Заамарт дайн болж байна
Заамарыг там болгож таргалж язартлаа баяжсан нь хэн бэ? Улсын Ерөнхийлөгчөөр хэд нь сонгогдож, УИХ-д хэд нь сууж, засагт хэд нь заларч, зайнаас залуурдаж буй нууц ноёд нь хэн байна. Үнэнийг илчлэх цаг болсон. Өдөрт л нэг хүн үхэж үрэгдэж үнэнийг нууцгааж байна. Энд мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт ирээд ч шал мөргөөд л буцдаг гэх. Өөрөөр хэлбэл эднийг Монголд хууль бол дийлэхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл Төв аймгийнханыг түмэн жил захирч байгаа МАН-ын дарга нар түүн дундаа төр засгийн тэргүүлэх байранд суугаа эрхэмүүдийн нэрс дуулдана. Уулзсан хүмүүс М.Энхболдын эзэмшил нутаг гэх. Бүр нэр устай нь дурьдаж хэлэв. Байгалмаа захиралтай Илд Гоулд бол Нямаагийн Энхболдын уурхай гэх. Өөрөө дээрээс нь удирддаг. Сонгуульд оролцох гол мөнгө эндээс босдог гэж иргэд хэлэв. Тэр нь газар ухаж гайг даллаж олон жил олон ч дарга хөлжиж, одоо уух ус унтах газаргүй туйран үүсгэж түмэн олон зүдэж байгааг #ТөрсөнНутагТүшихӨв төслийн багийн дуран авайд буув. “Төлсөн Авсанаа Нийтэл” буюу “ТАН” иргэний нийгмийн байгууллагуудын эвслээс уурхайгаас ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил болгохоор 20-иод жил үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Тэд “Олборлох салбарын ил тод байдал санаачлага”-д 2006 онд нэгдсэнээр Монгол Улсын уул уурхайгаас ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийг 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд ил тод болгохоор ажиллаж байгаагаа зарласан. Улс төрд нөлөө бүхий, уул уурхайн салбарт хамааралтай гэх төрийн өндөр албан тушаалд өмнө болон одоо ажиллаж байгаа хүмүүс, УИХ-ын 76 гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон шийдвэр гаргах түвшний нийт 175 хүнд ил захидлыг олон улсын стандартад нийцсэн маягтын хамт илгээсэн байна. Үүний хариуг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг нар захидлын хариуг ирүүлж “Бид бенефициар өмчлөгч биш” гэж бусдыгаа манлайлан оролцож, хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.
URL: