Л.Чаминчулуун: Би ард түмнээ өрөвддөг
Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш, профессор Л.Чаминчулуунтай ярилцлаа.
-Тантай утсаар ярихад л ямар их эрч хүчтэй, бадрангуй гэдэг тань шууд мэдрэгдэж байна билээ?
-Би нэг ухаантай хүний үгийг бодож өөрөө өөрийгөө хөглөж явдаг юм. “Хүнд яаж хандана тэрүүгээрээ л амьдардаг” гэдэг. Тэгэхээр тэгш аз жаргалтай, гэгээлэг амьдаръя гэвэл хүнд сайн сэтгэлээр, сайхан зан үйлээр хандах хэрэгтэй гэж би боддог юм. Тийм зан чанартай хүн өөрөө гэгээлэг явахаас гадна хүнд хайр бэлэглэдэг. Эцсийн эцэст амьдрал ганцхан шүү дээ. Бид л бие биеэ хайрлахгүй бол өөр хэн хайрлах юм бэ. Тэр дундаа цөөхөн монголчууд бие биеэ хайрлах ёстой. Үргэлж нэгнээ өрөвдөж байх ёстой. Овойж оцойтол нь тус болдоггүй юм аа гэхэд сэтгэлийн дэм өгч байх ёстой л доо.
-Энэ их эрч, хүчтэй байдлыг хаанаас олж авсан бол оо?
-Би багаасаа урлагт дуртай хүүхэд байсан юм. Миний аав Лувсангомбо дээр үед Соёлын яаманд нэлээд гайгүй ажилтай хүн байлаа. Аав минь надад урлагийн халуун дулаан уур амьсгалыг бэлэглэдэг хүн байсан. Учир юу хэмээвэл, миний аав урлагийн томчуудыг ийш тийш бригад, тоглолт, уулзалтаар авч явна.
Тэр болгондоо аав намайг дагуулж явдаг байсан юм. Тэндээс л бүх юм эхэлсэн юм болов уу гэж боддог, урлагт дуртай, гэгээлэг сэтгэгдэлтэй яваагаа. Тэгээд л би Хөгжим, бүжгийн коллежийн шанзны ангийг төгссөн шүү дээ. Багаасаа л дуртай байсан урлагаараа явсан. Шанзны ангиа төгсөөд хөгжимчнөөр ажиллаагүй. Жүжигчин болно гэж драмын театрт ажиллаж байгаад хойшоо сургуульд явсан даа. Би Хөгжим, бүжгийн ангийнхнаараа маш их бахархдаг. Ардын жүжигчин, “Морин хуур” чуулгын дарга байсан ангийн минь анд Ц.Батчулуун байна. Ардын дуу бүжгийн чуулгын дэд дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш байна. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Эрдэнэ-Очир байна. Манай ангиас чинь ёстой олон мундагчууд төрсөн ш дээ. “Капитан” Баатар гэхээр урлагийнхан мэднэ. Хөгжмийн өндөр мэдлэгтэй Баатар гэж манай ангийн залуу байна. Ятгын Нарантуяа гэж мундаг бүсгүй байлаа. Ээ, базарваань тэр ятгачин чинь манай ангид байлаа.
Орост очоод бас мундаг хүмүүстэй хамт сурч байсан. Чулууны Чинбат, төгөлдөр хуурын Ганчимэг байна, гавьяат Тунгалаг гэсэн одооны мундагчууд бүгдтэй нь цуг сурч байлаа шүү дээ. Би өөрөө сайндаа биш, орчин тойрны хүмүүс минь халуун дулаан энергитэй, урлагаа гэсэн сэтгэлтэй, гэгээлэг байсан эрч хүч нь надад шингэсэн юм болов уу. Орчин тойрны хүрээллээс минь шингэсэн байх аа гэж боддог юм.
-Урлагийнхан тайз, мэдээллийн хэрэгслээр гарахгүй болохоор үзэгчид нь хайгаад эхэлдэг. Тухайн уран бүтээлч тэтгэвэрт гарсан ч бай, баяр ёслолын үеэр урьдных шигээ тайзан дээр гарч ирэхийг нь үзэгчид хүлээдэг юм шиг ээ?
-Сэтгэлд нь хоногшоод үлдчихгүй юу. Хоногшоод үлдчихсэн болохоор үгүйлдэг. Их ойр дотно болчихсон юм шиг өөрт нь санагддаг. Тэр нь байхгүй болохоор үгүйлдэг. Нэг хэсэг үзэгчид хэрхэн үгүйлж, хардаг байсныг би мэддэг. Тэр нь урт удаан хугацаатайгаар, одоо ч үргэлжилж байгаад баяртай суудаг. Одоо ч гэсэн би үзэгчдийнхээ хайрыг татсан хэвээрээ. Намайг тайзан дээр гараад ирэхэд бүгдээрээ орилолдоод алга ташдаг нь надад маш их хүч өгдөг. Уран бүтээл хийх онгод, оргил, эрүүл байх юмсан, бүр их шинэ юм хийж гаргах сан гэсэн хүслийг бадрааж байдаг. Тайз бол хүнийг гэгээн бүхэн рүү тэмүүлүүлнэ дээ. Хүн шантарч, зугтааж болохгүй. Байнга юм хийж бүтээж байх ёстой. Тэгж гэмээнэ л хүн залуу явдаг. Бүтээл нь арвин явдаг. Бүтээл нь ч залуу явдаг. Нийгмээсээ нэлээд хэдэн алхмын урд явж байж бид үзэгчээ дагуулдаг. Үзэгчийнхээ хойноос алхаж болохгүй.
-Өнөөгийн хошин урлагт ганцаарчилсан үзүүлбэр, өгүүлэх урлаг гэж бараг алга. Олуулаа гарч ирж хөдөлгөөн, үг хоёрыг элдэв өнгө будаг, эрээн мяраанаар бялхуулж байж сая нэг юм үзэгчдээ инээлгэж байх жишээний. Гэтэл та ганцаараа гарч ирээд л танхим дүүрэн хүнийг инээлгэж, бүгдийг нь чимээгүй болгож уйлуулдаг?
-Нэгдүгээрт, уран уншлага бол ярихын дээд хэлбэр. Үүнийг нэлээд чадварлаг эзэмшсэн хүн бол үзэгчдийг байлдан дагуулж өөртөө татна. Би яахав чадан ядан зүтгэж яваа л уран бүтээлч шүү дээ. Хоёрдугаарт, бүтээлээс их шалтгаална. Бүтээл бол хүний зүрхнээс зүрхэнд хүрэхэд татах чадвараа хэзээ ч алддаггүй. Тэгэхээр байнга шинэчлэгдэж байх ёстой. Байнга шүү дээ. Нэг бүтээлийг зургаан сар юм уу, жил уншаад л, өөрчлөөд уншаад л өөрчлөөд байх тусам үзэгчид татагдаад л байна гэсэн үг. Шинэ юм гарах тутамд татагдана. Хэний ч хамааралгүйгээр юмыг хийж бүтээж сурна гэдэг бол уран бүтээлч хүний хувийн ажиллагаа л байдаг юм даа. Хэн ч байхгүй бол хүн өөрийнхөө бүх юмыг би хийж чадна гэж өөрөө өөртөө даалгавар өгдөг. Бардамнаж, онгирч байгаа юм биш. Өөрөө өөрийгөө чангалдаг, чи чадна, чи болно, чи бүтээнэ, чи хийнэ, чи биелүүлнэ гэж.
-Богино өгүүллэгийн наадмууд болдог. Жишээ нь, “Утгын чимэг” байна. Тэр наадамд хэний зохиолыг хэн уншиж байна вэ гэдэг их чухал. Бүр хэн гэдэг уран уншигч оролцож байна вэ гэдгээс тухайн наадмын нэр хүндийн асуудал яригддаг тал бий?
-Нөгөө л татах хүч шүү дээ. Би Балжирын Догмидын гурван өгүүллэгийг уншиж гурвуулаа тэргүүлж байсан, “Утгын чимэг”-т. Ж.Лхагваагийн “Бид ялав” өгүүллэгийг түрүүлүүлж байлаа. Ж.Дашзэвэгийн “Илүү гэр” гэдэг өгүүллэгийг уншсан. Дараа нь Т.Баянсангийн хоёр өгүүллэгийг уншиж байр эзэлж байсан. Уншина гэдэг маш их мэдрэмж, ухаан байгаа юм. Ухаан сайтай хүн юм уншиж чаддаг. Тэрийг яаж хүргэх вэ гэдэг мэдрэмж, өөрөө өөрийгөө чиглүүлж, хөтөлж, татаж, үзэгчийн зүрхийг өөрийнхөө зүрхтэй холбох нарийн сэжим байна аа, шүншиг байна аа. Энэ бүгд л байж бидний бүтээлийн амжилт, сайн сайхан бүхэн орж гарч явдаг даа.
-Өгүүлэхүй урлагийн нэрт мастеруудын дуу хоолойгоор сонсч хүлээж авсан өгүүллэгийг дараа нь ном, сониноос уншихаар яг эхэлж уншиж нийтэд хүргэсэн тухайн хүнийхээ хоолойгоор сонсогдоод байх шиг болдог?
-Хүний зүрхэнд суучихаж байхгүй юу. Бидний уншсан юм таны зүрхэнд суучихсан гэсэн үг. Зүрхэнд суучихсан учраас яг түүгээр нь хүлээж аваад байдаг. Анхны юм хэдий чинээ гүн, хэдий чинээ зүрх сэтгэлд хоногшиж чадна тэр хэзээ ч мартагддаггүй. Дараа нь өөр юм гарлаа ч тэрийгээ л хүлээж авч байдаг. Нарийн сэжим, шүншиг хоёр хамтдаа явж байж уран бүтээлчийн зүрхнээс үзэгчийн зүрхэнд очно. Зүрхнээс зүрхэнд. Үзэгч уран бүтээлч хоёрын хооронд гүүр үүсдэг. Тэр гүүр цаасан гүүр байх юм уу, модон байх уу, төмөр гүүр байх юм уу, усан гүүр байх юм уу гэдэг нь уран бүтээлчээс шалтгаалдаг. Тэр гүүр нь хэдий чинээ бат бөх, уран нарийн хийцтэй байна. Тэр хэрээр уран бүтээл нь нандин байдаг.
-“Хөөе чи боль” гэж хүүхдээ анхааруулахдаа дуу хоолойгоо ширүүн, аядуу, намуухан, ухааруулсан, аргадсан өнгөтэйгээр өөрчилж хэлэхэд тэр өгүүлбэрийн утга өөрчлөгдөнө шүү. Монголчууд дуу хоолойныхоо өнгөөр өөрийгөө илэрхийлдэг нарийн арга ухаантай ард түмэн?
-Манай монголчууд эрт дээр үеэсээ хүүхдээ үгийн ураар хүмүүжүүлж ирсэн хоёр төрөл бий л дээ, ардын аман зохиолын. Зүйр цэцэн үг, Монгол ардын үлгэр хоёр юм. Энэ хоёроор хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлж, дэг жаягтай байх, ямар нэгэн зөв чиглэлд хүүхдээ удирдахад эцэг эхчүүд маш их анхаардаг байсан. Одоо зүйр цэцэн үг хэлдэг хүүхэд их л ховор болчихсон байгаа юм даа. Нэгдүгээрт, хүүхдэдээ уншуулахгүй байна. Хоёрдугаарт, зүйр цэцэн үгийг өдөр тутамдаа хэрэглэдэг багш ховор болчихож. Уран зохиолын хичээлийг бараг байхгүй болгочихсон юм биш үү. Тэгэхээр л өрөвдөлтэй. Уураг тархи хоосроод ирвэл бүх юм хоосорно. Мянга ганган, мянга мөнгөтэй байгаад тэрүүгээр яах юм. Яах юм, тэр чинь юу юм. Хүн тархиараа явдаг. Тархиараа амьдардаг.
Би сүүлийн долоо, найман жил бараг арваад жил өмнөд монголчуудтай ажиллаж байна. Жаахан хүүхдүүдээс нь эхлүүлээд залуучууд, цэцэрлэгийн багш, уран бүтээлчидтэй нь ажилладаг. Өмнөд монгол хүүхдүүд ямар хөөрхөн гээч. Тэд багаар бодоход арван зүйр цэцэн үгтэй шүү. Тийм болохоор тэдэнд төлөвшил, үгийн баялаг, ухаан, ардын аман зохиолоо өөдрөг авч явах шинж чанар хадгалагдсан. Манай энд байхгүй. Их хэцүү.
-Яагаад. Яагаад зүйр цэцэн үг мэдэхгүй болчихсон гэж?
-Ном уншихгүй байна. Зүйр цэцэн үгийн ном аваад хүүхдэдээ цээжлүүлж байгаа ээж аав байна уу. Ээж аав нь ч мэдэж байгаа юм уу, ингэхэд. Ийм болчихоод байгаа юм.
Залуудаа сайн явсаных
Өтлөхөд мэдэгдэнэ
Жилдээ сайн явсаных
Шинэлэхэд мэдэгдэнэ. Тийм ээ. Ном гэдэг бол хүнд их нандин юмыг өгдөг. Хань болдог. Өөрөө өөртөө итгэх итгэлтэй. Толгойдоо мэдлэгтэй хүн чинь ийш тийш гүйгээд “Одоо би яах вэ” гээд байхгүй. Өөрөө өөрийгөө л чиглүүлээд өөрөө өөртөө л үнэнч. Өөрөө өөрийгөө чөлөөлөөд л явдаг. Ядраад, сэтгэл санаа хачин боллоо гэхэд ном уншаад л сэргээд ирдэг. Тэгээд л “Аа, ингэхгүй юм байна. Тэгэх ёстой юм байна” гэж ухаардаг. Дэлхийн алдартай, ухаантнуудын хэлсэн үгийг өөрөө уншихаас гадна хүүхдүүд уншиг гээд хичээлдээ их ашиглана. Үгийн ураар өөрийгөө чиглүүлж, жолоодож явдаг ухаантнуудын мэргэн үгсийг хүүхдүүд хэлээд байвал хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэр дундаа уран бүтээлч хүн өөрөө дээд зэргийн хүн байх ёстой. Хүн байж чадахгүй бол ямар ч нэмэргүй.
-Та ярих урлагийн багш. Хөдөө гадаа, Өмнөд Монголд явж байхдаа хуучны сонин содон, өмнө нь дуулдаж байгаагүй ховор зүйр цэцэн үг эрж сурж л явдаг байх даа?
-Зөндөө үг байна.
Толгой муутай хүнээр
Тоо бодуулах
Толгойдоо суурьгүй хүнээр
Төр удирдуулах. Энэ их гоё үг байгаа биз.
-Манай өнөөдрийн нийгмийн үнэн төрх л байна?
-Манай нийгэм байгаа биз дээ. Долоон настай хүүхэд энэ зүйр цэцэн үгийг хэлсэн гэвэл яах вэ.
-Өмнөд Монголд уу?
-Тийм. Манайд ийм зүйр цэцэн үг байдгийг том хүн ч мэдэхгүй. Яг л өнөөдрийн Монголыг хэлээд байгаа байхгүй юу. Заримдаа жаахан бачуурдаг л юм. Заримдаа бачуурах зав ч үгүй явдаг. Маш их ажилтай учраас. Ардчилсан нийгэм гарч ирсэнд баяртай байдаг боловч хорин хэдэн жил төрийг зохицуулалтгүйгээр удирдсан хүмүүст дургүй. Яагаад вэ гэвэл Монголын ард түмэн ийм байгаагүй. Төрийн зохицуулалтгүйгээр төр эргүүлж, төрийг ийм байдалд оруулсанд жаахан гэлтгүй нэлээд харамсдаг. Би ард түмнээ өрөвддөг. Гудамжинд согтуу хэвтэж байгаа хүнийг хараад “Чи минь яагаад энд хэвтэж байгаа юм бэ” гэж бодож өрөвддөг (Хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэв.сурв) Магадгүй тэр хүн тэгж хэвтэхгүй ч байсан юм билүү. Ийм юм их бодогдоно оо.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
URL: