Хил, хэл ,мал гуравтайгаан байхад хэн баян монгол баян гэдэг шиг манайхан хаа сайгүй нэг л баян оргисон, эсвэл тун удахгүй баяжих гээд байгаа нөхдүүд л харагдах юм. Нэг нам нь л гэхэд төрийн албанаасаа 60 тэрбумыг босгочихноо гээд цээжний хонжоо хийгээд сууж байсныг бодохоор шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг л төр засаг байдаг бололтой.
Уул нь өрөө дарж эхэлж байгаа өөдрөг мэдээ дуулдаж эхэлсэн ч газрын доорх баялгаа хэдэн зуун мянган тонноор нь хулгайлж гаргачихаад байхаар яаж ч өөдлөх вэ дээ. 25 сая доллар буюу монгол мөнгөөр 60 тэрбумын нүүрс хулгайд алдчихаад ,эсвэл хулгайлж гаргачихаад байгааг нь дуулгаад мэдүүлээд байгаа УИХ-ын эрхэм гишүүн Л.Энхболдыг зөвхөн үүнийх нь төлөө дараагийн сонгуульд дэмжиж гаргах хүмүүсийн дарааллын эхэнд оруулмаар. Харин 60 тэрбумын нүүрсийг хулгайлсан, хил давуулсан, хамгайлж хаацайлсан нөхдийг хайж эрж олоод улс эх оронд учруулсан хохирлыг нь төлүүлэх итгэл үнэмшил хууль хяналтынханд маань байна уу?
Төмөр замд вагоноос хоногийн түлээгээ уутлаад авч байгаа жирийн иргэнийг ууцан дундуур нь тас бороохойдоод зогсоодог Монгол төрийн төмөр ташуур 60 тэрбумын нүүрсний хэргийн өмнө хугарч нугарчихгүй л байгаасай.
Ийнхүү 60 тэрбумын нүүрсээ хулгайд алдчихаад байгаа жаргалтайн дэлгэр Монголчууддаа УИХ-ын гишүүн Л.Энхболдын яриаг эргэн нэг сануулчихья.
“Таван сарын өмнө миний бие энэ асуудлыг олон түмэнд хүргэж байсан. 268.3 мянган тонн нүүрс Монголын ард түмний өмчөөс алга болжээ гэдэг нь өнөөдөр нотлогдож байна. Харин үүнийг хэн гэгч этгээд төлөх ёстой вэ, буруутай эзэн нь хэн бэ гэдгийг Хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой. Хэргийг эцэслэн тогтоолгохын тулд Засгийн газраас холбогдох яамд буюу хууль хяналтын байгууллагад шийдвэрлэхийг үүрэг болгосон.
Нүүрс алдагдсан асуудлаар Ерөнхий сайд Засгийн газарт чиглэл өгч Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан. МХЕГ, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагууд хамтарч ажилласан. Харин өнөөдрийг хүртэл Авлигатай тэмцэх газар ахицтай зүйл хийсэнгүй. Тиймээс АТГ-т ажлаа сайн хийгээчээ гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлмээр байна.
Юуны өмнө нүүрс тээвэрлэлтийн автомашин 446 удаа хил рүү хоосон гарсан гэх мэдээллийг Хууль, хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. 35 мянган машин хилээр гарсан бол 3 сая тонн нүүрсний асуудал яригдахаар байна. Тээвэрлэгч машинууд 80-125 мянган тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай гэдэг. Магадгүй хилээр 35 мянган удаа гарсан автомашин нүүрстэй байсан бол нэг машин дунджаар 90 мянган тонн гэж тооцвол нийтдээ 3 сая гаруй тонн нүүрсний асуудал хөндөгдөхөөр байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгасан дүгнэлтээс харахад “Эрдэнэс тавантолгой”-н тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш 340 мянган тонн нүүрс алдагджээ. 340 мянган тонн нүүрсний ангилал алга. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 25 сая ам. доллар буюу 60 тэрбум төгрөг монголын ард түмний халааснаас алга болсон гэсэн үг.
Харин Гаалийн ерөнхий газрын шалгалтын дүнд эх үүсвэргүйгээр гарсан 390 мянган тонн нүүрс ямар компаниар дамжив гэдгийг онцолжээ. Үүнд дурдсанаар орон нутгийн “Тавантолгой” компаниас 206 компани гэрээлэн нүүрс дамжуулан борлуулдаг. Дээрх компаниудын нэг “Тавантолгой транс” компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хилээр нэвтрүүлсэн. Энэ нь аль нэг аж ахуйн нэгжээс нүүрс худалдаж авсан гэх санхүүгийн баримтгүй байжээ. Гэтэл “Тавантолгой транс” компанийн санхүүгийн тайланг шалгах гэхээр үерт автсан гэх мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр нэг аж ахуйн нэгж бүхэл бүтэн ард түмнээр тоглож, доромжилж болохгүй ээ. Тиймээс хууль хяналтын байгууллагууд хуулиа сахиулж ажиллах ёстой”
Г. Хулан
Bataar.mn
URL: