Нийтийн тээврийнхээн 959 автобус чинь хаана явна аа?

40650922_851674588375044_7224835101606019072_nЗуны гурван сар эл хуль, нам гүмхэн байсан их хотын ажин түжин байдал үгүй болж, гудамж талбай, зам, барилга бүхэлдээ олны хөлд дарагджээ. Автобусны суудалд тухалж, цонхоор харцаа тэнүүлж элдвийг бодож явсан “гэгээн” өдөр хоногууд ард хоцорч, автобусанд хөл гишгэх ч зайгүй, өнөөх бодлоо тэнүүлж явсан цонхондоо хацраа наан барин ажилдаа, гэртээ хүрч байна.

Автобусны хаалгаар шахцалдан, дайралдсан олны дунд нэгэн өндөр настны амьсгал боогдож, амь насаа алдсан тухай саяхан олж уншсан минь үргэлж бодогдож, “амьд л харихсан” гэх адгуу бодол хүртэл зурвасхан толгойд буух нь ажил, хичээл тарах “оргил” цагаар автобусаар зорчих нь үнэндээ л “амь өрссөн” үйлдэл болохыг мэдрүүлнэ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зорчигчдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас наймдугаар сарын 25-наас нийтийн тээврийн тоог 10 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр ажлын өдрөөр 959 автобус, троллейбус иргэдэд үйлчлэх бөгөөд 7-8 минутын хүлээлтийн зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг мэдээлсэн. 959 автобус нь хаана явна аа? Ард түмэн автобусанд үнэндээ л багталцахгүй байна.

Автобусанд зөвхөн картаар зорчино. Картаа ингэж цэнэглүүлнэ, цэнэглэх цэгүүд нь тэнд бий, картгүй бол хөөж буулгана хэмээдэг хэр нь автобусны хүрэлцээ, багтаамжийн асуудалд хэзээний анхаарал хандуулахгүй, ард иргэд аль болохоороо багталцсаар ирсэн. Одоо ажил хичээл тарах цагаар автобусаар зорчиход улам л хүнд нөхцөл байдал тулгараад байна.

Нийтийн тээврийн газраас “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах жил” хэмээн сүржин уриа гаргасан байна. Тээвэрлэлтийн нөхцөл сайжрах нь бүү хэл улам дордож байгааг аль ч автобусны хаалгыг онгойлгоод ороод харахад бэлхнээ илхэн байгаа. Өөдөөс нь бүлт үсрээд хэн нэгэн нь унах вий….

Энэ сүржин уриа үгнийхээ оронд  хүрэлцээтэй, багтаамжтай хэдэн автобус нэмээд, ард иргэдээ бухимдалгүй зорчуулахад л тэр яриад байгаа  тээвэрлэлтийн нөхцөл байдал чинь аяндаа сайжирчихна. Ярьж суухын оронд хийж хэрэгжүүл нийтийн тээврийнхээн?!

Г.Сүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих