Манайхны “мартсан” өвөл айсуй

Л.Аргамжин

“Цасан цагаан өвөл айсуй” гэдэг үг нийслэлчүүдийн хувьд “Хөө тортогтой улирал, хоолой хорсгосон гашуун утаа айсуй” хэмээн өөр нэгэн “авторын” хөрвүүлгээр ойлгогддог болсон. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийн тухай ярихад хамгийн түрүүнд утаатай яаж тэмцэх вэ гэдэг асуулт гардаг. Энэ жил бороо хур гойд элбэг байгаагаас өвөл нь урьд урьдынхаас илүү хүйтэн байх магадтайг хашир хүмүүс сануулж буй.

Юу юугүй есдүгээр сарын дунд үе хаяанд ирчихээд байгаа энэ үед нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ямархуу байгааг “Өнөөдөр” сонин энэ дугаартаа онцлон хүргэж байна. Улаанбаатарын утааг бууруулахад зориулж энэ жил нийслэлийн төсөвт 1.3 тэрбум төгрөг суулгажээ. Үе үеийн хотын дарга нар жилийн жилд л утаатай хэрхэн тэмцэх вэ гэдэг “байлдааны тактик” боловсруулдаг.

Энэ жил нийслэлийн Засаг дарга С.Батболд олон юм руу үсчихгүй, агаарын бохирдлыг бууруулах хоёр гол тактик баримтлаад өвөлтэй золгох нь. А төлөвлөгөө нь гэр хорооллын айл өрхүүдийг түүхий нүүрс түлүүлэхгүйн тулд тэр хэмжээний шахмал түлшээр хангах явдал гэнэ. Улаанбаатарчуудын хэрэгцээнд 600-800 мянган тонн шахмал түлш шаардлагатай бөгөөд энэ лут ажлыг нийслэл дангаараа гүйцэтгэх хүчин мөхөс тул Засгийн газартай хамтран эхний ээлжинд 200 мянган тонныг нь дотооддоо үйлдвэрлэж байгаа аж.

Шахмал түлшний түүх ярихаар та бүхэн “Өндөр үнэтэй юм чинь яаж жирийн иргэд худалдаж авах вэ. Тэрний оронд түүхий нүүрсээ түлсэн нь дээр” гэдэг хариулт өөдөөс тавих гэж байна уу. Тэгвэл ирэх өвөл Улаанбаатарын гэр хорооллынхонд түүхий нүүрстэй адил үнэтэй хэрнээ утаагүй шахмал түлш хэрэглүүлэх боломж бүрдүүлж буйгаа хотын дарга өчигдөр хэвлэлийнхэнд дуулгасан. Тодруулбал, шахмал түлш үйлдвэрлэж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдэд нийслэл болоод Засгийн газраас “Нүүрстэй адил хямд өртөгтэй байх ёстой шүү” гэдэг гол шаардлага тавьж байгаа гэнэ.

Эхний ээлжийн шахмал түлшийг үйлдвэрлэж дуусахаар дараагийн 200 мянган тонныг хийж эхлэх юм байна. “Ямартай ч эхлээд 400 мянган тонн шахмал түлш үйлдвэрлээд гэр хорооллынхонд хэрэглүүлье. Үлдсэнийг нь тухайн үед нь зохицуулаад явна. Шахмал түлш борлуулах асуудлыг нийслэл хариуцаж байгаа” хэмээн С.Батболд дарга ярина билээ. Гэхдээ дээрх 400 мянган тонн шахмал түлш яг хэзээ үйлдвэрээс гарч, өвлийн бэлтгэл хангахыг одоохондоо тодорхой хэлэх боломжгүй гэв.

Хотын утааг бууруулах Б төлөвлөгөө нь аравдугаар сарын 1 гэхэд 100 кВт-аас дээш хүчин чадалтай 500 уурын зууханд шүүлтүүр тавих гэнэ. Нийтийн тээврийн хэрэгсэлд болон сургууль, цэцэрлэгийн уурын зууханд шүүлтүүр байрлуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг хотын захиргааныхан хэлсэн. Мөн 40 орчим мянган өрхийг цахилгаан халаагууртай болгохоор тусгасан нь утаатай тэмцэх бас нэг туслах төлөвлөгөө юм. Ерөнхийдөө утааны эсрэг тэмцэх бэлтгэл ажил “Тэгнэ, ингэнэ” гэдэг ирээдүй цаг дээр голдуу яригдаж буйг анзаарав уу.

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийтдээ 1100 гаруй арга хэмжээ төлөвлөсөн нь одоогоор 70.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тухайлбал, Улаанбаатар хотын инженерийн хангамжийн байгууллагуудын өнөө жил засаж сайжруулахаар төлөвлөсөн нийт ажлын гүйцэтгэл 76 хувьтай яваа гэдэг мэдээ байна.

Дээр хэлсэнчлэн хур ихтэй жил газрын хөрс илүүтэй чийглэг, зөөлөн байдаг учраас өвөл хөрсөн дээр маш их хүйтэрдэг гэнэ. Тиймээс инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээгээ хүйтнээс урьтаж бүрэн хийхгүй бол өвөл зад хөлдөж, олон түмнийг хөлдөө чирэх вий. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хувьд 2018-2019 оны өвлийн ачааллыг давах ажлын бэлтгэл, их засвар нь 64 хувьтай яваа гэхээр ирэх өвөл нийслэлчүүд гэрэл цахилгаанаар гачигдаж мэдэхээр л байх шиг.

Уучлаарай, энд бас нэг таагүй мэдээ байна. Наранд нь өнжиж саранд нь гэгчээр зунжин амарчихаад хичээл эхлэхтэй зэрэгцээд буюу наймдугаар сарын 24-нөөс засаж эхэлсэн сургууль, цэцэрлэгийн 13 барилга байна, цаана чинь. Дээврийн засварыг ч яах вэ, борооны сиймхийгээр хийчихнэ гэхэд гадна дулааны болон бохирын шугам,халаалтын зуухаа хэдийд нь шинэчилж, сайжруулах юм бол. Сургалтын байгууллагууд хүртэл ийм алгуур назгай байхаар монголчууд зун амрахаараа өвлийг мартчихдаг гэлтэй.


Г.Цэцэг

“Тендер, төсөв хөрөнгөөс болж ажил хойшилж байгаа ч өвлийг өнтэй давна”

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнтэй ярилцлаа.

-Уулархаг нутгаар цас орж эхэллээ. Цаг уур, орчны шилжилгээний газрын мэдээллээс үзвэл өвөл хаяанд иржээ. Гэтэл сургууль, цэцэрлэгийнхээс эхлээд инженерийн зарим засвар дуусаагүй байх юм?

-Нийслэлийн Засаг дарга зургадугаар сард хотын харьяа болон төрийн өмчит 12 байгууллага, аж ахуйн нэгжид өвөлжилтийн бэлтгэлээ эрт базаах даалгавар өгсөн. Үүний дагуу хотын ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг сургууль, цэцэрлэг, хорооны барилга болон хүндрэл үүсгэж болзошгүй халаалтын зуухнуудыг шалгалаа. Нийтдээ 18 сургууль, 16 цэцэрлэг, хоёр яслид очиж, хамгийн эхэнд алийг нь засах шаардлагатайг эрэмбэллээ. Засаг дарга зөвлөлийн хурлаараа хэлэлцээд засварт шаардлагатай 409.4 сая төгрөг олгосон. Сургууль, цэцэрлэг, хорооны 15, үйлчилгээний нэг барилгын засвар эхэлсэн. Мөн нөөц хөрөнгөсөө 214 сая төгрөг гаргаж, ашиглаагүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийсэн халаалтын зуухнуудыг Багахангай, Налайх дүүрэгт суурилуулж байна.

-Хамгийн гол нь эдгээр ажлыг энэ сарын 15-наас урьтаж хийх ёстой, амжих уу?

-Ямар ч байсан дээврээс нь дусаал гоожихгүй байх арга хэмжээг энэ сарын 15-наас өмнө авна. Ирэх сарын 1 гэхэд бүх засварыг дуусгах төлөвлөгөөтэй.

-Өнгөрсөн онд 2-3 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийсэн санагдана.

-Тийм ээ. Ихэнх сургууль, цэцэрлэгийн барилга хуучраад дээврээс нь ус гоожиж байна. Энэ зун хур их орж, барилга нь муудсаныг баталчихлаа. Ер нь сургууль, цэцэрлэгийн барилгын агааржуулалт болон борооны ус зайлуулах системийг буруу угсардаг юм байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй дээврийн засварын ажилд хяналт тавьдаг хүн бараг алга. Тэгэхээр гүйцэтгэгч нар чанаргүй ажил хийх юм. Энэ мэтээс болоод урсгал засвар хийх барилгын тоо олширлоо.

-Дулаан, цахилгааны шугам сүлжээ асуудалгүй юу?

-Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, түүний харьяа газар, дүүргүүд 1104 ажил хийхээр төлөвлөсөн. Наймдугаар сарын 31-ний байдлаар 70 хувьтай байна. Дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл 75, хангамжийн байгууллага буюу орон сууц, ус суваг, цахилгааны байгууллагуудынх 76 хувьтай явна.

-ЭХЯ, Эрчим хүчний хөгжлийн төв, хотын захиргаа хамтраад халаалтын 68 зуухыг төвлөрсөн дулаанд холбох болсон. Ажил нь дууссан уу?

-Уг ажлыг есөн багц тендер болгож зарласан. Ажлын явц 85-90 хувьтай байна. Хоёрынх нь ажил дууссан, харин нэгийнх нь эхлээгүй. Хан-Уул дүүргийн 118 болон 60 дугаар сургууль орчимд татах дулааны сүлжээний холболтын цэгийг өөрчлөх ажил сонгон шалгаруулалтаас болоод хойшиллоо. “Улаанбаатар дулааны сүлжээ” компани 12 нягтын шахалтаа бүгдийг нь дуусгасан. БХЯ-ны салаа л залгагдаагүй. Ерөнхийдөө айл өрх, албан байгууллагуудад дулаан өгөхөд бэлэн.

-Албаны мэдээ бүх ажлыг гүйцэтгэсэн мэт гардаг ч зарим хэсгийн айлууд суугчид дүн өвлөөр ч дулаангүй байдаг. Өнөө жил тийм асуудал гарахгүй гэх баталгаа бий юү. Шинээр ашиглалтад оруулсан орон сууцны оршин суугчид халаалтаа авах уу?

-Манай албанд тусгай зөвшөөрлөө аваагүй орон сууцны 30 барилгаас хүсэлт ирсэн. Хотын ерөнхий менежер холбогдох албаныхныг байлцуулан барилгын эзэдтэй уулзсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос 10 ккал хангасан бол тусгай зөвшөөрөл олгодог. Гэтэл дээрх барилгуудынх хүрэхгүй байгаа. Үүнийг шийднэ.

-Цахилгаан хангамж, аюулгүй ажиллагааг нь сайжруулан, хамгаалалтын зурвасыг чөлөөлөх ажил ямар шатандаа явна вэ?

-Нэг өрхийг дөрвөн кВт/ц цахилгаанаар хангах зорилт тавьсан. Ажлын явц 80 хувьтай байна. Засаг даргын захирамжаар гаргасан ажлын хэсэг шалгалтаа хийж байгаа. Тайлангаа удахгүй тавина. Хамгаалалтын зурвас зөрчсөн 4343 хэрэглэгч байгааг тогтоосон. Ингээд 4100-д нь нүү гэсэн албан шаардлага өглөө. Гэтэл тэдний 760 гаруй нь газрын зөвшөөрөлтэй юм билээ. Тэгэхээр нүүхгүй, хүндрэл учруулж мэдэхээр байгаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд хайнга загнаж, засвар хийдэггүй нь шалгалтын явцад ажиглагдлаа. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн шугам сүлжээний өмчлөгч тодорхойгүйгээс осол гарах магадлал өндөр байна. Тэгэхээр нэг удаагийн шалгалтаар асуудлыг шийдэх боломжгүй, цаашид шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай.

-Хувийн орон сууцны конторуудыг нэгдсэн системд холбоно гэдэг үнэн үү?

-Тийм ээ, ажил нь бараг дууссан. Энэ сарын 20-доор нээнэ. Хувийн орон сууцны конторынхон тус бүртээ дуудлага авдаг болохоор иргэд байгууллага тус бүр рүү ханддаг бэрхшээлтэй. Дуудлага мэдээллийн төвтэй болгож, шуурхай ажиллагааны бригад ажиллуулснаар иргэд цахилгаан, дулаан гээд байгууллага бүр рүү утас цохих шаардлагагүй болох юм. Ашиглах программ хангамжийг нь нийслэл үнэгүй өгсөн. Мөн “Call center”-т конторынх нь утсыг холбоно.

Өнгөрсөн жилийн өдийд өвөлжилтийн бэлтгэл 36 хувьтай байсан бол энэ онд 70-д хүрлээ. Бэлтгэл хангагдсан гэж ойлгож болно. Гэнэт гарсан гэмтлийг ч бид тухай бүрт нь засаж байгаа. Тухайлбал, Баянгол дүүрэгт 24 дүгээр бохирын коллектор задарлаа. Үүнийг бид засуулж байна. Энэ мэтээр иргэдийнхээ тав тухыг бүрэн хангахаар ажиллаж байна.


Ж.Уранмандал

Нийслэлчүүд өвлийн бэлтгэлийнхээ 70 хувийг хангасан

Урин дулаан цаг улиран одож, хахир, хатуу хүйтэн өвөл хаяанд ирлээ. Жилийн хагасаас илүүд нь хүйтэн, сэрүүн байдаг манай оронд дулааны гуравхан сард багтаан өвөлжилтийн бэлтгэлээ базаах шаардлага тулгардаг. Юу юугүй цас орж, хүйтрэх болсон өнөөгийн нөхцөлд нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж буйг сурвалжиллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн нийт 1104 ажил төлөвлөснөөс одоогоор 776 нь бүрэн дууссан, гүйцэтгэл 70.2 хувьтай аж. Мөн энэ сарын 15-нд халаалт өгөх тул орон сууцны шугам сүлжээний их болон урсгал засварын ажлын явцтай танилцлаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) зүүн, төв, баруун түгээх төв өөрсдийн бүсээ хариуцан ажилладаг. Эл байгуулага нь энэ жилийн их, урсгал засварын хүрээнд нийт 89 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 88 байгаа гэнэ.

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах авто замыг өнгөрсөн сарын 15-наас эвдэн, газар ухаж эхэлсэн юм. Тус зам доогуур 64, 65, 55 дугаар байрны дулааны шугам байрладаг бөгөөд энэ жил их засвар хийж буй аж. Энэ хэсэг ОСНААУГ-ын Баруун түгээх төвд хамааралтай. Улаанбаатар хотын цэвэр, бохир, дулааны шугамыг засах ажил жил бүр зам хааж, эвдэн, иргэдийн амьдрах орчин болон, зорчих хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг тул хэл ам дагуулсаар ирсэн.

Тэгвэл үүнийг шийдвэрлэх ганц гарц нь газар доогуурх шугамуудыг нэвтрэх гарцтай болгох. Энэ жил туршилтаар нэг шугамыг нэвтрэх гарцтай болгож байгаа нь энэ аж. Үүнээс хойш эл шугамд их болон урсгал засварын ажил хийхэд зам эвдэхгүй гэдгийг ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн ахлах инженер Г.Сайнболд хэлэв. Тус гурван орон сууцны халуун усыг 10 хоног хязгаарлаж, 31-нээс түгээж эхэлсэн байна.

Одоогоор тэнд тохижилтийн ажил л үлдээд буй аж. Нийслэлийн баруун хэсэг болох Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Баруун дөрвөн замаас баруун тийшэх бүх орон сууцны барилгын, ус, дулаан, цэвэр, бохир усны таталт, шахалт болон засвар, үйлчилгээний ажлыг хариуцдаг. Тус бүсэд энэ жил их засварын 13, урсгал засварын 46 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засварын ажил 85, их засвар 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Одоогоор гадна хийх ажил бүрэн дууссан бөгөөд, дотор хийх хоёр ажил бий гэнэ. Нэг нь Баянгол дүүргийн VI хорооны нэг орон сууцны халуун усны шугамыг солихоор ажиллаж буй бөгөөд үүний гүйцэтгэл 45 хувьтай, энэ сарын 10-нд дуусгах төлөвлөгөөтэй гэнэ. Мөн IX хороонд байрлах байрны дулааны шугамын ажил дуусаагүй байгаа аж. Эдгээрийг энэ сарын 13, 14-нд багтаан дуусгах юм байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлаас одоогоор гурван ажил дуусаагүй үлджээ. Баянгол дүүргийн XX хороонд байрлах “ДЦС-4”-ийн баруун тал, “Улаанбаатар палас”-ын урд, Батлан хамгаалах яамны зүүн талд урсгал засварын ажил хийж буй бөгөөд бусад ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгааг албаны хүн мэдээлсэн.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

Өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан уу?

С.БАТЖАРГАЛ (Орхон аймгийн Засаг даргын орлогч):

-Инженерийн дэд бүтцийн байгууламжуудаа өвөлд бэлдэх ажил 70 хувьтай. Засвар, үйлчилгээ дууссан. Халаалт өгч эхлэхээр хийх туршилт, тохируулгын ажил л үлдлээ. Шугам сүлжээ олноор нь солих томоохон ажил энэ жил төлөвлөөгүй, урсгал засвар хийсэн. Сургууль, цэцэрлэгийн бэлэн байдал бүрэн хангагдсан гэж үзэж болно. Нэг цэцэрлэгийн шугам сүлжээг засах хөрөнгөгүйгээс түр саатсан.

Орон нутгаас хөрөнгийг шийдвэрлэх болсон тул халаалтын улирлаас өмнө засаж дуусгах боломжтой. “Эрдэнэт ус” компанийнхан найдвартай ажиллагаагаа бүрэн хангасан. Цахилгаан хангамжийн хувьд Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төслийн хүрээнд “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийн дэд станцуудыг өргөтгөн, шинэчилж байна. Энэ жилдээ хараахан дуусахгүй, жил дамнан үргэлжлэх төсөл юм билээ.

Д.ГАЛСАНДОНДОГ (Ховд аймгийн Засаг дарга):

-Манай аймаг дулааны хоёр станцтай. Нэг нь улсын мэдлийнх, нөгөөх нь хувийн хэвшлийнх. Үүний зэрэгцээ нам даралтын 50 зуух аймгийн төвийн хэмжээнд байна. Нүүрс түлдэг 5000 орчим айл бий. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд аймгийн төвд агаарын бохирдол их болсон. Үүнийг анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай. Өмнөх жилүүдэд Хөшөөтөөс нүүрс авдаг байсан бол энэ онд уг уурхайгаас авах боломжгүй болсон.

Хотгорын уурхайгаас авах болов уу. Одоогоор шийдээгүй. Ямартай ч энэ сарын 20-ноос нүүрсээ татаж эхлэх төлөвлөгөөтэй. Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ 30 гаруй жилийн настай, нэлээд хуучирсан. БХБЯ-тай хамтран засаж, шинэчилж байгаа. Уг ажил 80 хувьтай. Аравдугаар сарын 1-нд халаалт өгнө, түүнээс өмнө дуусгах боломжтой. Түүнчлэн аймгийн дулааны станцыг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлага бий. Энэ асуудлыг даруй шийдэхгүй бол яваандаа хүндрэл учирч мэднэ. Цахилгаан хангамжийн хувьд манай аймагт ямар нэгэн асуудал байхгүй.

Т.ГАНБОЛД (Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч):

-Өвлийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна. Дулааны хоёр км орчим шугамыг сольсон. Өдгөө туршилт, тохируулга хийж байна. Сургууль, цэцэрлэгээс эхлээд төсвийн бүх байгууллагын шугам сүлжээг засаж дууссан, энэ сарын 15-наас дулаанаа авахад бэлэн. Сумдын төсвийн байгууллагын бэлтгэл хэр хангагдсаныг шалгахаар аймгийн холбогдох албаныхан өнөөдрөөс (өчигдөр) орон нутгийг зорилоо. “Дарханы дулааны цахилгаан станц”-ын хүчин чадлыг 35 мВт-аар өргөтгөж байгаа. Энэ өвлөөс өмнө хараахан дуусахгүй. Гэхдээ станцын үндсэн хүчин чадал нь 50 мВт, аймгийн хэрэгцээг бүрэн хангадаг учраас өргөтгөж дуусаагүй байсан ч ямар нэг асуудал үүсэхгүй.

Т.ЭНХТҮВШИН (Дорноговь аймгийн Засаг дарга):

-Бэлтгэл 100 хувь хангагдсан гэж үзэж болно. Өвлийн бэлтгэл хангах Засаг даргын захирамжийг өнгөрсөн долдугаар сард гарган, түүнийхээ дагуу бүх ажлаа хугацаанд нь амжууллаа. Зуншлага энэ жил сайхан боллоо. Хадлан тэжээлээ бүрэн авсан. Сүүлийн 40-50 жилд аваагүй хадлан бэлдлээ. Инженерийн дэд бүтцийн хувьд ихэнх сум нэгдсэн халаалтын системд холбогдсон учраас хүндрэл бэрхшээл бараг үгүй.

Холбогдоогүй зургаан сум бий. Даланжаргалангаас нүүрс татан авах гэрээгээ хэдийн байгуулсан. Говийн, харьцангуй дулаан газар учраас бусад аймгаас нэг сарын дараа буюу аравдугаар сарын 15-нд халаалтаа өгдөг. Энэ жил бэлтгэл ажил харьцангуй эрт дууслаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сард багтаан сургууль, цэцэрлэгүүдийн шугам сүлжээг засаж, шинэчилсэн.

http://unuudur.mn/article/108359


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих