийн Ардыг чөлөөлөх армийнхантай хамтран дээрх цэргийн ажиллагааг зохион байгуулжээ. Мөн удахгүй тус ажиллагаанд Иран нэгдэж, Сирийг хүчирхийлж буй террористууд болон Засгийн газраа түлхээн унагаахаар тэмцэж байгаа босогчдыг устгах ажиллагаанд нэгдэхээр болсон гэнэ.
Дээрх цэргийн ажиллагааны үеэр сөнөөгч онгоцууд террористуудын хяналтад байх 16 байршилд 30 гаруй удаа агаараас цохилт өгчээ. Энэ талаар Их Британи дахь Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээлэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Сирийн армийн дайчидтай хамтран террористуудын өлгий нутаг болсон бүсийг устгаж, аюулгүй болгохоор зорьж байна. Сирийн баруун хэсэгт хүчээ зузаатгаж буй алан хядах “Аль Кайди” бүлэглэлийн холбоотнуудыг устгах үйл ажиллагаа эрчимжиж байна. Террористуудыг хүчээ авахаас урьтаж, устгахаар ажиллаж буй” хэмээн мэдэгдлээ.
ОХУ, Иран хамтран Сирийн баруун хэсэгт цэргийн ажиллагаа явуулахаар болсон гэх мэдээллийн дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан, Москва болон Тегераны эрх баригчдад анхааруулга хүргүүлэв.
Тэрбээр “Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Идлиб мужийг түрэмгийлэн, цэргийн ажиллагаа явуулах учиргүй. Уг эмгэнэлт үйл явдалд оролцвол ОХУ, Ираны тал хүмүүнлэг ёсыг умартаж, ноцтой алдаа гаргаж болзошгүй. Улмаар олон хүний амь эрсдэх болно” гэж жиргэжээ.
АНУ-ын Төрийн департмент “Сирийн Засгийн газар болон холбоотнууд энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглах хууль бус үйлдэл гаргавал нэн даруй хатуугаар хариуг нь барих болно” хэмээн сануулаад буй.
Идлиб мужид цэргийн ажиллагаа явуулсан гэх Москвагийн мэдэгдлийн дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стаффен де Мистура “Сирид хүмүүнлэгийн хямрал боллоо” хэмээн анхааруулжээ. Тэрбээр “Сирийн холбоотнууд цэргийн ажиллагаа явуулах нь олон улсын гэрээг зөрчсөн явдал. Олон улсын анхааруулгыг үл тоон цэргийн ажиллагаа явуулах нь хууль бус. Шийдвэрээ эргэн харж, НҮБ-тай хамтран ажиллах нь зүйтэй” гэв. Стаффен де Мистура Турк болон ОХУ-ын эрх баригчдыг Идлиб мужид ЦУС УРСГАХ үйл явцыг таслан зогсоох учиртай. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулга цаг үеэ мэдэрсэн зөв сануулга” гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярих үеэрээ “Сирийн Идлиб мужид явуулж буй цэргийн ажиллагаа ихээхэн өөрчлөлт авчрах болно” гэж мэдэгджээ. Сирийн иргэний хамгааллын байгууллагууд өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр “Гурван иргэн амиа алдсан” гэж уламжлав.
Идлиб мужид явуулах ОХУ-ын цэргийн ажиллагаа 22 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдрийн цэргийн ажиллагааны үр дүн САЙН гэж гэдгийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас онцолжээ.
НҮБ-аас террорист бүлэглэл хэмээн нэрлэсэн “Аль Кайди” бүлэглэлийн Сири дэх гол холбоотон “Хаяат Тахрир аль Шам” бүлэглэл ойролцоогоор 10 000 гаруй дайчинтай гэнэ.
Идлиб мужийн ирээдүй ХАРАНХУЙ хэмээн НҮБ-аас мэдээлж “Тус мужтай залгаа хот, суурингаас 800 000 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн” гэв.
Сирийн газар нутагт эрхээ тогтоож, “Халифатын вант улс”-ыг байгуулахаар зорьж байсан “Исламын улс” бүлэглэлийг энэ оны дундуур Сирийн армийнхан АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн тусламжтай эх нутгаасаа хөөн гаргасан түүхтэй. “Исламын улс” бүлэглэл анх байгууллагдахдаа 20 000-100 000 дайчинтай хэмээн Пентагон мэдээлж байв. Гэхдээ тус бүлэглэлийн дайчдын тоо 2018 оны тавдугаар сарын байдлаар 1 000-3 000 болж, дайчдынхаа 90 хувийг алдсан гэдгийг АНУ мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
URL: