Ерөнхий сайдын дэмжсэн ажлыг дүүргийн удирдлага гацааж байна

712-15360178909003057470adb286dc18528c9c4dc094Хүний амьдралын эрээн бараан дунд хүүхэд бүхэн гэр бүл, эцэг эхтэйгээ байх шиг жаргал хаана байх билээ. Гэвч тэр л аз жаргалаа хугасалж яваа бяцхан үрс цөөнгүй байдаг нь харамсалтай. Орчлонгийн жам ёсоор эцэг, эхээсээ хар багадаа хагацаж салсан нэгэн байхад хайр халамж анхаарал тавих нь байтугай “хар толгой”-гоо ч авч явж чадахгүй болсон аав, ээжээсээ дайжсан нөгөө хэсэг хүүхэд байх. Тэдний хар дарсан зүүд шиг амьдралд гэрэл гэгээ асааж, ирээдүйд тэмүүлэх итгэл найдвар бэлэглэж, эрдэм номын замд нь хөтөлж яваа буянтай үйлсийн өргөөний эзэд бол Монгол Улсын “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвийн хамт олон юм. Санаж сарвайх ар гэр, эцэг, эхгүй хүүхдүүдийг асран хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд  хүргэхийн төлөө чармайн хедөлмөрлөж өдийг хүрсэн тус төвийг анх 1974 онд тухайн үеийн Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр байгуулж байжээ. Өдгөө тус төвд 2-18 насны 180 гаруй хүүхэд сурч хүмүүжиж, амьдарч байна. Энэ хугацаанд хичнээн олон хүүхдийг амьдралын их замд үдэж мордуулсныг тооцвол багагүй тоо гарах биз. Гэвч сүүлийн үед амьдралын аргагүй шалтгаанаар хүлээж авсан 1.6 настай балчир, тусгай асаргаа шаардах 20 орчим хүүхэд, тэр байтугай хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүд ч хамт амьдрах болсон нь бусдадаа хүндрэл учруулж, хэвийн байдлыг алдуулахад хүрсэн байна. Тус төвд саатах хэсэгхэн хугацаанд ирэх жил сургуулиа дүүргэх ч сэтгэцийн өөрчлөлтийн улмаас уйлж бархирсан өсвөр насны охинтой таарлаа. Хэнтэй юу ярихаа ч мэдэхгүй, сааталд байнга ордог нэгэнтэй ч уулзлаа. Үнэндээ маш хүнд, хэцүүхэн орчныг нүдээр харж, чихээр сонссон. “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвийн захирал М.Өлзийчимэг болон удирдлагын баг энэ байдлыг холбогдох газруудад танилцуулж, улсын хэмжээний асрамжийн тусгай төв болгон өргөжүүлэх саналаа удаа дараа хүргүүлсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ жилийн зургаадугаар сарын 1-нд эх үрсийн баяраар тус төвд зочлохдоо бодит дүр зургийг нүдээр үзэж танилцаад төвийн шинэ барилга барих хөрөнгийг  улсын төсөвт суулгуулахаар амласнаа биелүүлж, гурван тэрбум төгрөгийг шийдэхээр болжээ. Гэтэл “сайн юманд садаа мундахгүй”-н үлгэрээр “Өнөр бүл” төвийн мэдэлд байж, шинэ барилгаа бариулахаар төлөвлөсөн газрыг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрынхан булаацалдаж эхэлжээ. Тухайн газрын талаарх түүхийг товчхон өгүүлье. Баянзүрх дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт орших 2.2 мянган ам метр газарт уг нь “Өнөр бүл” төвийн ногооны зоорь байрлаж, хүүхдүүд хөдөлмөр амралтын зусланд амрахдаа тордож ургуулсан төмс, хүнсний ногоогоо намар нь хурааж өвөл, хаврын турш хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Энэ нь 1982 оноос эхэлсэн ажил. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш зоорийг ашиглахаа больсноос хэсэгтээ эзэнгүй мэт орхигдож, дээвэр нь нурж унасан байна. Үүнийг тухайн үеийн албан тушаалтнууд овжноор ашиглаж, дүүргийн мэдэлд авахаар санаархсан ч “Өнөр бүл”-ийнхэн шүүхэд хандсанаар нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 04 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны наймдугаар сарын 5-ны өдрийн А/386 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. Ийнхүү өөрийн эзэмшлийн газраа хамгаалж үлдлээ гэж бодож байтал Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах цэцэрлэг барих нэрийн дор мөнөөх газар руу дайрч эхэлжээ. “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвийн удирдлагад албан бичиг ч ирүүлсэн байна. Түүндээ “…Газрын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн дахин нягтлан судалж, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн алины эрх ашгийг хохироохгүйн үүднээс “цэцэрлэг” барихад шаардлагатай газрыг төлөвлөж, дахин шинээр захиргааны акг гаргах ёстой” гэсэн сүржин үгтэй, албан тушаалаараа далайлгасан агуулгатай бичиг ирүүлсэн байна. Энэхүү албан бичгээ “Мэдэгдэл хүргүүлж, санал авах” тухай хэмээн тодорхойлсон ч “Өнөр бүл”-ийнхний саналыг огт сонсохгүй байгаа юм билээ. Хүүхдийн цэцэрлэг, асрамжийн төв хэдийгээр адилхан л ирээдүй хойчийн төлөө хийх гэж буй ажил, бүтээн байгуулалт боловч аль нь илүү чухал болохыг дэнслэхээсээ илүү тухайн хорооны хүүхдүүдийг цэцэрлэгээр хангаж, оршин суугчдад нэр нүүр олох нь өөрт нь хэрэгтэй гэж Т.Баясах дарга тооцоолсон бололтой. Энэ багахан газрыг эрхийнхээ дагуу дангаараа эзэмшиж, тусгай асаргаа шаардсан, төрөлхийн саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн цогцолбор төв байгуулчихвал нэг хорооны бус Монгол Улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт, буянтай үйл болно гэдгийг М.Өлзийчимэг захирал онцолж байсан. Бусад улс орны туршлагаас харахад ч тийм байдаг юм билээ. Тухайн төвд өсч бойжсон хүүхдүүд тэндээ ерөнхий боловсролын төдийгүй тусгай мэргэжил (өөрсдөд нь тохирсон) эзэмших нөхцөл бололцоог хангаж, үйлдвэрлэлийн жижиг цех, дадлагын газар ч байгуулсан байхыг Солонгост үзэж танилцаж байлаа. М.Өлзийчимэг захирал болон тэдний хамт олон ийм л том зорилго, хүсэл мөрөөдөлтэй ажиллаж байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах алга дарам газраас нь булаацалдаж, албан тушаал, эрх мэдлээрээ далайлгаж байгаа нь хэр зохистой вэ. Уг нь тэдний энэ санал санаачилгыг Монгол Улсын Ерөнхий  сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх сайшаан дэмжсэн төдийгүй Засгийн газрын 2018 оны зургаадугаар сарын 6-ны хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн хөгжлийн төвийн дэргэд сэтгэцийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамж халамжийн төвийн барилга барихад шаардагдах 3 (гурван) тэрбум төгрөгийг 2019 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт үүрэг болгосон. Түүний дараахан Ерөнхий сайдын шийдвэрээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих агентлагийг тусгайлан байгуулсан нь хувь дутуу иргэдийнхээ сайн сайхны төлөө, тэднийг бусдын адил ажиллаж амьдрах итгэл найдварын галыг бадраахын төлөө төр, засгаас анхаарч эхэлсний тод илрэл гэж олон нийт сайшааж байгаа билээ. Тэдний нэг хэсэг нь “Өнөр бүл” асрамжийн төвд өнөөдөр хүмүүжиж, амьдарч байгаа хүүхэд багачууд юм. Энэ хүүхдүүдийг өөрийн ам бүл дотроо эцэг эх, өвөө эмээгийнхээ дулаан гар, халуун сэтгэлд бүүвэйлэгдэн өсч бойжиж буй элэг бүтэн үрстэй нь адилтгаж бүү үзээсэй гэж Баянзүрх дүүргийн удирдлагаас хичээнгүйлэн хүсч байна. Тэд бүгдээрээ л Монголын маргааш шүү дээ.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих