ИЗН эрээвэр хураавар нөхдийн цуглуулга болж дууслаа

Улсын Дээд шүүхэд дөрөвдүгээрт бичигддэг нам хэмээн цээжээ дэлд­дэг ИЗН эрээвэр ху­раавар нөхдийн цуг­луулга болж дууслаа.
Хамгийн сүүлд л гэхэд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл гишүүнээр элсэж, улстөрийн гараа­гаа эхлүүллээ. Энэ нэрсийн жагсаалт С.Дэм­бэрэлээр төгсөхгүй цаашдаа уртаас урт үргэлжилнэ. Ерөөсөө л эмэгтэй намын даргатай учраас ийнхүү хайрлан дурлаж, ханилан нөхөр­лөж, эвсэж нийлэх нь алга урвуулахын хооронд байдаг гэдгийг ИЗН-ын дарга С.Оюун улстөрийн амьдралаараа харуулж байна.
Тус намаар дамжиж улстөрд ороогүй улстөрч байхгүй гээд бодоод үзэхэд улстөрчдийг бэлт­гэдэг дамжааны нам гэж нэрлэхэд хилсдэхгүй. Ямартай ч байгуулагдсанаасаа хойш нам гэхэд намын статусаар үйл ажиллагаа явуулахгүй хаалга савж орж, гарсан хэдэн хүмүүсийн түр зуурын орогнох газар болж, хэдий болтол оршин тогтнох юм, бүү мэд.
2000 онд Ерөнхий сайд асан С.Баярын са­наачилгаар бай­гуулагдсан гэх тус намыг МАН-ын ха­лаасны нам гэдэг нь хий хоосон хардлага биш гэдгийг улстөрийн хүрээнийхэн шивэр авир хийдэг.
ИЗН гэж байгуулчихаад АН-аас өрх тусгаарласан гишүүдээс өөрөөр олонд танигдсан лидергүй арга ядсан хэдэн хүнийг цуглуулдаг газар болж хувирсан.
Ямартаа л иргэний хөдөл­гөөний О.Магнай, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Чимгээгийн нөхөр М.Чойдорж, Онцгой байдлын сайд асан С.От­гонбаяр гэхчилэн ИЗН-ын намын батлах өвөртлөгсөд 35 үсгийн дарааллаар жагсаах урт нэрсийн дараалал цувардаг. Гэвч тэд энэ намыг нэг удаагийн бээлий шиг ашиглаад хаядаг нь нууц биш. Эдгээрээс ИЗН-ын батлах өвөртөлж, ХЭГ-ын дарга болсон О.Магнай Украины улбар шар хувьсгалыг хуулбарлах гээд амжилт ололгүй өдгөө АН-д толгой хоргодох болсон нь бас л улстөрийн шийдвэр гаргаж чаддаггүй, иргэний зориггүй намын даргаас болсон гэдэг. Намын даргаас намын хувь заяа маш их шалтгаалдаг.
Мөн ИЗН намуудыг татан буулгаж, нэгтгэх сонирхолтой гэдгээрээ улстөрийн хүрээнд харин ч эр­чимтэй үйл ажиллагаа явуул­даг, энэ чиглэлээр даг­насан нам. Аль 2002 оноос эхтэй дээрх үйл ажил­лагаа Монголын Бүгд най­рамдах намыг татан буулгах ажлаар эхэлж, Эх орон-Ардчилал эвсэлтэй нэгтгэж байсан бол 2008 оны сонгуульд ИЗН Монголын Үндэсний эв нэгдлийн намыг нэгтгэсэн. Өдгөө Ногоон намыг урвуулах ажилд нь Улсын Дээд шүүх зөвшөөрөл өгөөгүйн улмаас бүтэлгүйтсэн. Ерөнхийдөө жижиг гэдэг намуудыг татан буулгах хобби нь бас нөгөө талдаа МАН-ын тоглоомоор байгуулагдсан нам гэдгийг нь ч батлаад өгөх шиг. Олон жижиг намыг салгаж нийлүүлснийхээ ачаар 2004-2005 онд УИХ-ын дэд даргын, УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн даргаар ажилласан МАН-ын тоглоомын нам болж, АН-ын саналыг хуваах гэж сонгуульд оролцдог гэж нэр хоч зүүх нь ИЗН-ын дарга С.Оюунд тийм ч сонин биш бололтой.
Ер нь эцсийн дүндээ эмэгтэй намын даргатай болоод ч тэр үү бусад намтай эвсэж нэгдэх сонирхол хэтэрхий давамгайлдаг. Мэдээж хийх хүч нь хүрдэггүй учраас ингэж хүч хавсардаг биз хэмээн бодогдохоор. Гэвч эвсэж нийлээд ялснаасаа ялагдсан нь олон бий. Жижиг хэмээх тодотголтой улстөрийн хүчнүүд ИЗН-д хамаг хүчээ өгөөд өөрсдөө хоосон гуяа ганзагалаад буцдаг. Ер нь ИЗН-ын дарга С.Оюунтай нэгдсэн нөхөд сонгуульд өвдөг шорооддог нь хууль болжээ.
Харин С.Оюун удаа дараагийн сонгуульд жижиг намуудын нэгдэл дундаас УИХ-д сууж амташчихсан иргэний зоригтой, амиа бодсон дарга.
С.Оюун хатагтайн Д.Энхбатыг Ногоон намтай нь урвуулах төлөвлөгөө нэг хэсэг газар авсан. Гэвч энэ нь талаар болж Д.Энхбат нь нам ч үгүй үлдсэн. Харин Ногоон намын том дарга Д.Энхбат ИЗН-д элсэж онигоотлоо.
Ер нь бүсгүй хүний үс урт, ухаан богино байдаг гэлцдэг. Тэгвэл С.Оюун дарга дэндүү сэргэлэн бүсгүй аж. Тэрбээр хэдэн эрчүүдийн толгойг эргүүлж, эцэст нь ганцаараа УИХ-д сонгогддог туршлагатай гэдгийг мартаагүй л байлтай.
Ганц гишүүнтэй “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын нам яалаа. Энэ хувь заяа ганц гишүүнтэй нам болох МАХН, ИЗН-ыг тойрохгүй л болов уу.
Намын дарга нь ардчил­сан аргаар сонгог­доогүй, ганц дарга нь дээшээ гардаг намууд хол явдаггүйг харуулж байна. Ерөнхийдөө ирэх сонгуулийн дараа ганц С.Оюун УИХ-д сонгогдож магадгүй. Харин бусад горьдогсод нь С.Оюунд намаа зарж, тоглуулаад дуусах байх.
МАН, АН хоёр дөрвөн жил хамтарч төр барьсан. Энэ үед сөрөг хүчний орон зай үнэхээр их үгүйлэгдсэн. Өдгөө ИЗН энэ орон зайд тоглохыг оролдож байгаа бололтой. Гэвч өнөөдөр ИЗН-аас илүү мэндлээд жил ч болоогүй МАХН сөрөг хүчний дуу хоолой болж байна.
Эмэгтэй намын даргатай нам урагшилдаггүй гэдгийг ИЗН-ын дарга С.Оюун олон жилийн туршлагаараа харуу­лаад амжлаа. Зүйр­лүүлж хэлэхэд зөөлөн чих­рийн цуглуулга шиг энд тэндхийн улстөрч нэр зүүх сонирхолтнуудын цуг­луул­гаар намаа дүүргэхийг л чухалчилдаг.
Намын гэхээр үйл ажиллагаа явуулж, эрүүл саруул бодлоготой гэдгээ таниулах ажил огт хийдэггүй. Зөвхөн өдөр бүр салж, нийлдэг гэр бүл шиг “наманцар”-ыг гал алдуулахгүй байх нь түүнд юу юунаас илүү чухал. Гэвч эрээвэр хураавар хүмүүсийг намдаа нэгтгэж батлах гардуулахаас өөрөөр тус нам клиник үхэлд орчихоод байна гэдгээ даанч мэдэхгүй суугаа бололтой.
Үнэн хэрэгтээ ИЗН улстөрийн намын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж нийг­мийн сэхээтнүүдийг намдаа олноор татан оруулбал энэ нам босоод ирнэ. Эс тэгвээс түүхэнд нэрээ үлдээсэн болж, Улсын Дээд шүүхэд дөрөвдүгээрт бичигддэг нам гэж цээжээ дэлдэх нь учир дутагдалтай.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих