10 000 төгрөг буюу эх орны хишиг
”10 000 төгрөг” нэртэй телевизийн нэвтрүүлэг байдгийг бараг хүн болгон мэднэ дээ. Гудамжинд суучихаад хүн болгоноос л “энэ мөнгө танд хэрэгтэй юу? Хэрэв танд энэ мөнгийг өгвөл юунд зарцуулах вэ?” гэж асууна. Мэдээж хүнд мөнгө хэрэгтэй боловч, тэд “надаас өөр тун ч хэрэгтэй нэгэнд өг дөө” гэж хэлж, авахаас татгалзана. Эцэст нь тэр мөнгийг гарцаагүй хэрэгтэй нэгэнд өгдөг. Энэ бол шоу биш, шууд нэвтрүүлэг.
…2010 оны эхнээс “эх орны хишиг” нэрээр монгол хүн болгонд сар бүр 10 000 төгрөг бэлнээр тарааж байгаа. Дээрх нэвтрүүлгээс ялгагдах онцлог нь хэрэгтэй хүнд биш, хүн болгонд заавал өгөх ёстой. Яг өнөөдрийн байдлаар 10 000 төгрөгөөр юу худалдаж авч болохыг би сайн мэдэхгүй. Ямартай ч энэ мөнгө ихэнх хүмүүсийн амьдралд тэгтлээ хэрэг болохгүй нь ил зүйл. Заримд нь хэрэгтэй хэдий ч заримд нь огт хэрэг болохгүй. Энэ бол шууд нэвтрүүлэг биш шоу.
Яагаад заавал ингэж “ тэнэгтээд” байгаа юм бол?
Бүх хүмүүст хавтгайруулан бэлэн мөнгө олгох нь ямар муу үр дагавартай байж болох тухай олон ч хүмүүс сануулж, санал болгон бичиж байсан. Энэ үйлдлийн муу үр дагавар нь:
1.Ингэж тараасан бэлэн мөнгөний уршгаар юмны үнэ өсөж, хэрэгцээт зүйлээ урьд нь худалдан авч байсан үнээсээ хэд дахин өндөр үнээр авах болдог. Монголд өнөөдөр инфляц болон өргөн хэрэгцээт бүтээгдэхүүний үнийн өсөлт ингэж л даамжирч, ард олны нуруун дээр дарамт болдог гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Гэтэл заавал ингэж тэнэгтэх нь хэнд хэрэгтэй гэж?
2.Бэлэн мөнгийг хүн болгонд тарааснаар хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээ болон муу зуршилд сургаж байна. Ажил хийхийг хүсэхгүй авахыг хүсэх олон хүмүүсийн ихэнх нь, амьдралд нөлөөлж чадахгүй энэ мөнгөөр архи авч ууж гуниг хорслоо тайлах нь элбэг байгаа. Амьдралын боломжтой айлын хүүхдүүдэд энэ нь нэгэн оройн зугаа цэнгэлд ‘нэмэр’ болж байхад, амьдралын боломжгүй айлын хүүхдүүдэд нэгэн үдшийн хоол болон “шингэж” байгаа. “Аманд ч үгүй хамарт ч үгүй” энэ мөнгө хэнд хэрэг болж байгаа гэж?
3.10 000 төгрөг ойролцоогоор 8$ гэж тооцоход, үүнийг 2.5 сая хүн авч байгаа гэж бодоход сар болгон 20 сая $ ямар ч өгөөж үр ашиггүй, салхинд хийсэх мэт зарцуулагдаж байна. Энэ багцаараа бага мөнгө гэж үү? Жилд хамгийн багаар бодоход 240 сая $ ийн үрэгдэх нээ. Бид ийм цамаан гэж үү? Гэтэл ард иргэдэд орчин үеийн сургууль, эмчилгээ оношлогооны төв, эмнэлгүүд хэрэгтэй байна. Шийдэх ёстой маш олон асуудлууд овоорсоор, үүнийг хийхгүй байгаа шалтгаанаа, мөнгө хүрэхгүй байна гэж тайлбарласаар. Бид ийм мунхаг гэж үү?
Өнөөдөр монголын төрийн эрх мэдлийг мэдэж байгаа хүмүүс, жирийн биднээс тэнэг байна гэж үгүй л байх. Зүгээр л тэд эрээ цээрээгээ алдаж байгаагийн илрэл нь энэ. Ингэж тэнэгтэхдээ:
-Тэд сонгуулийн амлалтаа биелүүлсэн гэж 2012 оны сонгуулийн өмнө ард олонд хэлэх гэж, үүнийхээ ачаар дахин сонгогдох гэж л энэ бүхнийг хийж байгаа. ‘Оргүйд орвол охинтой” гэдэгчлэн тэд, 1 сая 500 000 төгрөгөөсөө’ амсуулсан” гэж бидэнд хэлнэ. “Боломжгүй байлаа, боломжтой байсан бол бүгдийг нь өгөх байлаа. Харин одоо бол боломжтой байгаа болохоор, хэрэв биднийг сонговол, бүгдийг нь өгөх болно” гэж учирлан ухуулна. Энэ бол ердөө л тэдний ээлжит заль мэх, дараагийн сонгуулийн бэлтгэл.
-Хүн амын бодит тоогоо гаргаж чадаагүй тэд энэ мөнгийг хуваарилах тооцоон дээр “ажиллаж” , өөрсдөдөө мөнгө завших боломж болгож байгаа. Сонгуульд “нас барсан” хүнээр санал өгүүлж чаддаг тэдэнд, хичнээн олон Бат Оюунааг хуурамчаар бүртгэж мөнгө завших туршлага, аргачлал нь бий. Энэ бол тэдний хулгайлж завших нэгэн арга боломж нь.
-Тэд ийм үйлдлүүдээрээ хүмүүсийн сэтгэлийн итгэлийн галыг мөхөөж, мөнгө болон хэрэглээний үнэ цэнийг унагааж байна. Ард олон хэдийчинээн мунхаг, зусар зулгуй байх тусам тэдэнд хэрэгтэй. Тэд “тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод’ ч болов Монгол орныг удирдаж байгаа нэртэй, идэж завшин, өөрсдөө баяжихыг л хүсч байна.
Надад санал байна.
1. Энэ мөнгөнөөс монгол хүн болгон татгалзья. Амьдралд “хэрэг” болох биш “гай” болох энэ “хишиг” гэгч, яг үнэндээ бидний маш олон боломжийг хааж, МАН,АН-ыг сонгуулийн амлалтаа биелүүлсэн гэх сурталчилгаанд л хэрэг болно.
2. Харин эдгээр мөнгийг тодорхой санд төвлөрүүлж, хүмүүсийн амьдралд болон нийгмийн халамжийн хөгжилд зарцуулахыг өнөөгийн төр засгаас шаардья. Өнөөдөр хүмүүсийн нийгмийн асуудал болон хөгжилд хэрэгтэй маш олон асуудлууд санхүүжилт үгүйн улмаас хэрэгжихгүй байгаа.
3. Амьдралын түвшин доогуур байгаа өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй эхчүүдэд зориулсан маш олон хөтөлбөрүүдийг бий болгож, энэ хуримтлалаас санхүүжүүлэх хэрэгтэй байна. Тэдэнд 10 000 төгрөг бус цогц бодлого, үр дүнгээ өгөх хөтөлбөр хамгаас чухал байгаа.
Монгол Улсын минь өнөөгийн эрх баригчид, “10 000 төгрөг” нэртэй шууд нэвтрүүлгийн уран бүтээлчдээс л дор сэтгэх юм даа. Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдөрж, УИХ-ын дарга Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар жаахан эрүүл ухаанаар сэтгэ л дээ. Алийн болгон нэр төр мөнгө хөөж, сайхан үлгэр ярьцгаах билээ. Та нарт 2011 он жаахан ч атугай эрүүл ухаан авч ирэг.
Эрүүл бие, саруул ухаан л монгол орныг хөгжүүлнээ.
Нийтлэлч: Г.Галбадрах /АНУ/
URL: