Хамгийн бага цалинтай багш нь 700 мянган төгрөг авч байж ажил хаях нь ариун явдал уу
Засгийн газар багш, эмч нарын цалингийн шатлалыг өсгөв. Бас цалинг нь нэмэгдүүлэв. Салбарын яамд боломжоороо л ажиллаж, эдийн засгийнхаа хирээр цалинг нэмэгдүүлэх шийдэл хайж байна. Гэтэл багш нар цалингаа бага нэмлээ хэмээн ажил хаялтыг зохион байгуулж эхэллээ. Энэ асуудлыг ул сууриар нь судалж үзэхэд хэд хэдэн асуудал гарч ирж байна. Юуны өмнө цалин бага байна хэмээн гомдолж байгаагаас биш багш, эмч, сувилагч нарын цалингийн ангилал зэрэглэлийг нэмэгдүүлснийг ярьж байгаа хүн алга.
Ажил хаяж байгаа багш нарын төлөөлөл “цалинг 40.000 төгрөгөөр нэмлээ, энэ бол нэмэгдэл биш”, “цалингийн нэмэгдэл хангалтгүй байна”, “цалингаа өрөнд өгөөд таарч байна”, “багш нар 400.000-500.000 төгрөгийн цалин авч байна” гэх мэт уриа лоозон барьж суух болов. Тиймээс багш нар үнэхээр ийм бага цалин авдаг уу? гэдгийг асууж тодрууллаа. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол ерөнхий боловсролын сургуулийн багшийн хамгийн бага цалин 633.000 төгрөг байдаг гэнэ. Үүн дээр хоол, унаа, зэрэг дэв, ур чадвар, улирлын үр дүнгийн, заах аргын гэсэн олон нэмэгдлүүд нэмэгддэг аж. Тэгээд хэл ам хийгээд байгаа багш нарын цалин хэд болдог вэ? Үүнийг яагаад ярихгүй байна вэ? С.Чинзориг, Ц.Цогзолмаа сайд нараа? Өнгөрсөн хавар Засгийн газрын холбогдох байгууллагууд цалингийн судалгааг салбар бүрт хийжээ. Уг судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингийн нэмэгдэл дунджаар 30 орчим хувь буюу 180.000 төгрөг байдаг гэж гарчээ. Энэ судалгаагаар ажил хаяад байгаа ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хамгийн бага цалин сардаа 700.000 төгрөгөөс дээш болж таарч байна. Ажил хаяад байгаа багш нар үндсэн цалингаа л яриад байна. Үндсэн цалин дээрээ хоол, унаа, бусад бүх төрлийн нэмэгдлүүдээ тооцоод цалингаа хэлж байгаа багш алга. Үүнийг салбарын яамдууд яагаад ярихгүй байна вэ? 700.000 төгрөг гэдэг бол яамдын төрийн албан хаагчид, мэргэжилтнүүдээ илүү цалин гэсэн үг. Ийм байхад багш нар цалингаа голох зөв үү?
Ер нь нэг талаас багш нар цалингаа бага гэж голоод байгаа. Нөгөө талаас нь салбарын яамныхан “багш нарын цалин тийм ч бага биш, яамны мэргэжилтнүүдээс өндөр цалин авдаг” гэж байр сууриа илэрхийлж байна. Тиймээс багш, эцэг эх, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулаад багш нарын цалинг шалгаад олон нийтэд мэдээлж болдоггүй юм уу? Эсвэл бага цалин авдаг гэж гомдол мэдүүлээд байгаа багш нарын нийгмийн даатгалын төлөлтийг ХНХЯ-ынхан ард түмэнд харуулж болохгүй юу? Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс хэдэн төгрөгийн цалин авдаг нь шууд л гараад ирнэ. Хэрэв 700.000 төгрөгөөс илүү цалин авчихаад бага гэж гомдоллож байгаа бол багш нарын үйлдлийг зөв гэх үү? Олон нийт ийм зүйлийг зөв гэж дэмжихгүй л болов уу.
МАН-ын Засгийн газрыг цалин бага нэмлээ гэж ажил хаяж байгаагаа улс төржүүлэн зарлаж байна. Тэгвэл цалинг нь нэмээгүй, нэмэх талаар ямар ч шийдэл гаргаж байгаагүй Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед багш нар ажлаа хаяхгүй юу хийж байв? гэсэн улс төржсөн асуултууд ар араасаа ургаж гарна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар улсын хэмжээнд 20 орчим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяжээ. Цалингаа бага гэж голсон багш нарын оронд ажилд орох санаачилга гаргасан багш нарын төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэдний төлөөлөл “Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн багш нар ажил хаялт зарлаж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгээд байна. Багш нар ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Багшийн цалин бага гэдгийг мэддэг ч энэ мэргэжилд дурлаад сонгосон, хүүхдийн төлөө ажилладаг багш нар ингэж болохгүй. Багш нар есдүгээр сарын 1-нд нээлт хийж, хүүхдүүдийг догдлуулчихаад ажил хаяж байгаа нь цаагуураа өөр учиртай байх. Багш нар цалингаа голоод ажил хаяж байгаа бол бид оронд нь багшлахыг хүсч байна. Багшлах эрхээ авсан, аваагүй, багшлах хүсэлтэй иргэдэд зориулан фэйсбүүкт групп нээсэн, одоогоор 240 гаруй хүн нэгдээд байна” гэж ярив. Үнэхээр 700.000 төгрөгөөс илүү цалингаа бага гэж голж байгаа бол тэдний оронд орох хүсэлтэй хэдэн зуун багш нар байна. Тэднийг оронд нь ажилд оруулаад ард түмний хүүхдийг хохироохгүй байвал ямар вэ.
Б.Анир
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Zuv