ХЯТАД-АФРИКИЙН ХАРИЛЦАА ХААШАА ЧИГЛЭХ ВЭ

pn2hgj6gdj9kbrnn35co7eq9f_bГурван жил тутамд зохион байгуулагддаг “Хятад-Африкийн“ форум эхэллээ. НҮБ-д бүртгэлтэй Африк тивийн бүх улсуудын төр, эдийн засгийн салбарын тэргүүлэгчид энэхүү форумд оролцохоор Бээжинд хүрэлцэн иржээ. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард тусгаар тогтнолоо зарласан Эсватини Улс Тайванийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрсний улмаас БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоогүй гэсэн шалтгаанаар өнжиж байна.


Сүүлийн үед Африк тивд хөрөнгө оруулалт хийж, тус тивийн улс орнуудтай хамтран ажиллах нь ихэссэн БНХАУ-ыг бусад гүрнүүд сэжиглэнгүй харах болсон. “Нөлөөгөө тэлэх зөөлөн хүчний бодлого баримталж байна” гэх тайлбар өгөх хэсэг байхад зарим талуудаас “Шинэ маягийн колоничлол хийж байна” хэмээн шүүмжилж байгаа уг явдалд БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн байр сууриа илэрхийлж, тайлбар өгөв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “БНХАУ-ын үзүүлж буй тусламж, санхүүжилт “баярхал, хоосон хийрхэл” биш, харин Африк тивийн хөгжлийг тушаад буй дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилготой” гэжээ. Түүнчлэн тэрбээр хятадын компаниуд орон нутгийн иргэд, байгаль орчинд хүндэтгэлтэй ажиллаж байгааг онцолсон байна.
Форумыг урьтан Ши Жиньпин Хятад, Африкийн төрийн удирдлагууд, бизнес болон аж үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчидтэй хийсэн дээд түвшний уулзалтын үеэр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ Африк Хятадын нөхөрлөл урт хугацааны хамтын ажиллагааны дүнд тогтсон гэдгийг дурдаад хятадын хөрөнгө оруулалт улс төрийн зорилго агуулаагүй болохыг тэмдэглэсэн байна.
Ши Жиньпин:
-Хятад Африкийн дотоод хэрэгт оролцдоггүй мөн өөрсдийн хэргийг тулгадаггүй. Хөгжлийн туршлагаа хуваалцаж, Африкийн сэргэн мандалт, хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн тусламжийг хүргэх нь бидний хувьд чухал. Одоогийн байдлаар БНХАУ-ын хамтын ажиллагаа Африкийн хөгжлийг тушиж байгаа дэд бүтцийн асуудалд онцгойлон анхаарч байна. Бидний хамтын ажиллагааны нөөц баялаг үр шимгүй, хий хоосон төслүүдийг огтхон ч санхүүжүүлээгүй. Харин эсрэгээр хамгийн ихээр шаардлагатай байгаа төслүүдэд чиглэж байгаа.
Хэдийгээр хятадын талаас “өрөөр барьцаалан занганд оруулах” асуудлыг үргэлж үгүйсгэсээр ирсэн ч БНХАУ-ын дарга Африкийн удирдагчид нэг дор чуулж буй энэ боломжийг ашиглан санхүүгийн шинэ бодлого танилцуулах төлөвтэй байна. Гурван жилийн өмнөх форумын үеэр 60 тэрбум ам.долларын амлалт бүхий төсөл танилцуулж байсан билээ.
Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд олон асуудал хөндөгдөж, шүүмжлэл дагуулсаар байгаа. Хятадын удирдлагууд хэрэгжүүлж буй төслүүдийг тогтвортой, цаашид үргэлжлэх ирээдүйтэй байлгахад илүү анхаарч ажиллах болно хэмээн амлалт өгсөн. Харин тэд Африк тивд дэд бүтцийн хөгжил зайлшгүй чухал учраас өрөөр санхүүжүүлсэн ч хамаагүй гэсэн байр суурьтай байгаа юм. Бээжин өөрсдийн нүсэр зах зээлийн эрэлт хэрэгцээнд шаардлагатай нөөц баялгийг л ашиглах сонирхолтой. Харин энэхүү ашиг сонирхлын дагуу хэрэгжүүлж буй төслүүд байгаль орчинд хохирол ихтэй тусч байгаа гэнэ.
БНХАУ-ын талыг шүүмжилж буй бас нэгэн асуудал байгаа нь ажиллах хүчний асуудал. Африкийн хөгжил дэвшил, тогтвортой байдалд үнэхээр л анхаарч байгаа юм бол яагаад Африкийн ажиллах хүчнийг ашиглалгүй өөрсдийн ажилчдыг олон тоогоор авчирч байна вэ гэх асуулт БНХАУ-ын эрх баригчдад нэгийг бодогдуулж байгаа нь лавтай.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээрх асуудалд чиглэсэн хариултыг ч өгсөн байна. Тэрбээр Африкт үйл ажиллагаа эрхэлж буй хятадын бизнесийн удирдлагуудад нийгмийн хариуцлагадаа ухамсартай хандаж, хөрөнгө оруулалтаа орон нутаг, иргэдийн сайн сайханд чиглүүлэхэд анхаарах ёстойг онцолжээ. Тэрбээр хэлэхдээ “Манай бизнес эрхлэгчид орон нутгийн соёл, уламжлалд хүндэтгэлтэй хандахаас гадна нийгмийн хариуцлагаа гүйцэтгэнэ хэмээн найдаж байна. Түүнчлэн байгаль орчин, нөөц баялгийн тухайд илүү анхааралтай хандаж, орон нутгийн иргэдийг мэргэжилтнээр бэлтгэн ажиллуулж, амьдрал ахуйд нь бодит дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна” хэмээн юм.
Энэ жилийн дээд хэмжээний уулзалт Ши Жиньпиний “Бүс ба зам” санаачлага дахь Африкийн үүрэг, нөлөөллийг бэхжүүлнэ гэдгийг хятадын холбогдох албаныхан хэлж байна. “Бүс ба зам” төслийн дагуу хуучин “Торгоны зам”-ын загварт суурилсан шинэ загвараар Ойрхи Дорнод, Европ, Африк тивүүдтэй БНХАУ далай болон газраар, дэд бүтцийн шугамаар холбогдоно. Харин энэ төслийн хүрээнд Ши Жиньпин 126 тэрбум ам.доллар төсөвлөөд байгааг дуулгасан байна. Ингэснээр Африкт шинээр барилга байгууламж барих, нөөц бий болгох, улмаар зах зээлийнхээ хүрээг хамтарч өргөжүүлэх боломжийг илүү өргөн хүрээнд нээж өгч байгаа гэнэ.
Вашингтон дахь Жон Хопкинсийн Их сургуулийн Ахисан түвшний олон улсын судалгааны төв дэх Хятад Африкийн судалгааны өгөгдлөөс үзэхэд 2000-аас 2016 оны хооронд БНХАУ Африк тивд 125 тэрбум ам.доллар зээлдүүлсэн байна. “Барууныхан” БНХАУ-ын Африкт гүйцэтгэж буй үүргийг өрөөр занганд оруулж байгаа мэтээр тайлбарлаж байгааг хятадын хэвлэл мэдээлэл үгүйсгэж “Хятадтай хамтарч ажиллах нөхцлүүдээ Африкийн улсууд өөрсдөө маш сайн мэдэж байгаа” гэжээ.
Бээжинг зорьж буй томоохон нэрнүүд дунд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Египетийн Ерөнхийлөгч Абдел Фатта Аль-Сиси, Замбийн Ерөнхийлөгч Эдгар Лунгу болон Габоны Ерөнхийлөгч Али Бонго нар багтаж байна. Мөн зочдын дунд нэлээд “асуудалтай” хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Тухайлбал, Суданы Ерөнхийлөгч Омар Аль-Баширийг энд дурдъя. Тэрбээр 2003-2008 оны хооронд Суданы Дарфур мужид дайны гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаар Олон улсын гэмт хэргийн шүүхэд эрэн сурвалжлагдаж буй нэгэн юм. Судан Улсын засгийн эрхэнд 30 орчим жил ганцаар ноёрхсон түүнд хандаж Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Судан Улсын дотоод хэрэгт гадны хүчин нөлөөлөх ёсгүй” хэмээн хэлсэн байна. Цухас дурдахад, Олон улсын гэмт хэргийн шүүхэд БНХАУ хамаардаггүй юм.
Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунюнь “Суданы Ерөнхийлөгчийг баривчлах Олон улсын гэмт хэргийн шүүхийн шийдвэрээс гадна бусад шийдвэрүүдэд БНХАУ үргэлж анхаарал хандуулсаар ирсэн. Одоо энэхүү асуудалд Олон улсын гэмт хэргийн шүүх хянамгай хандана хэмээн найдаж байна” гэжээ.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих